Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс оны эхний улиралд 3.3 сая тонн нүүрс экспортолжээ

Г.Идэр
2016 оны 4 сарын 27
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Сар бүрийн сүүлийн долоо хоногт  зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Уул уурхайн сайд Р.Жигжид салбарын тодорхой асуудлуудаар мэдээлэл хийлээ. 

УУЯ-ны Эрдэс баялгийн бодлогын зөвлөл энэ сарын 14-ний өдөр хуралдаж, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц”-ын талаар хэлэлцжээ.

Дээрх хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох явцад аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлагуудад тулгардаг хүндрэл бэрхшээл, хүнд суртлыг арилгах зорилгоор зарим нэмэлт өөрчлөлтийг тусгасан байна.

Тухайлбал,  Төрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл авахаас өмнө орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас нэгдсэн байдлаар санал авах, тэдний судлах боломжийг нэмэгдүүлэх үүднээс санал авах хугацааг уртасгах, дэмжсэн санал өгөгдсөн тохиолдолд хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг шууд олгох, өргөдөлд дурдсан талбай нь өөр талбайтай хэсэгчлэн давхцвал аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх зэрэг зохицуулалт тусгагджээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 3,915 дугаар олгожээ.  

Өргөдлийн дугаар авсан аж ахуйн нэгжүүдээс 1,580 нь хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2,335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлээд байгаа аж. 

Уул уурхайн салбарын статистик мэдээллийн хувьд 2016 оны эхний 3 сарын байдлаар нүүрс 5.2 сая тонн, алт 1.8 тн, газрын тос 305.2 мянган тонныг тус тус олборлоод байна.

Хайлуур жоншны баяжмал 37.3 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 379.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 133.9 мянган тонн, цайрын баяжмал 21.8 мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ.

Мөн энэ оны эхний 3 сарын байдлаар 412.8 мянган тонн зэсийн баяжмал, 991.7 мянган тонн төмрийн хүдрийн, 2.9 тонн алт, 3.3 сая тонн нүүрс, 303.0 мянган тонн газрын тос тус тус экспортлосон байна.

Зураг