Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг АРВАН ЗАЛУУ эрдэмтнийг танилцуулж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас "Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох" журмын дагуу 2015 онд судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд гардууллаа.

Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор шалгаруулалтыг явуулдаг.

Тэтгэлгийн хэмжээ нь 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтдэд олгодог. 2010 оноос хойш 46 шилдэг залуу судлаачид энэхүү тэтгэлэгийг хүртээд байна.

Уг тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх ажээ.

Тэтгэлэг хүртсэн шилдэг 10 залуу эрдэмтний БҮТЭЭЛ:

  1. Түмэндэлгэрийн  Аззаяа    ШУА, ХХТ "Хаягдал усны биологийн цэвэрлэгээний үед ялгарах хүлэмжийн хий-азотлог исэл /N20/ -ийн үүсэх, задрах механизмыг тодорхойлох судалгаа"    
     
  2. Мягмаржавын  Одсүрэн    МУИС    "Цөөн биеийн бодлого ба хөнгөн цөмийн бүтэц" 
     
  3. Бадгаагийн  Амарсанаа    ШУА, ХХТ    "Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнд агуулагдах удаан задардаг органик бохирдуулагчийг өндөр идэвхит шингэний хроматографи-масс спектрометрийн аргаар тодорхойлох аргазүйг нэвтрүүлэх"   
     
  4. Нацагдоржийн  Наранцогт    МУБИС    "Улаан буудай болон түүгээр гурил үйлдвэрлэх үеийн хаягдал болох хивэгнээс наносиликагель материалыг гарган авах технологийн судалгаа"   
     
  5. Мижидийн  Нарангэрэл    ХААИС    "Шар сүүний уураг үйлдвэрлэх технологийг хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх"    
     
  6. Энхбаатарын  Занабазар    МУБИС    "Лабораторийн эукариот эсийн өсгөвөр дэх микоплазм бактерийн бохирдлыг богино хугацаанд зардал багатай илрүүлэх ПГУ оношлуур бэлтгэх"    
     
  7. Пүрэвийн  Насанжарал    АРМОНО  нэгдэл  "Липосомийн систем дэх микрокапсулийн эко-будгаар ширхэглэг уургийг будан бүтээгдэхүүний колористикийн үзүүлэлтийг сайжруулах өндөр технологийн судалгаа"   
     
  8. Гомбожавын  Чулуунаа    МУБИС   "Тоглох явцдаа суралцахуйн арга зүйг сургуулийн өмнөх боловсролд нэвтрүүлэх, технологи түгээлт" 
     
  9. Цолмонгийн  Билэгтсайхан    АШУҮИС    "ДНХ агуулсан бактерийн эсрэг өрнөх дархлааны хариу урвалыг зохицуулах асуудалд"   
     
  10. Товуудоржийн  Болормаа  ЭХЭМҮТ    "Зүрхний төрөлхийн гажгийн катетерын эмчилгээний үр дүн, зүрхний хөндийн өөрчлөлтийн загвар" 
 

 

Н.Наранцогт: Хаягдлаас бүтээгдэхүүн гаргаж авч байгаа нь инноваци юм

Миний гол бүтээл бол улаанбуудай болон гурил үйлдвэрлэх явцад хаягдаж байгаа хивэгнээс силикагель гэдэг бодис гаргаж авах зорилготой ажил юм. Силикагель гэдэг нь шинээр худалдан авсан хувцасан дотор жижиг ууттай үрэл байдаг. Түүнийг хэлж байгаа юм. Тэр үрлийг чийг авахаас гадна химийн янз бүрийн үнэрийг шингээн авах зорилгоор ашигладаг юм.

Тэгэхээр энэ нь эд материалын хадгалалтын горимыг хангахаас гадна хувцасанд байгаа элдэв үнэрийг шингээж авдаг. Тухайлбал манайд ноолуураар янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд малын үнэр шингэсэн байдаг. Гадныхан манай ноолууранд үнэр байна гэдэг. Тэгэхээр силикагелийг сайн хийж өгснөөр үнэргүй болгодог. Тиймээсс импортоор авдаг бүтээгдэхүүнийг хаягдлаас үйлдвэрлэх зорилт тавьж байгаа нь миний судалгааны ажлын зорилго юм.

-Силикагелийг Монголд үйлдвэрлэх боломж хэр байгаа вэ?

-Мэдээж бага хэмжээгээр гаргаж авна. Хамгийн гол нь хаягдлаас тодорхой хэмжээний бүтээгдэхүүн гаргаж авч байгаа нь инноваци юм.

-Манайд силикагелийг ямар хэмжээгээр оруулж ирдэг, ямар өртөгтэй байдаг юм бол. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Энэ талын нарийвчилсан тоог яг одоо хэлэх боломж алга. Ямар ч байсан энэ бодисыг гаргаж авах бололцоотой юм байна гэдэг үр дүн гараад байна.

П.Насанжаргал: Арьс ширэн бүтээгдэхүүний будгийн хаягдлыг багасгана

Миний судалгааны ажлын сэдэв бол микрокапсулийн эко будгаар арьс ширэн бүтээгдэхүүнийг будаж хаягдал усны бохирдлыг багасгах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх санаагаар энэ төслийг бичсэн юм.

-Энэ будаг тэгэхээр хор нөлөө багатай гэсэн үг үү?

-Манай улс 2014 оны байдлаар 50 гаруй сая мал тоолууллаа. Жил болгон 10 гаруй сая ширхэг арьс ширний түүхий эд нийлүүлэгддэг. Гэхдээ эдгээрийн дотооддоо гүн боловсруулж чаддаггүй. Эдгээрийн зөвхөн 20 хувь нь гүн боловсрогддог гэж үзэхэд 30 мянган тн импортын будгийн хэрэгцээ байна. Гэтэл одоогийн хэрэглэж байгаа технологоор эдгээр будгуудын 0.5-1 хувь нь үнэгүйдэж усанд хаягдаж байгаа.
Тэгэхээр миний судалгааны ажлын сэдэв бол будгуудын хаягдлыг багасгах, бүтээгдэхүүний эцсийн үзүүлэлтийг сайжруулах зорилготой юм.