Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Элла Бьорнсдоттир: Монголчууд хүүхдээ зөвхөн багшид даатгаад орхидог юм шиг санагдсан

ikon.mn
2016 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

-"Бяцхан манлайлагч" хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлж байна-

Сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийн талаар АНУ-ын “Франклин Кови” компанийн ахлах зөвлөх Элла Бьорнсдоттиртой ярилцлаа. Хөтөлбөр эхний үедээ буюу 5-6 жилийн дотор 3,000 гаруй сургуульд амжилттай хэрэгжиж байгааг тэрбээр онцолж байна. Айсланд улсын иргэн Элла дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүдэд тэгш эрхтэйгээр суралцах боломжийг олгох, хөгжих бололцоог улам төгөлдөршүүлэх үүднээс "Үр бүтээлтэй  хүмүүсийн 7 дадал" номын философийг хүргэж яваа нь энэ. Боловсролын тэргүүлэх туршлагыг олон улсад түгээн дэлгэрүүлж буй түүнтэй Улаанбаатарт түр ирээд байхад нь уулзсан юм. 

-“Бяцхан манлайлагч” хөтөлбөр цар хүрээгээ улам тэлсээр байна. Дэлхийн хэмжээний боловсролын шинэчлэлийн хөтөлбөр гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Сургуулийн шинэчлэлийн хөтөлбөр маань олон улсын түвшинд амжилттай хэрэгжиж байгаа. Тэр тусмаа дэлхийн 35 орны 3,000 орчим сургууль манай хөтөлбөрийг өөртөө нутагшуулж, үр дүнгийн хүртэж байна.

Хөтөлбөр эхний үедээ буюу 5-6 жилийн дотор дээрх амжилтад хүрсэн. Энэ тоо байнга өсөн нэмэгдэж байна. Албан бус тоогоор дэлхийн 140 гаруй орны боловсролын салбарынхан “Бяцхан манлайлагч” хөтөлбөртэй танилцаж, зарим нь хэрэгжүүлж эхэлсэн. 

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо, дэмжлэг маш чухал. Тэд “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Хөтөлбөр хэрэгжих “эрх” сургуулиас илүүтэй эцэг, эхчүүдийн гарт түлхүү байдаг. Тиймээс тухайн сургуулийн эцэг, эхийн зөвлөл, тэдний төлөөлөлтэй бид үргэлж санал солилцох, хүсэлтийг нь үйл ажиллагаандаа тусгах хэмжээнд явж ирсэн.

Азид гарч байгаа үр дүн нь Европ, АНУ-д байгаагаас дутахгүй, зарим талаараа илүү байх нь бий.

Үүний үр дүнд “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг хамгийн тааламжтайгаар хүлээн авч байгаа хүмүүс бол эцэг, эхчүүд. Энэ нь бидэнд илүү их урмыг өгч байгаа. Монголын гурван сургууль энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Хамгийн эхний жилдээ гэхэд том ахиц. 

-Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Хөгжиж буй эдийн засагтай Монгол Улсын хүний хөгжлийн үзүүлэлт ижил түвшний бусад оронтой нь  харьцуулахад хамаагүй өндөр байдаг. Энэ нь тухайн орны онцлог, давуу талтай нэг талаар холбоотой байх. Бидний зүгээс хөтөлбөр богино хугацаанд үр дүнгээ өгөх орны нэг гэж онцолж байгаа. Аливаа ажилд өөрийн гэсэн цаг хугацаа хэрэгтэй. 

Гэхдээ энэ хугацааг товчлох боломж Монгол хүнд байна. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс, монголчуудын талаар өмнө нь нарийн судалж, мэдсэн. Давуу тал, онцлогт нь тулгуурлахыг бид эрмэлзэж, хичээж байна.

