Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид 8,000 га газрыг цэцэрлэгжүүлбэл ОЙ МОДОНД амьдрах болно"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Удахгүй хаврын улирал дуусч, зун биднийг угтана. Зун болохоос өмнө хашаандаа, зусландаа, байрныхаа гадаа мод, цэцэг тарих юмсан гэж бодож буй хүмүүст хэрэгтэй мэдээллийг хүргэе.

 

Цэцэрлэгжилт ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Ө.Магсаржавтай цэцэрлэгжүүлэлт хийхээс өмнө юунд анхаарах хэрэгтэй, насжилт, ач холбогдлын тухай ярилцлаа.

Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн үед амины орон сууц, хотхонууд их сайхан тохижилттой болсон. Гэхдээ доторх тохижилтоо сайн анхаарахгүй байгаа мэт санагдаж байгаа.

Мод тарих нь өөрөө урлаг. Хүн мод тариад, арчлаад ирэх тусам баярлаж, модтойгоо ярилцаж эхэлдэг.

Бидэнд цэцэрлэгт хүрээлэн, сандалтай, сүүдрэвчтэй, тоглоомын талбай байх хэрэгтэй. 

Цэцэрлэгжүүлэлт хийхээс өмнө: 

  • Модны биологи, хэзээ цэцэглэх, ямар өнгөтэй болж өөрчлөгдөх зэргийг мэдэх нь чухал.
     
  • Ирээдүйд ийм өндөртэй, ийм жимс өгөх боломжтой эсвэл гоёлын болон амьжиргаанд хэрэгтэй эсэхээ тодорхойлсны дараа мод, цэцгээ сонгох хэрэгтэй. 
     
  • Арчилгааг нь бодох хэрэгтэй. Тухайлбал хэлбэржүүлэх шаардлагатай эсэх,  моднуудаа хэлбэрт оруулах уу гэх мэт.
     
  • Мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах

Цэцэрлэгжүүлэхийн ач тус:

Мод, цэцэг тарих нь хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй. Харин ч агаар цэвэрлэх, тухайн орчныг тансаг сайхан харагдуулах, хүчилтөрөгчийг үйлдвэрлэх, сүүдэрлэдэг орчинг бий болгох гэх мэт олон ач холбогдолтой.

Мод, сөөгний үнэ:

Эдийн засгийн хямрал тулгарсан ч гэсэн модны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Мод, цэцгийн нас, төрлөөсөө шалтгаалан өөр байдаг. Улсын стандартын дагуу 80 см өндөртэй гурван настай суулгац нь дунджаар 1,200 төгрөгөөс 5,500 төгрөгийн үнэтэй. Ингээд бодохоор хайрцаг тамхины ч үнэ хүрэхгүй шүү дээ.

ГРАФИК: 1-3 настай мод, сөөгний үнэ

Мод, сөөг, зүлэг тарих үйлчилгээний үнэ

Тасалгааны цэцэг, цэцгийн мандалын үнэ

Тасалгааны цэцгийн насжилт, арчилгаа нь модтой адилхан. Энэ талаар яривал өнөөдөр дуусахгүй.  

Гоёл чимэглэлийн зорилгоор мод тарих гэж байгаа бол мойл, долоогоно, нохойн хошуу гэх мэт ахуйн хэрэгцээнд буюу амьжиргаанд хэрэгтэй жимсний моднууд тарих нь илүү тохиромжтой. Бидэнтэй холбогдож зөвлөгөө авах боломжтой" гэлээ.

"8,000 га газрыг цэцэрлэгжүүлж чадвал бидний эрүүл ахуйн амьдрал дээшилнэ"
 

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, Биологийн ухааны доктор, Профессор, Дендрологич Б.Чимид хэлэхдээ "Улаанбаатар хотын 20,000 га газарт гэр хорооллынхон амьдардаг.

1990-иэд оны үед нэг хүнд 10-13 метр квадрат цэцэрлэгжсэн талбай ногддог байсан бол одоо 6 метр квадрат ч хүрэхгүй болсон. 

Хүмүүс бүхий л утаа, тоос, бохирдлыг гэр хорооллоос үүсэлтэй гэцгээдэг. Яг үнэндээ энэ бол төрийн бодлогын асуудал юм шүү.

Би 2004 оноос 2010 онд Нийслэлийн хот тохижилтын газарт дендрологич хийж байхдаа "Нэг айл 5-аас доошгүй том мод, 10-аас доошгүй бут, сөөг /жимс намхан мод/ тарих юм бол улсаас урамшуулал олгоно" гэсэн ажлыг өрнүүлж байлаа. Хүмүүс ч идэвхтэй оролцдог байсан. Одоо энэ ажил өрнөж байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Нэг айлын 40 хувь талбай хэсэг нь хоосон байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон. Тэгэхээр 8,000 га талбай хоосон бөгөөд үнэ цэнэтэй газарт тооцогдож байна.

Бид хэрхэн 8,000 га газрыг цэцэрлэгжүүлэх вэ?

Айл бүр амьжиргаанд хэрэгцээтэй чацаргана, монос, долоогоно, интоор, алим авах боломжтой мод тарьж болно. Эсвэл том ургадаг хайлаас, гацуур, шилмүүст модыг тарих хэрэгтэй. Тэгж байж цэвэр агаар ялгаруулдаг хашаа болно.

Ердөө л 2,000-5,000 төгрөгийн суулгац суулгаад, 2-3 жилийн дараа жилд 5-15 кг чацаргана авах боломжтой гэж бодохоор сайхан. Улаанбаатар хотод тарьж болох 40-50 мод сөөг байна. Бүх мод хүчилтөрөгч ялгаруулж байдаг. 

Хүн бүр жилд 20,000 төгрөгийг цэцэрлэгжүүлэлтэд зарцуулж чадвал манай улсын утаа хэдхэн жилийн дотор багасч, улмаар бид ой модонд амьдрах боломжтой болно.

Хаврын мод тарих ажил эхэллээ. Хэдэн метр квадратад тарих гэхээс илүү ямар мод, цэцэг тарих нь чухал.

Айл бүр 5-аас доошгүй том мод, 10-аас доошгүй бут, сөөг /жимс намхан мод/ тариад, өнөөх 8,000 га газрыг цэцэрлэгжүүлж чадвал бидний эрүүл ахуйн амьдрал дээшилнэ" гэлээ.

ФОТО: Нийслэлийн гудамжны цэцэрлэгжүүлэлт /Цэцэрлэгжүүлэлт ХХК хийсэн/