Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн асуудлыг нь шийдэж өгсөн Д.Оюунхорол сайдын ач гавьяаг мартахгүй гэв

БОНХАЖЯ
2015 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

-Зайсангийн зарим иргэд хууль ёсны газартаа чацаргана тариална- 

Нийслэлийн ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн Ж.Должин, Г.Оюунжаргал, Д.Чулуунцэцэг, Л.Оюунтүлхүүр, Ч.Отгончимэг, Ц.Эрдэнэчимэг нарын иргэд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, олон жил шийдэгдээгүй байсан газар ашиглалтын гэрчилгээг нь олгосон БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон тус яамны хамт олонд талархал илэрхийллээ. Эдгээр иргэд хамгийн доод тал нь тус хороонд  25 жил амьдарч байгаа ажээ.   

ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн, өндөр настан Ж.Должин хэлэхдээ “ Бид хэн нэгэн  хэзээ ирээд   амьдарч байгаа газрыг минь авчих  бол гэсэн мөнхийн айдастай амьдарч ирсэн.  Бидний асуудлыг шийдэж өгнө гэж олон ч  сайд амлаж байсан, УИХ-ын олон ч гишүүн сонгогдсон. Харамсалтай нь арван хэдэн жил хэн нь ч юу ч шийдээгүй. Гэтэл БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол маань хэдхэн сарын дотор  асуудлыг түргэн шуурхай, цаг алдалгүй шийдвэрлэж өгсөнд газрын гэрчилгээгээ авсан  302 өрх айлын өмнөөс маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.  Манай хоёрдугаар хэсгийнхэн энэ газраа  өөрсдийн амьжиргааг  тэтгэх байдлаар ашиглахаар ярьцгааж байна. Бидний хэдэн айл өрх нэгэнт хууль ёсны болсон газартаа  чацарганы мод тариалж, өөрсдийн болон бусдын хэрэгцээнд хувь нэмэр оруулахаар төсөл бичиж байгаа” гэв. 

Тэдгээр иргэдийн ярьснаар, он удаан жил суурьшсан иргэдийн газрыг хууль ёсны болгосноор тэдний нийгмийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ Богд-Уул тойрсон замбараагүй газар олголт, газрын маргааныг цэгцлэхэд том алхам болсон гэж үзэж байна. Нөгөө талаар хэдийгээр 302 өрх айл газраа хууль ёсоор ашиглах болсон ч зарим иргэдийн асуудал шийдэгдээгүй байгаа.  

Хууль ёсны зохих зөвшөөрөлтэй  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байршсан, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан, газрын маргаан нь шүүхэд очсон, уугуул биш зэрэг зөрчилтэй иргэдийн асуудал шийдвэрлэгдээгүй үлдээд байна.

Тэдний зарим нь асуудал нь шийдэгдээгүйд бухимдаж, салбарын яам, сайдыг буруутган хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж байгаа. Тэгвэл хэвлэлийн бага хурал хийлгэсэн  иргэд, “Нэгэнт шийдэгдээд эхэлсэн учраас үе шаттай шийдэгдэж таарна. Гол нь олон жил ярьсан том асуудлыг шийдэж эхэлсэн нь маш том гавьяа” гээд  зөрчилтэй асуудлуудаа өөрсдөө цэгцэлж,  хүлээцтэй байхыг газрын асуудлаа шийдвэрлүүлж хараахан чадаагүй байгаа иргэдээс хүссэн юм.  

ХУД-ийн 11 дүгээр хороо буюу Зайсан, дөрөвдүгээр хороо буюу Арцатын аманд он удаан жил амьдарсан уугуул иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлыг БОНХАЖ-ын сайдын тушаалаар өнгөрсөн тавдугаар сараас хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 302  айл өрх газар ашиглах гэрчилгээгээ аваад байна.   

Хэвлэлийн бага хурал зохион байгуулсан иргэдийн төлөөлөл “Өнөөдөр улстөрийн нөхцөл байдал таатай биш, асуудлыг нь зоригтой шийдэж өгсөн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол албан тушаалаасаа чөлөөлөгдөж  магадгүй байгаа. Гэхдээ  нийгмийн асуудлыг нь шийдэж өгсөн ач гавьяаг нь мартахгүй” гэсэн юм.