Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн нүүрсний давхаргын метаныг ашиглах ТЭЗҮ хийх гэрээ байгууллаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавантолгойн нүүрсний давхаргын метаныг ашиглах Техник эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ хийх хамтарсан судалгааны гэрээг “Эрдэнэс Метан” ХХК, “Элгэн” ХХК болон БНСУ-ын Когаз корпораци хооронд байгууллаа. Уг гэрээнд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо, “Элгэн” ХХК-ийн Ч.Цогтбаяр болон БНСУ-ын Когаз корпорацийн Судалгааны институцийн захирал Хо Же Ёнг нар гарын үсэг зурав. 

Тавантолгой ордын метанын бодит нөөцийг тогтоох нь асар их хөрөнгө мөнгө шаардсан, эрсдэл өндөртэй төсөл юм.

Когаз корпораци нь Эрчим хүчний Яаманд Нүүрсний давхаргын метан ашиглах Мастер төлөвлөгөө боловсруулах санал ирүүлснийг судалж, дэмжсэний хүрээнд Тавантолгойн ордод Нүүрсний давхаргын метаныг ашиглах нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах хамтарсан судалгаа хийх гэрээг ийнхүү байгуулсан байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нүүрсний давхаргын метан /НДМ/-ын хөгжлийн түүхээс:

  • 2008 онд АНУ-ын Байгаль хамгаалах агентлагаас зохион байгуулсан ОУ-ын хурал дээр Америкийн судлаачид Монгол Улс 17-43 триллион шоо метр НДМ-ийн нөөцтэй байх боломжтой хэмээн зарласан. 
  • 2009 онд Монголын эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэг Энэтхэг Улсын Шинэ Дели хотод болсон ОУ-ын хуралд Монголын НДМ-ын зарим судалгааны дүнг хүргэснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон.
  • 2011 оны 6 сард Эрдэс баялаг эрчим хүчний яам, Австралийн Голден Хорд компани болон Монголын эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэг хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, судалгааг эхлүүлсэн.
  • 2014 оны 2 сарын 13-нд Монголын ЗГ-ын холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК, Австралийн Голден Хорд компанийн хооронд Тавантолгойн нүүрсний ордын метаны потенциалыг судлах Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж Нордик Геоложикал Солюшн компанийн хамтаар 3 сарын судалгаа явуулж ордын метаны таамаг нөөцийг тогтоосон. 
  • 2014 оны 2 сарын 14-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, БНСУ-ын Когаз корпораци, “Элгэн” ХХК  хооронд Хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэж, тодорхой ажлуудыг хийснээр 2015 оны 8 дугаар сард Метан хий олборлох анхны туршилтын үйлдвэр ажиллаж эхэлсэн.
  • 2015 оны 12 сард Австралийн Голден Хорд компани Газрын тосны газартай Номгон 9 талбайд эрлийн гэрээ байгуулан эрлийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажил ирэх 5 дугаар сарын дундуур дуусах төлөвтэй байна.

2016 оны 2 сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Метан” ХХК байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ компанийн зорилго нь эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулалт татах замаар Тавантолгой болон бусад ордын нүүрсний давхаргын метаны нөөцийг тогтоох, дараагийн шатанд метаны олборлолтыг эхлүүлж УБ зэрэг хот суурин газрын агаарын бохирдлыг шийдвэрлэх, цаашид Монгол Улсыг хий экспортлогч орон болгох юм.

Монгол Улсын шинэчлэн найруулсан Газрын тосны хуулийн дагуу Нүүрсний давхаргын метантай холбоотой үйл ажиллагаа нь Эрлийн гэрээ байгуулж судалгаа хийх, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан Хайгуул, Олборлолт явуулах гэсэн дарааллаар явагдах ёстой.

Түүнчлэн эдгээр ажлууд нь нарийн мэргэшсэн хүний нөөц болоод тусгай зориулалтын техник, технологийг шаардах юм.