Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар УИХ-д ТТ-н ЯМАР ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСАН БЭ?

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт Таван Толгой төслийн талаар хэлэлцэнэ.

Өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газраас УИХ –д өргөн барьсан “ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой бүх баримт бичгүүдийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга

... Уралдаант шалгаруулалтын урилгыг 2014 оны 9 дүгээр сард өмнө нь 2010 онд зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтаар хураангуй жагсаалтад багтаад байсан 6 оролцогчдод хүргүүлснээс хоёр оролцогчоос хариу ирүүлсэн.

Эдгээр нь Пибоди Энержи (АНУ) нь дангаараа, харин Шинхуа Энержи (БНХАУ)-ийн зүгээс шинэчилсэн нөхцлийн дагуу Монгол Улсад бүртгэлтэй “Энержи Ресурс Корпораци” (Moнгол), Сүмитомо Корпораци (Япон) нарыг сонгон байгуулсан консорциум байсан. Ирүүлсэн саналыг үнэлэхэд Монгол-Хятад-Японы консорциум хамгийн өндөр оноо авсан тул хэлэлцээрийг 2015 оны 1 дүгээр сараас эхлүүлсэн байгаа. Хэлэлцээрийн үр дүнд хөрөнгө оруулагчтай “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг – Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих – өмчлөх - ашиглах - шилжүүлэх концессын гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-ний төслүүд дээр тохиролцоод байна.

Тодруулбал, Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан үндсэн 7 нөхцөл, шаардлага, зарчмыг дараах байдлаар хангаад байгаа болно. Үүнд:

1. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “а”-д “Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн эзэмшилд байгаа Таван толгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд бүрэн ашиглуулах”-аар заасан.

Төслийн хугацаанд Эрдэнэс Таван толгой ХК-ийн эзэмшилд буюу төрийн өмчид байгаа ашигт малтмалын ямар ч тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчдын өмчлөлд шилжихгүй, Эрдэнэс Таван толгой ХК-ийн өмчлөлд байгаа Баруун болон Зүүн цанхийн тусгай зөвшөөрлүүд төрийн өмчид хэвээр байна;

2.  Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “б”-д “Хөрөнгө оруулагч нь Баруун болон Зүүн Цанхийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлох, тэдгээр талбайд нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх”-ээр заасан.

Хөрөнгө оруулагч нь Таван толгойн нүүрсний ордын Баруун болон Зүүн Цанхийн хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагааг өөрийн зардлаар явуулах бөгөөд эдгээрээс бусад Эрдэнэс Таван Толгой ХК-ийн эзэмшилд байгаа бусад 4 лицензийн талбайд үйл ажиллагаа явуулах эрх Эрдэнэс Таван Толгой ХК-д хадгалагдана.

Төслийн хугацаанд Хөрөнгө оруулагч нь Баруун болон Зүүн Цанхийн хэсэгт нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх нэмэлт хайгуулыг өөрийн зардлаар хийх үүрэг хүлээж байгаа бөгөөд нэмж тогтоосон нөөцийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Эрдэнэс Таван толгой ХК-ийн нэр дээр бүртгэх юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс анх нэмэлт хайгуулын зардлыг Эрдэнэс Таван толгой ХК-иас нөхөн төлүүлэх санал ирүүлж байсан энэ асуудлыг хэлэлцээрийн явцад нөхөж төлөхгүй байхаар тохирч чадсан тул энэ асуудлаар төрийн зүгээс ямар нэг зардал гарахгүй. Хайгуулын ажилтай холбоотой эрсдэл, зардлаас төр чөлөөлөгдөнө;

3. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “в”-д “Хөрөнгө оруулагчаар сонгогдон ажиллах эхний 2.5 жилийн хугацаанд багтаан Таван толгойн бүс нутагт 30.0 сая тонноос багагүй нүүрсийг баяжуулах хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэсэн баяжмалыг 2-оос доошгүй орны зах зээлд нийлүүлэх”-ээр заасан.