Тухайн орны соёл, ахуйн өв гэдэг бүхэлдээ боловсролын салбарт нь илэрч байдаг. Энэ үүднээсээ “Франклин Кови Монгол” компанитай хамтран ажиллаж байгаа. Азид гарч байгаа үр дүн нь Европ, АНУ-д байгаагаас дутахгүй, зарим талаараа илүү байх нь бий. Хөтөлбөр бүс нутгаас үл хамааран адилхан үр дүнгээ өгч чадна гэдэгт итгэлтэй байна.

 

-Та монголчуудын онцлог, давуу тал гэж тодотгож байна. Бидэнд үнэхээр онцлог гэхээр шинж байна уу?

-Маш товчхон хариулт өгье. Монголчуудад ялгарах гурван онцлог байна. Нэгдүгээрт, ямар ч шинэлэг зүйлийг хүлээж авахад үргэлж бэлэн байна гэдэг дэвшил юм. Хоёрдугаарт, хэрэгцээ шаардлагаа ойлгосон бол ямар ч өртгөөр байсан түүнийхээ үр дүнг бодитой хүртэх гэж хичээдэг.

Үүнээс үзэхэд, монголчууд ч тийм ч их шалтаг тоочдог хүмүүс биш юм байна гэсэн ойлголтыг авсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглах тал дээрээ илүү авхаалж, самбаатай гэсэн үг. Гуравдугаарт, монголчууд аливаа зүйлийг хэрэгжүүлэгч хүмүүс гэдгээрээ өвөрмөц байгаа юм. Тоймлон хэлбэл, зорьсон зүйлээ бүтээж чаддаг онцлог чанар их тод анзаарагдсан.

-Боловсролын өнөөгийн тогтолцоонд ололт бий. Гэхдээ ололтоос илүү таны олж харснаар ямар дутагдал байна вэ?

-Хөтөлбөрийн хүрээнд улсын болон хувийн цөөнгүй сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, сурган хүмүүжүүлэгч нартай нь уулзсан. Хичээлийн хөтөлбөр, агуулгатай дэлгэрэнгүй танилцсан. Үүнээс гадна хүүхдүүдтэй ярилцсан. Эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй мөн уулзсан байгаа.

Монголын боловсролын салбар зарим оронтой адил гэж хэлж болохоор дүн, сурлагын чанарт хэт анхаарсан хэвээр байна. Зөвхөн дүн, сурлагын чанар, түүний үзүүлэлтээр тухайн хүүхдийг дүгнэнэ гэдэг хэтэрхий өрөөсгөл. Энэ байдлыг эргэж харах нь чухал. Хүн болгон ирээдүйд аав, ээж болох нь тодорхой.

Татвар төлнө, ажил хийж, нийгмийн харилцаанд оролцох нь үнэн. 

Татвар төлнө, ажил хийж, нийгмийн харилцаанд оролцох нь үнэн. Хүний хөгжлийг тодорхойлох нэг шалгуур үзүүлэлт нь сурлагын чанар болохоос бүхэлд  нь авч үзэх боломжгүй.

Боловсролын салбар ирээдүйгээ харж, цаг үеэ дагах нь илүү оновчтой. Өөрөөр хэлбэл, хүний хөгжлөө нэг талаар дагана гэсэн үг. Тэгэхээр Монголын хувьд ч гэсэн өөрчлөлт хийх цаг үе нь ирсэн байна. Шинэчлэл хийх амаргүй, гэхдээ хийсэн нь урагшилна.

-Өрсөлдөх чадвар гэх нэршил сүүлийн үед байнга сонсогдох болсон. Хөтөлбөрийн өгөөжийг та маш товчоор тодорхойлж өгнө үү?

-Хүн хувь заяаныхаа “жолооч”, амьдралынхаа эзэн нь байх ёстой. Бие даасан, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Амьдрах чадвар эзэмшсэн байх нь чухал. Нийгмийн ямар ч нөхцөлд шийдвэр гаргах чадамжтай байх учиртай. Ийм хүнийг л бэлтгэхэд манай хөтөлбөрийн зорилго, зорилт оршиж байгаа.

