Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Толгойн гэрээний төслийг өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцлээ

М.Цэцэг
2015 оны 4 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Архив

Таван Толгой гэрээний төслийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээр хэлэлцэж эхэллээ. Ардчилсан намын бүлэг өчигдөржин энэ тухай өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн байна.

Тодруулбал, тус бүлгийн гишүүдэд Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирал Ч.Сайнбилэг болон хуучин захирал Я.Батсуурь нар оролцож мэдээлэл өгсөн бол энэ гэрээний төсөлд шүүмжлэлтэй хандаж буй УИХ-ын даргын хуулийн зөвлөх А.Гансүх ч оролцжээ.

Бүлгийн хуралдаанаар гэрээний төслийг хаалттай горимоор хэлэлцсэн учраас ямар нэгэн тайлбар, байр суурь илэрхийлэх боломжгүй гэдгийг А.Гансүх зөвлөх хэлсэн бол цагдан хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарсан “Эрдэнэс Таван Толгой” компанийн экс захирал Я. Батсуурь ч ам нээсэнгүй.

 УИХ дахь МАН-ын бүлэг Таван Толгойн гэрээний төслийг хэлэлцэж эхэлсэнгүй.

Түүнийг намынхан нь бүлгийн хуралдаа яагаад оролцуулах болов гэдэг анхаарал татсан асуулт байв.

Одоогийн захирал Ч.Сайнбилэг Таван Толгойн төслийн талаар тодорхой мэдээлэл бага байгаагаас Я.Батсуурийг дуудаж мэдээлэл авсан гэнэ. Мөн үдээс хойш АН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж Таван Толгойн төсөлд хөрөнгө оруулагчаар тодорсон “Энержи Ресурс” компанийн удирдлагуудаас нэмэлт мэдээлэл авчээ. Гэвч хэн, ямар саналтай байгаа тухайд тодорхой мэдээлэл өгсөнгүй. Бүлгийн удирдлагуудаас өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгнө гэсэн таамаг байна. Ямар боловч Таван Толгойтой холбоотой талууд бүлгийн хуралдаанд бүгд байлцсан нь энэ.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг Таван Толгойн гэрээний төслийг хэлэлцэж эхэлсэнгүй. Учир нь бүлэгт мэдээлэл өгөх эрхмүүд АН-ын хуралд суусан учир хэлэлцүүлэг давхацжээ. Гэхдээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр гэрээний төслийг хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж.

Ирэх Баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар чуулганы хуралдаанд мэдээлэл өгнө. Аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, ард иргэдэд хэрэгтэй зарим хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайдын мэдээллийн цагаар МАН-ын бүлгээс шаардахаар болжээ.

Түүнчлэн УИХ-ын даргад хандан бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага тавих аж. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын дарга бол парламентын хуралдааныг удирдах, зохион байгуулах үүрэгтэй хүн. Гэтэл улс төрийн намын дарга спикертэй болсноос хойш улстөржиж, хуулийн төслүүдийг хэлэлцэх, хэлэлцэхгүйг шийддэг болсон. Зарим хуулийн төслийг дараалал харгалзахгүй хэлэлцдэг, зарим хуулийн төслийг бүтэн жилээр хав дардаг болсон. Бид УИХ-ын даргад энэ асуудлаар шат дараатай шаардлага тавьж ажиллана “ гэв.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ч Таван Толгойн гэрээний төслийг хэлэлцэж амжсангүй. Тус эвслийн бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцжээ.

Таван Толгойн гэрээний төсөл, дагалдах тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр хуваарь гаргасан юм. Иймд байнгын хорооны хуралдаанаас өмнө УИХ дахь нам, эвслийн бүлгүүд бүгд хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байх ёстой юм.

Зураг