Хөрөнгө оруулагч нь төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2.5 жилийн хугацаанд өөрийн хөрөнгө оруулалтаар жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадлыг одоо ажиллаж байгаа 15 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрээ өргөтгөх замаар бий болгох бөгөөд Баруун болон Зүүн Цанхийн хэсэгт нүүрс олборлох уул уурхайн хүчин чадлыг ч өөрийн хөрөнгө оруулалтаар нэмэгдүүлнэ.

Өөрөөр хэлбэл, жил бүр 30 сая тонн нүүрс олборлон боловсруулж нэмүү өртөг шингээх уул уурхайн бүтээн байгуулалт 2.5 жилийн хугацаанд хийгдэх юм. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагч талын нэг давуу тал бол гэрээ байгуулсны дараах өдрөөс эхлэн олборлосон нүүрсээ одоо байгаа нүүрс баяжуулах үйлдвэрээр боловсруулах боломжтой байгаа явдал юм.

Нүүрсний борлуулалтын тухайд нүүрсийг 2-оос дээш улс руу буюу БНХАУ болон БНСУ, Япон, Энэтхэг зэрэг нүүрс импортлогч улс орнууд руу нүүрс экспорлох үүргийг хөрөнгө оруулагч тал хүлээж байгаа;

4. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “г”-д “Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцах”-аар заасан.

Хөрөнгө оруулагч нь гэрээ байгуулснаас хойш 12 сар буюу нэг жилийн хугацаанд “Чалко” компанид төлөх 142 сая ам.долларын өрийн үлдэгдлийг холбогдох хүүгийн хамтаар төлж барагдуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд энэ зардлыг Засгийн газар болон Эрдэнэс Таван толгой ХК-иас хөрөнгө оруулагчид буцаан төлөхгүй. Хөрөнгө оруулагч нь Чалко компанид төлөх төлбөрийг өмнө байгуулсан гэрээнийх нь дагуу нүүрсээр эсхүл мөнгөн хэлбэрээр хийнэ;

5. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “д”-д “Хөрөнгө оруулагч нь улсын төсөвт төлөх татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хариуцахаас гадна борлуулалтын орлогын тодорхой хувийг Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний төлбөрт төлөх, шаардлагатай тохиолдолд нэмж төлөх борлуулалтын орлогын тодорхой хэсгийг  урьдчилан төлөхөөр хэлэлцэх”-ээр заасан.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар хөрөнгө оруулагч тал Засгийн газарт 200 сая ам.долларын урьдчилгаа төлбөр төлөхөөр тохирлоо. Хөрөнгө оруулагчдын зүгээс 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөр өгөх санал ирсэн ч уг дүнг хэлэлцээрийн явцад өсгөж чадсан болно. Энэхүү урьдчилгаа төлбөрийг дараагийн жилүүдэд Эрдэнэс Таван толгой ХК-ийн санхүүгийн байдал болон улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд ачаалал үүсгэхгүйгээр Эрдэнэс Таван толгой ХК-нд төлөх түрээсийн төлбөр болон хөрөнгө оруулагчийн төлөх татвараас тодорхой хувь хэмжээгээр суутгах замаар барагдуулна.

Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч Эрдэнэс Таван толгой ХК-тай Хамтын ажиллагааны гэрээ байгуулах бөгөөд эдгээр гэрээгээр хөрөнгө оруулагч нь Баруун болон Зүүн Цанхийн талбайд үйл ажиллагаа явуулсны төлөө Эрдэнэс Таван Толгой ХК-д түрээсийн төлбөр буюу хамтын ажиллагааны төлбөрийг төлнө.  Энэхүү түрээсийн төлбөрийг нүүрсний үнэ ямар байгаагаас хамаарч борлуулалтын орлогын 2 хувиас 8 хувь хүртэл хэмжээгээр тооцон төлж байх юм.

