Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны хуралдаанд үг хэлэв

ГХЯ
2015 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцож буй ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлыг хэлэлцдэг Нэгдүгээр хорооны ерөнхий санал шүүмжлэлд Монгол улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын хууль эрх зүйн зарчмуудыг баримтлахад НҮБ чухал үүрэгтэйг өнгөрсөн 70 жил нотолсон гэдгийг дурдаж, дэлхий дахинаа энх тайван аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болоод байгааг олон улсын харилцааны өнөөгийн байдал илтгэж буйг онцлов.

Олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд гарсан зарим амжилт, тухайлбал Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар холбогдох талууд энэ оны 7 дугаар сард түүхэн тохиролцоонд хүрсэн, Зэвсгийн хууль бус худалдааны Гэрээ хүчин төгөлдөр болсон зэрэг нь бүс нутагт төдийгүй олон улсын түвшинд итгэлцлийг бэхжүүлэх чухал алхам мөн гэдгийг онцлов.

Цөмийн зэвсэггүй статустай улсын хувьд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг хураах зорилтыг Монгол улс тууштай дэмжиж, хувь нэмрээ оруулахыг байнга зорьж байдгийг дурдаж, Зэвсэг хураах бага хурал гацаанаас гарч идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлэх, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх Гэрээг бүрэн хэрэгжүүлэх, Цөмийн туршилтыг бүрэн хориглох Гэрээг хүчин төгөлдөр болгох чиглэлээр гишүүн орнууд хүч чармайлтаа улам бүр эрчимжүүлэх нь чухал гэсэн Монгол Улсын байр суурийг нотлов.

Монгол улс байнга төвийг сахих тухай шийдвэр гаргасантай холбогдуулан уг асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөл санаачлан хэлэлцүүлэхээр манай улсын төлөөлөгчид ажиллаж буйг тэрээр мөн танилцуулж, тогтоолыг НҮБ-ын гишүүн орнууд дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.