Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн ЭРЭЛТЭТ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

~Өдрийн сурвалжлага~

Хаврын тэргүүн сарын шинийн 1-н буюу Цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үеэр хэрэглэгчдийн зүгээс хамгийн эрэлттэй байдаг бүтээгдэхүүнүүд бол цагаан идээ, хэвийн боов, ууц, дээл юм.

Бид Улаанбаатар хотын хамгийн хямд, бөөний үнээр худалдаалдаг гурван захыг сонгож үнийн сурвалжлага хийлээ. Ингэхдээ “Бөмбөгөр” худалдааны төвөөс цагаан идээ, “Хүчит шонхор”-оос хонины ууц, үхрийн өвчүү, “Нарантуул” захаас дээлний үнийг тодруулсан юм.

МАХНЫ ҮНЭ БУУРСАН Ч ХОНИНЫ УУЦ ҮНЭТЭЙ ХЭВЭЭР...
 

Дэнжийн мянгад орших “Хүчит шонхор” захыг зорих худалдан авагчдын тоо хэдийнэ нэмэгджээ. Энд цагаан сарын "ууцны зах" байна гэж хэлж болохоор байв.

Үнийн хувьд дунд зэргийн сүүлтэй ууц 180 мянган төгрөг, жижиг сүүлтэй 80-110 мянган төгрөг, хамгийн том сүүлтэй ууц 270 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Наймаачдаас энэ жил махны үнэ буурсан, ууц хямдраагүй юм уу? гэхэд “Ууц хямдраагүй. Ер нь хямдрахгүй байх” хэмээсэн юм.

Сар шинийн баяраар хонины ууц тавьдаггүй айлууд үхрийн өвчүү сонгодог. Тэгвэл үхрийн өвчүүг энд кг-аар нь үнэлж зарж байна.

Үхрийн өвчүү нэг кг нь 6,000-7,000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Дунд зэргийн өвчүүг тооцуулахад 106,000 төгрөг боллоо.

ХУРГАН ДОТОРТОЙ ДЭЭЛ 1.2-1.4 САЯ ТӨГРӨГ
 

Улаанбаатар хотод орших дээлний хамгийн өргөн сонголттой худалдааны төв бол Нарантуул. Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд энд хөл тавих зайгүй болж, дээл “талх” шиг зарагддаг билээ.

Дээлний үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан байна. Тодруулбал эмэгтэй дан дээл 120-180 мянган төгрөг, эрэгтэй дан дээл 130-280 мянган төгрөг байна.

Харин хос дээлнүүд 300-500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.

Өвлийн хамгийн дэгжин гоёл болох хурган дотортой дээл харьцангуй үнэтэй буюу 1.2-1.4 сая төгрөгөөр зарагдаж байна.

Өнгөний хувьд энэ жил завсрын, мөнгөлөг өнгөнүүд голлон хийгджээ. Мөн ноолуурын цайвар шаргал өнгийн дээл ч эрэлттэй байлаа.

АРХАНГАЙН ААРУУЛ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ
 

Хотын төвд орших хамгийн хөл хөдөлгөөн ихтэй зах бол Бөмбөгөр. Хүнсний бүтээгдэхүүн хамгийн хямд зарагддаг гэдэг утгаар нь хэрэглэгчид Бөмбөгөрийг зорих нь элбэг.

Энд цагаан идээ зардаг хэд хэдэн лангуу бий. Дийлэнх нь гаднаа “Архангайнх” болохыг нь тодотгосон бичиг наажээ. Учрыг лавлахад “Газар газраас ирдэг ч гэсэн Архангайн ааруул, цагаан идээ хамгийн их борлогддог” хэмээн хэлсэн юм.

Энд чихэртэй, бөөрөнхий цагаан ааруул кг нь 10-15 мянган төгрөг, хорхой ааруул 10 мянган төгрөг, хурууд буюу хатуу, чихэргүй ааруул 10 мянган төгрөгийн үнэтэй байна.

Мөн сүүн хурууд 16 мянган төгрөг буюу хамгийн үнэтэй зарагдахаар тавигджээ.

Сарлагийн өрөм дунджаар 7,000 төгрөг, шар тос кг нь дунджаар 12,000 төгрөг байна. Мөн хүүхдүүдэд чихэрний оронд өгч болох чипсэн ааруул кг нь 12,000 төгрөгөөр зарагдаж байна.