Үүний дээр нэмээд хөрөнгө оруулагчид Баруун болон Зүүн Цанхийн талбайтай холбоотой ногдуулах татварууд (ашигт малтмал ашигласны татвар, агаарын бохирдлын татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг)-ыг хариуцан төлөх юм;

6.  Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “е”-д “Эхний ээлжинд Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үндсэн нөхцөл бүхий барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх эрхийг Концессын тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө оруулагчид олгох, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулсны дараа коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Таван толгой-Сайншанд чиглэлийн төмөр замын төсөлд оролцуулах”-аар заасан.

Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын эрхтэйгээр хэрэгжүүлж, ашиглалтанд орсноос нь хойш 30 жилийн дараа 51 хувийг нь төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэхээс гадна тухайн үед Засгийн газраас хүсэлт гаргасан тохиолдолд үлдэх 49 хувийг төлбөртэйгээр буюу уг төмөр замыг нийт 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авах үндсэн нөхцөл бүхий төмөр замын концессын гэрээ байгуулна.

Гэрээ байгуулснаар хөрөнгө оруулагч нь Монголын төмөр зам ХК-иас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих төслийг шилжүүлэн авах бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой өмнө гарсан зардлыг баталгаажуулсны үндсэн дээр Монголын төмөр зам ХК-д буцаан төлнө;

7. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “ж”-д “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 5-аас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн 5 жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консерциум өмчилдөг байх”-аар заасан.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4-т “дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг ойлгохоор заасан байгаа. Энэ заалтын дагуу уралдаант шалгаруулалтын урилга хүлээн авсан гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсад бүртгэлтэй “Энержи Ресурс Корпораци” ХХК-ийг сонгон уг төслийг хамтран хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн нь хуулийн болон уралдаант шалгаруулалтын шаардлагыг хангаж байгаа. Тодруулбал, тус компани нь Ухаа худагийн нүүрсний уурхайд түшиглэн нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2009 оноос хойш буюу 5-аас дээш жилийн хугацаанд эрхэлсэн туршлагатай байхаас гадна тус компанийн нийт хувьцааны 58 гаруй хувийг 2010 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах зорилгоор Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн байгаа компанийн хувьцаагаар нь дамжуулан Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд жинхэнэ хувьцаа эзэмшигчийн хувиар өмчилж байна.   

Тус компаниас ирүүлсэн мэдээллээр нийт ажиллагсдын 99 хувийг (Ухаа худаг уурхайн нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа) Монгол Улсын иргэд бүрдүүлж байгаагийн 40 орчим хувийг нь Өмнөговь аймгийн иргэдээс бүрдүүлж байгаа бөгөөд ирүүлсэн танилцуулгын дагуу 2009-2014 оны туршид тус компани 35.2 сая тонн нүүрс олборлон 26.4 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн эскпортолж, 2 тэрбум гаруй ам.долларын экспортын орлогыг Монгол Улсын эдийн засагт оруулсан, мөн хугацаанд нийт 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэн улс, орон нутгийн төсөвт нийт 600 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамжийн орлогыг төлсөн байна.

      Таван толгойн орд газрын хөгжүүлэх асуудлаар хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг Засгийн газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах ажлыг 2015 оны 2 дугаар сард гүйцэтгэсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг асуудлаар 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “Тавантолгойн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04/03 дугаар зөвлөмж гарган Засгийн газарт Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах, Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар өмнө Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулах, төслийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд саадгүй хэрэгжүүлэх арга хэмжээ авах, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний явц, үр дүнг Улсын Их Хурал болон олон нийтэд танилцуулж ажиллахыг зөвлөсөн. 

            Иймд Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж гэрээ байгуулах зөвшөөрлийг Засгийн газарт олгуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Тогтоолын төсөл нь 5 заалттай байна.

