Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Залилангийн хэрэгт сэжиглэгдэж байсан Монгол залуу Туркэд амиа хорложээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод энэ сарын 1-ний өглөөний 10:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Г гэгч цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжилөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарчээ

Талийгаач нь оршин сууж байсан хотдоо “mgltown” нэртэй байгууллага хууль бусаар ажиллуулж Монгол иргэдэд онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө залилсан байна. Иргэдийн гомдлын дагуу Истанбул хотын “Куштэпэ” цагдаагийн хэлтэс түүнийг саатуулан эмнэлгийн үзлэгээр оруулж саатуулах байранд хорьж байсан аж. 

Тухайн үед хохирогчид цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байсан бөгөөд 10:00 цагийн орчимд ЕКГ-ын Дэд консул Б.Элбэрэлт цагдаагийн хэлтэст очиж өөрийн улсын хоригдож буй иргэнтэй уулзах хүсэлт тавихад жижүүрийн цагдаа иргэн Г-г авчрах гэж очихдоо түүнийг өөрийгөө боомилсон байгааг нь мэдсэн байна. Хэргийн газарт түргэн тусламж ирсэн боловч амьсгал хураасан байжээ. Талийгаачийн биед ямар нэгэн бичиг баримт байгаагүй гэнэ. 

Албан бус эх сурвалжийн мэдээллээр түүний жинхэнэ нэр нь Төөмөө овогтой Дамдиндорж гэх бөгөөд Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан байж болзошгүй байна. Түүний эхнэртэй утсаар холбогдсон боловч өөрийн болон нөхрийнхөө жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзсан байна. 

Одоогоор талийгаачийн цогцсийг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байна. Талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхний лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар ажиллаж байна. Гадаад Хэргийн яамнаас хэргийн талаар ар гэрийнхэнд нь мэдэгдэж шарилыг Монгол руу авах эсэхийг тодруулах ажил зохион байгуулж байгаа аж.  

Эх сурвалж: ГХЯ