Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн болох багаасаа буюу БЯЦХАН МАНЛАЙЛАГЧ

ikon.mn
2016 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

-Залхаах бус бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлье-

Өрсөлдөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, бие даасан иргэнийг төлөвшүүлэх талаар өнөө бид хамгийн их ярьж, бичиж байна. Энэ нь дунд болон урт хугацаанд өндөр бүтээмжтэй монгол хүнийг олноор хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх эхний алхам. Үр дүнд нь тэмүүлээд буй барууны хөгжлийг богино хугацаанд цогцлоон босгоно гэдэгт итгэнэ.

Азийн хөгжингүй орнууд болох Япон, Өмнөд Солонгос барууны боловсролыг дотооддоо импортолж, тэргүүн туршлага, сургалтын арга зүйд авах, гээхийн ухаанаар хандан өнөөдрийн дүр төрхөө олсон байдаг. Тэдний ололт хөгжлийг нь, амьдралын чанарыг нь тодорхойлж байна. 

Сайн боловсролын эрэлд монголчууд хэдийнэ гарсан. Гэвч түүнийг өөрсдийн онцлогт нийцүүлэн, хуучин тогтолцоондоо хараахан нутагшуулж амжаагүй явна. Энэ нь бидний сул талыг улам тодотгож, зөв монгол хүнийг нийтээр хүсэмжлэх хандлагыг улам хурцлах боллоо. Сурлагын үзүүлэлтээс гадна заавал эзэмших хувь хүний хөгжлийн асуудал энд хөндөгдөж байна.

Үр дүнд нь тэмүүлээд буй барууны хөгжлийг богино хугацаанд цогцлоон босгоно гэдэгт итгэнэ.

Өөрөөр хэлбэл, мэдлэгээс илүүтэй эзэмших ёстой бие даасан чадвар, зөв төлөвшил олж авсан, эсэхээс бидний үр хүүхдүүд ирээдүйд хэн байх нь шалтгаална гэсэн үг. Ийм цаг үед, үүнээс ч илүүг нэхэмжилсэн цаг үе дээр та, бидний хүүхдүүд амьдрах учраас тэр. Тоймлон хэлбэл, амьдрах арга ухааныг багаас нь зааж төлөвшүүлэх, өөрсдөө үлгэрлэх тухай илүү ярилцах цаг нь болжээ. 

Орчин цагт сурлагын үзүүлэлт, шалгалтын оноогоор тухайн хүүхдийг дүгнэх нь өрөөсгөл болж хувирсан. Зөвхөн онооны дүнгээр эрэмбэлэх бус нийгэмд орж ажиллаж, амьдрах нь үнэн болохоор өрсөлдөх чадвар гэсэн багц нэрийн дор ёс суртахуунаас нь эхлүүлэн үнэлж байна. Харамсалтай нь та, бидний боловсрол олж авсан ерөнхий боловсролын сургалтад, цаашилбал их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр дотор ч амьдралд шуудхан хэрэг болохуйц зүйл ховорхон байдаг нь үнэн. 

Гэтэл амьдрал болон ажлын байр биднээс мэдлэгийн өмнө хүнтэй хэрхэн харилцах, өөрийгөө бусдад яаж зөв илэрхийлэх, итгэл үнэмшил гэж юу болох, бүтээлч сэтгэлгээний талаар “шалгалт” авч, оноо өгсөөр. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн даалгавар гэвэл бие даалтыг л аль ч түвшинд одоогоор нэрлэж болохоор. Бидний ой ухаанд гүн суучихсан сургалтын зарим ужиг арга барил, түүний хуучинсаг ойлголтыг орвонгоор нь өөрчлөх хэрэгцээ шаардлага байгаа нь эндээс харагдаж байна.  

Чухал, чухал бус гэж бид өдөр тутмын ажлаа төлөвлөх нь бий. Тэгвэл төдийлэн чухал бус онол, хэрэг болох нь ойлгомжгүй мэдээллээр боловсролын салбар өнгөрсөн хугацаанд “нүдэж” ирсэн тал байдаг. Ийм атлаа өгч буй мэдээллээ мэдлэг болгон хувиргах, батжуулах нь ядмаг хэвээр. Хэрхэн ашиглах талаар хэлж өгөх нь цөөн. Үүнээс болж шинэ бэрхшээл, сорилт тулгарч байна.  Сайн талаа үгүйсгэж болохгүй. Энэ нь муу талаас хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш юм.

Тухайн хүүхдийг залхаах, ядраах бол энгийн үзэгдэл. Энэ нь даамжирсаар хүүхдийг хичээлдээ дургүй, сонирхолгүй болгоход хүргэх нь бий. Бүтээлч сэтгэлгээ чухам үүний аль чөлөөнд нь хөгжих билээ. Ийм байхад шинийг санаачлагч төрнө гэдэг амар бүтэх хэрэг биш бололтой. Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган “Хүүхэддээ ирээдүйгээ төлөвлөх, сонгох эрхийг өгцгөөе” хэмээн уриалсан байна. Түүний санаачилгыг цахим сүлжээнд дэмжсэн нь илүү. 

