Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

БОХХААБХ болон агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдав

ikon.mn
2015 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.07.01/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хоёр дахь хэлэлцүүлэг боллоо.

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Батболд, арьс, ширний урамшуулалд тодорхой мөнгө суусан юм байна, гэтэл хөдөө орон нутгийн малчид энэхүү арьс, ширний урамшуулал 2014 онд ер олгогдоогүй гэх юм. Энэ нь зохион байгуулалтаас болсон уу эсхүл мөнгө нь байгаагүй юу гэсэн асуулт тавив.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш хариулахдаа, арьс, ширний урамшуулалд 2014 онд нийт 20 тэрбум төгрөгийн урамшууллын мөнгө тусгагдсан байгаа. Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол 2012 оны 12 дугаар сард батлагдсан, харин энэ тогтоолд зөвхөн хоршооны гишүүн энэ урамшуулалд хамрагдана гэсэн заалт байгаа, мөн малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан байх ёстой гэсэн тодотгол байгаа бөгөөд энэхүү шаардлагуудыг хангахад төвөгтэй байдал үүсэж, цөөхөн малчид хамрагдсанаар гүйцэтгэл дутмаг байгаа юм гэсэн тайлбар хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ч.Хүрэлбаатар хийв. Үүний дараа ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 10 гаруй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Ж.Батзандан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа. Асуулт асууж, үг хэлж дууссаны дараа гишүүд Органик хүнсний тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж танилцуулахаар тогтлоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хамтад нь хэлэлцэх байсныг тус тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэг байгуулах талаар санал хураалт явуулахад олонхын дэмжлэгийг авсан юм.

Үүний дараа Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан үргэлжилсэн юм. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэлцэх хоёр асуудлыг танилцуулж, хуралдааныг даргалав.

Дэд хорооны хуралдаанаар, Халаалтыг хийгээр шийдвэрлэх чиглэлээр Засгийн газраас авч буй арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар, мөн Засгийн газраас 2015 онд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгах тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, санал хэлж дууссаны дараа Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог ойрын үед дахин хуралдуулах нь зүйтэй гэж санал гаргаснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.