Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Банзрагч: Томчууд мод тариад эхэлбэл хүүхдүүд багаасаа мод тарих дадалтай болно

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БОНХАЖЯ-наас санаачлан  өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-тэй холбоотой асуултад БОНХАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын дарга Ц.Банзрагч хариулж байна. 

-“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд тарих модоо хаанаас авах вэ?

-Иргэн та мөнгөө төлж тарих модоо худалдан авна. Иргэдийг тарьц,суулгацаар хангах зорилгоор БОНХАЖЯ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Ойжуулалт- 2015”тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг дөрөвдүгээр сарын 27-29 -ны өдрүүдэд зохион байгуулсан.  

Мөн аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны цахим хуудаснаас /www.mne/ тарьц, суулгацын үнэ болон зарж борлуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын мэдээ мэдээллийг авах бүрэн боломжтой. Ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагаас тарих модоо худалдан авч болно.

-Мод тарих газрыг яаж сонгож, хэнээс зөвшөөрөл авах вэ?

-Иргэд хашаандаа, албан байгууллага өөрийн хариуцдаг газартаа мод тарихыг зөвлөж байна. Баг, хорооны бичил цэцэрлэг байгуулах газрыг хорооны Засаг дарга, дүүргийн тохижилт хариуцсан албан тушаалтантай зөвшилцөж сонгоно. Аж ахуй нэгж байгууллага өөрийн нэрэмжит төгөл байгуулах газраа БОАЖГ, ойн анги болон Сум дүүргийн Засаг даргаас авна.

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд мод тарих хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон сумдын Засаг нарт өгч бүртгүүлэн нэгдсэн зохион байгуулалтайгаар мод тарих ажилд оролцоно. 

-Тарих модны нүхийг хэн ухах вэ?

-Тарих модны нүхийг мод тарьж байгаа хүн өөрөө ухна. Мод тарих сургалтуудыг аймаг нийслэлийн БОАЖГ, ойн ангиуд ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

-Тарих модны хөрс, бууцыг хэн бэлтгэж өгөх вэ?

-Тарих модны хөрс, элс, бууц, бордоог нэгдсэн журмаар салбар ажлын комисс зохион байгуулж олгоно.

-Тарьсан модыг хэн арчлах вэ. Хөдөлгөөнөөс хүлээж буй  үр дүнгийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Хашаанд болон байгууллагын орчиндоо тарьсан модоо иргэд, аж ахуй нэгж байгууллага өөрсдөө тордож арчлан ургуулна. Аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн тарьсан нэрэмжит төгөл, ойгоо арчлан ургуулах ажлыг өөрсдөө хариуцна. Ойн нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагад арчлан ургуулах зардлыг төлж, гэрээгээр хариуцуулж болно.
Дүүрэг бүрт мод тарих ажилд зөвлөгөө өгөх мэргэжлийн байгууллагыг шалгаруулан ажиллуулж болно.

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” нь дан ганц байгаль орчны ажилтнуудын анхаарах асуудал биш юм. Тухайн дүүрэг, баг хороо, Засаг даргын үүрэг, оролцоо маш чухал. Энэ хөдөлгөөнийг өрнүүлснээр ногоон байгууламж нэмэгдэх, иргэн бүр мод тарих мэдлэг дадалтай болох, хүлэмжийн хийн ялгарал буурах гэх мэт олон ач холбогдолтой. Үүнээс гадна томчууд бид мод тариад эхэлбэл хүүхдүүд бага наснаасаа мод тарих дадал, заншилтай болно. Тиймээс үр хүүхдэдээ томчууд бид багаас нь үлгэр дууриал үзүүлэх нь зүйтэй юм.

-Нэг мод тарих дундаж өртөг хэд вэ?

-Ууланд тарих тарьцын үнэ 275 төгрөг, бортоготой тарьцын үнэ 3,500 төгрөг, хот суурин газрын ногоон байгууламжид тарих суулгацын дундаж үнэ 6,500 төгрөг байна.

Эх сурвалж: БОНХАЖЯ