Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ариунболд: Улаанбуудайн мөнгөн урамшууллыг өнөөдрөөс олгож байгаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
 

Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд өнөөдөр хаврын тариалаптын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨУҮГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдөр та бүхэнд хандан ХХААЯ-наас хэрэгжүүлж буй гурван ажлын талаар мэдээлэл өгнө. 

Нэгдүгээрт, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Засгийн газраас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 224 дугаар тогтоолыг баталсан.

Энэхүү тогтоолоор газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гарсан.

Уг тогтоол гарснаас хойш ажлын тав хоногт багтаан тогтоолын 1-4 дүгээр зүйлд заасны дагуу “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулан, дүрэм, хөтөлбөрийг батлаад байна.

Одоогийн байдлаар тариаланчдад 50 тэрбум төгрөгийн зээл олгох ажил эхлээгүй байгаа нь Сангийн яамнаас уг зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргаж өгөөгүй байгаатай холбоотой.

 

Хоёрдугаарт, Тариаланчид үрийн буудайгаа авч эхлээд байна. "Газар тариалан холбоо"-ны гэх хэсэг хүмүүсийн хуурамч мэдээлэл болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хууль бус дүгнэлтийн улмаас үрийн буудайн борлуулалт 10 хоног саатаад байсан. 

Тэгвэл үрийн буудайг шинжилсэн гааль, МХЕГ-ын төв лабораторийн дүгнэлт гарснаар үрийн буудай хаврын тариалалтаас өмнө тариаланчдад нийлүүлэгдэх боломжтой болж, тариаланчид үрийн буудайгаа авч эхэллээ.

Гуравдугаарт, Улаанбуудайн мөнгөн урамшууллыг өнөөдрөөс олгож байгаа.

14 аймгийн 64 сумын 610 аж ахуйн нэгж, иргэний гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 111.8 мянган тонн хүнсний улаанбуудайд 5 тэрбум 591 сая 482 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Урамшууллын санхүүжилт хийгдэж эхэлсэн" гэлээ.