Цаашдаа дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай,  бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана. Хүн өөрөө өөрийгөө авч явах бол өнөө цагийн шаардлага төдийгүй өрсөлдөх чадвартай байхын эхлэл.

Хүүхдийн зөв төлөвшилд анхаарал хандуулах цаг болсон байна. Энэ нь дэлхий нийтийн өмнө шинэ тутам сорилт болчихсон. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн хувьд том асуудал. Үүнийг хамтдаа өөрчлөх, зөв хүн болгоход нь манай хөтөлбөр туслах тэмүүлэлтэй.

Хүмүүжил, хандлага, төлөвшил, мэдлэг таны хүүхдийн ирээдүйг тодорхойлно. Хамгийн энгийн жишээ гэхэд л цагийн зохион байгуулалтаас хувийн ажлын амжилт шалтгаалдаг.

Бид асуудлыг хэтэрхий жижиг, тийм ч чухал бус гэж харж болохгүй. Цөөн хүн амтай, ажиллах хүчний нөөц хязгаарлагдмал Монгол Улсын хувьд нэг иргэн нь 3-4 хүний ажил хийх шаардлагатай болно. Үүнээс ч илүүг амжуулах, бүтээх хэрэг гарна. Хөгжлийн шаардлага ч ийм байна. Дэлхийн иргэн болохын тулд мэдлэгээс гадна харилцааны зөв дадал, амьдралын бүтээмжтэй хэвшилд суралцах хэрэгтэй. Ингэснээр монголчууд өөрсдөө хөгжлөө бүтээх хэмжээнд ирнэ. 

-“Бяцхан манлайлагч” хөтөлбөр эцэг эх, сургууль, багшийн оролцоо, тэдний хөгжилд ч мөн анхаарч байна. Энэ нь танай хөтөлбөрийн стратеги гэж үзэж болох уу?

-Монголчууд хүүхдээ зөвхөн багшид даатгаад орхидог юм шиг санагдсан. Гэтэл хүүхэд гэр бүл, сургуулийн орчин нөхцөл, эргэн тойрноосоо үргэлж суралцаж байдаг. Энэ нь дадал болж үлддэг. “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номын зарчим, ёс суртахуун “Бяцхан манлайлагч” хөтөлбөрт тусгалаа олсон.

Эцэг эх ч мөн адил гэр бүлийн орчинд хүүхдээ хөгжүүлэх, зөв үлгэрлэх шаардлагатай байгаа юм. 

Хүүхэд хөгжих, суралцах орчныг дан ганц сургууль гэж харж болохгүй. Тэгвэл алдаа гарна. Ийм алдааг давтаад байж болохгүй. Багш нар бүхнийг мэддэг гэж дүгнэх нь бас нэг талын ойлголт юм. 

Тухайн багш хөгжих, суралцах, байнга мэдлэгээ зузаатгах шаардлага гарч байдаг. Тэгэхээр сургуулийн орчин багшийг хөгжүүлэх хэмжээнд, багш сурагч нартаа гүехэн бус гүнзгий мэдлэг олгох түвшинд сайтар бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Энэ бол байнгын суралцах, хөгжих үйл явц. Ингэснээр бүтээлч орчин бий болно.

Ийм орчинд ажиллаж байгаа багш илүү бүтээмжтэй, үр дүнтэй ажиллана. Эцэг эх ч мөн адил гэр бүлийн орчинд хүүхдээ хөгжүүлэх, зөв үлгэрлэх шаардлагатай байгаа юм. Энэ утгаараа манай хөтөлбөр сурагчаас гадна эцэг эх, сургууль, багшийн оролцоонд түшиглэж ирсэн. Эцэг, эхээс хүүхдийн төлөвшил, хүмүүжилд үзүүлэх нөлөө маш их байдаг. Үүний чухал хэмжүүр гэж харах хэрэгтэй.

Ярилцлагыг: Б.Баяртогтох