Тэрбээр том хүүгийнхээ бодит жишээгээр өнөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын систем нэг л болохгүй байгааг гаргаад ирж. “Сайхан ирээдүйг хүлээх бус тэр сайныг бүтээхийн тулд эцэг эхчүүд бид л өөрчлөгдөөд үзье. Яг л энэ агшнаас...” хэмээн О.Эрдэнэбулган бичсэн байна. /Энэ талаарх дэлгэрэнгүй өгүүллийг http://www.trends.mn/n/4211 сайтаас хүлээн авч үзнэ үү. /

Тэгвэл дээрх орон зайг нөхсөн сургуулийн шинэчлэлийн олон улсын хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн байна.

Дэлхийн 70 гаруй орны 3,000 сургууль хэрэгжүүлж буй “Бяцхан манлайлагч” хөтөлбөртэй танилцах завшаан тохиосон тул уншигч тантай энэ талаарх мэдээллээ хуваалцах гэсэн юм. Хөтөлбөрийг манай дотоодын хэд хэдэн хувийн болон төрийн өмчийн оролцоотой ерөнхий боловсролын сургуулиуд авч, өөрсдийн хөтөлбөрт барууны боловсролын тэргүүн туршлагыг амжилттай нэвтрүүлж эхэлсэн байна. 

Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр тухайн сургуулийн хувьд ахиц дэвшил гараад зогсохгүй сурагчдын сурлагын үзүүлэлтэд эрс өөрчлөлт гарч эхэлсэн жишээ цөөнгүй. Энэ тухай өмнө нь нэг бус удаа уншиж байсан болохоор Америкийн боловсролыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болсныг хожим дээрх хөтөлбөртэй холбон ойлгох болсон юм. Үүнээс гадна сурагч бүр зөв хүн болж төлөвших, амьдралын ямар ч хүнд асуудлыг шийдвэрлэх, бэрхшээлийг даван туулах, чадварлаг хувь хүнийг төлөвшүүлэхэд үр дүнгээ өгсөн сэтгэл хөдөлгөм түүхүүд нь дээрх хөтөлбөрийг улам тодотгоно. 

“Бяцхан манлайлагч” нь АНУ-ын Франклинкови компаниас боловсролын сайн туршлага дээр тулгуурлан боловсруулсан сургуулийн шинэчлэлийн хөтөлбөр гэдгээрээ ялгарч байна. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд бүр манлайлагч гэсэн итгэл үнэмшилд тулгуурлан сурагч төвтэй манлайллын соёлыг сургуульд төлөвшүүлэх замаар сурагчдад энэ зууны амьдрах чадваруудыг зааж ирсэн онцлогтой. 

Америкийн шилдэг сургуулиудын нэг болж, нэр алдар нь түгэх болсон А.Б.Комбс сургуулийн захирал Муриель Саммерс 1999 онд сургуулийнхаа амжилтыг ахиулж, сургуулийнхаа жишиг гэсэн тодотголыг авч үлдэхийн тулд эцэг эхийн зөвлөл, бизнесийн салбарын манлайлагчдаас сургуулийг ямар байгаасай гэж хүсэж байгаа талаар асуусан байдаг. Хамгийн сонирхолтой нь тэд нэгэн ижил санаатай байсан бөгөөд тэд хүүхдүүдээ даяарчлалын үйл явцыг дүгнэж, хүнд хэцүү асуудалтай нүүр тулгарсан ч зөв шийдвэр гаргадаг, хариуцлагатай, бусдад санаа тавьдаг энэрэнгүй хүн болж өсөөсэй хэмээн хүссэн байна. 

Сонирхолтой нь тус сургуулийн явуулсан судалгаанд хамрагдсан хүмүүсээс хэн нь ч “Бид хамгийн шилдэг боловсролыг хүсэж байна” гэж хэлээгүй бөгөөд тэд хамгийн чухал нь зөв хүмүүжил, амьдралын суурь чадвартай болох явдал гэж үзжээ.

Энэхүү нэгдмэл санал дээр тулгуурлан Муриель Саммерс Стефен Р.Кови-ийн “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” номон дээр тулгуурласан, боловсролын бусад туршлага дээр суурилсан манлайллын шинэ хөтөлбөрийг сургуульд нь зориулж боловсруулж өгөх хүсэлтийг ФранклинКови компанид тавьснаар дээрх хөтөлбөр эхэлж байсан түүхтэй. 

Хэдхэн жилийн дараа А.Б.Комбс сургууль энэхүү хөтөлбөрийнхөө үр дүнд жишиг сургууль тодотголоо авч үлдэн, түүнчлэн дэлхийд тэргүүлэх гүрний шилдгийн шилдэг сургууль нь болсон төдийгүй тус шагналыг хоёр удаа авсан анхны сургуулиар тодорсон байна. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн удаа та бүхэнтэй хуваалцах болно. Бид үргэлж шинэ зүйлд бэлэн байх ёстой. Энэ нь хөгжиж буй илрэл. Тиймээс сайн боловсролд цаг хугацаа, хөрөнгө, хүчээ зарцуулахаас өөр аргагүй. Ингэснээр бид үр хүүхдийнхээ ирээдүйг илүү сайнаар өөрчлөх болохоор шинэ тутам сэргэг байх нь чухал.

Өгүүллийг: Б.Баяртогтох