Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Хууль бус торгууль төлсөн иргэд торгуулиа бүтнээр нь нэхэмжлэх эрхтэй

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан болон “Шударга төрийн төлөө" ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажлууд хийгдэх бөгөөд эхний ээлжинд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрээр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулах юм.

 

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан "2013-2014 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн улмаас автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар буюу 70.000-80.000 төгрөгөөр тогтоосны улмаас 9,230 жолоочийг 647 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон зөрчлийг ШӨХТГ-аас хяналт шалгалтаар тогтоосон. Тиймээс авто машин ачиж журамлаж эхэлсэн үеэс 2014 оны арван нэгдүгээр сарын 23-н буюу ЦЕГ-ын даргын хууль ёсны шийдвэр гарах хүртэл хууль бусаар тогтоосон торгууль төлсөн иргэд торгуулиа бүтнээр нь эргэн нэхэмжлэх эрхтэй гэж бид үзэж байгаа.

Мөн НИТХ-аас дугуй түгжих журам гаргаж, хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийсний улмаас 11,700 жолоочийг 234 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироогоод байна. 

ШӨХТГ-аас хууль бус шийдвэр гаргасан НИТХ-ын гишүүдэд торгууль ногдуулсан. Тэд торгуулиа төлсөн бөгөөд хуулийн хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй учир ШӨХТГ-ын гаргасан шийдвэр, улсын байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр баталгаажсан.

Өнөөдрийн байгуулсан санамж бичгийн хүрээнд бид 2013-2014 онд автомашинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон торгууль төлсөн, мөн өнөөдрийг хүртэл автомашиныхаа дугуйг түгжүүлж хууль бусаар торгуулсан иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлж, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулна" гэлээ.