Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Муу нүүрт” хэмээх БИЧИН жилийн өнгө

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 9-ний өдөр тохиож буй.

Энэ бичин жил нь самгардиар “Дүрмүха”, төвдөөр “Муу нүүрт”, нангиад хэлээр “вин шин” хэмээх гал бичин жил ажээ. Сударт “Үр тариа чухаг” хэмээн өгүүлсэн байна.

“Муу нүүрт” хэмээх ёгт нэрийн учир, ирж буй гал бичин жилийн өнгийн талаар асууж тодруулахаар Гандантэгчинлэн хийдийн хувраг, зурхайч Д.Цогтбаатартай уулзлаа.

Тэрбээр ёгт нэрийн талаар “Жилийн ёгт нэр бол “муу нүүрт”. Энэ жилийн өнгө нь “Үр тариа чухаг” юм. Энэ нь хур тунадас, хадлан тэжээл, өвс ургамлын гарц тааруу байх талдаа гэсэн үг.

Жилийнхээ өнгийг харахад эрүүл мэнд тал дээр анхаарах хэрэгтэй гэж гарч ирсэн. Санхүү эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, эв эе дунд зэрэг байна.
Зарим хүмүүс бичин жилийн зуд болно гэж яриад байгаа. Энэ жил тэр тал дээр гайгүй. 

“Муу нүүрт” гэдэг нь тухайн жилийн оноосон нэр учраас онцгой, муу утга агуулаагүй. Согтууруулагч гэдэг нь ч согтуураад байна гэсэн асуудал биш.

Энэ жил ерөнхийдөө төр засгаас ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, иргэд мөн адил эрүүл мэнддээ санаа тавих нь чухал” гэдгийг онцолсон юм.

Зурхайд тухайн жилийн өнгийг “хаан гараг”, “жилийн эзэн гарагийн үр”, “түшмэл гарагийн үр”, “цасан чихрийн амт”, “боовны үр”, “шороон үхэр”-ийн зурлага хэмээх арга, билэгдлээр шинжиж, дүрсэлдэг байна. Энэ дундаас “Шороон үхэр”-ийн зурлагыг тухайн жилийн өнгийг тодорхойлогч хэмээн авч үзэх нь түгээмэл юм. 

Доорх зураглалаас жилийн байцыг ажвал:

 

 

  • Нялхаст (түмэн олон) маш сайн, өвгөдөд (өндөр суудалтан) дунд, залууст (дунд суудалтан) муу. Хааны язгуур дэлгэрнэ. Иргэд амгалан тайван, ажил үйлс бүтэмжтэй.
     
  • Гэвч дээдэс бээр улс орноо анхаарахыг огоорох, үймээн самуун; хямрал, тэмцэл их; хулгай дээрэм идэвхжих, хүмүүн нугууд хоосрох нигуур бас буй. Залуу хүний үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх машид сайн.
     
  • Зун, намрын улиралд хур бороо, мөндөр, цас орох магадлал их. Хур цагтаа буух ч дунд зэрэг, газрын шим өгөөж дунд, ерөнхийдөө гандуувтар жил болно. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна, ялангуяа тал нутаг, хөндий, гуу, жалга газар ургац арвин авах шинжтэй.
     
  • Зарим газарт халуун чанарын өвчин гарч мэдэх, салхи, мөндөр, аянга цахилгаан болох. Галын хүч арвижна. Өндөр газар, дээд ихсийн орд харшид галын аюул буй. Морь, үхэр хийгээд малд сайн, хүнд муу байх аж.