  • Тогтоолын төслийн 1 дэх заалтаар Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээг хавсралт гэрээнүүд болох Ухаа худаг – Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих – өмчлөх - ашиглах - шилжүүлэх концессын гэрээ болон Хамтран ажиллах гэрээний хамт байгуулах зөвшөөрлийг Засгийн газар өгөх тухай тусгана.
     
  • Тогтоолын төслийн 2 дах заалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн Цанхийн уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох аж ахуйн гэрээнүүдийн эрх, үүргийг хөрөнгө оруулагч талд хариуцуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар даалгахаар тусгав.
     
  • Тогтоолын төслийн 3, 4, 5 дахь заалтад Улсын Их Хурлаас өмнө Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой баталсан тогтоолуудын уялдааг хангахтай холбоотой асуудлыг тусгасан.

Үүнд:

Тогтоолын төслийн 3 дах заалтад Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтыг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн эзэмшилд байгаа Таван толгойн орд газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд хэвээр үлдээж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад түшиглэн нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэх, тээврийн өртгийг бууруулах зорилгоор уул уурхай, төмөр замын төслийг хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалт болон концессын гэрээ байгуулах замаар цогцоор нь хэрэгжүүлж, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэлгүйгээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэх, иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны үр өгөөжийг бодитой болгох” гэж өөрчлөхөөр заасан.

Тогтоолын төслийн 4 дэх Улсын Их Хурлын 2007 oны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад “Энержи Ресурс ХХК” гэснийг “Эрдэнэс Тавантолгой ХК” гэж, Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.4.2 дахь дэд заалтын “Ухаахудаг” гэснийг “Тавантолгой” гэж, Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”  53 дугаар тогтоолын хавсралтын 8.1-д “Ухаахудаг” гэснийг “Тавантолгой” гэж тус тус өөрчилхөөр заасан болно.

Тогтоолын төслийн 5 дах заалтаар Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хуулийн төслүүд буцаах, үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоолын 1.5 дахь  заалтыг тус тус хүчингүй болсонд тооцохоор заасан.                   

Энэхүү тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлаас Таван толгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно.

Хөрөнгө оруулалтын гэрээг хавсралт гэрээнүүдийн хамт байгуулан төсөл амжилттай хэрэгжиж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын нүүрсний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх бөгөөд нүүрсийг нэмүү өртөг шингээсний үндсэн дээр экспортлож эхлэх бөгөөд энэ нь гадаад худалдаа, татварын орлогыг нэмэхээс гадна уг ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх юм. Тодруулбал, төслийн үр өгөөжийг боловсруулсан коксжих нүүрсний дундаж үнийг Ганц мод дахь боомтод 80 ам.доллар байхаар тооцож үзэхэд л жилд 1.2 тэрбум ам.долларын экспортын орлого Монгол Улсын эдийн засагт орж ирэхээр байгаа бөгөөд энэ нь улсын төлбөрийн тэнцлийг сайжруулахад бодитой нөлөө үзүүлнэ.

Нөгөөтэйгүүр, улсын төсөвт аливаа нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр нүүрсийг анхны өдрөөс боловсруулж эхлэх бөгөөд энэ нь улс, орон нутгийн төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлнэ. Татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Цанхийн талбайд уурхайн үйл ажиллагаа явуулсаны төлөө Эрдэнэс Таван толгой ХК-д төлөх төлбөр жилд 360 орчим тэрбум төгрөг байх тооцоотой байгаа.

Цаашлаад уурхайн барилга байгууламж, дагалдах дэд бүтэц, ТТ-ГС чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон төслийн үйл ажиллагаанд дотоодын 500-600 аж ахуйн нэгжийг ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэлбэрээр ажиллаж, 8-12 мянган иргэнийг ажлын байраар хангах тооцоотой байгаа.

Энэхүү төсөл хэрэгжих нь ойрын хэтэд улсын төсөвт үүсээд байгаа хүндэрлийг бууруулах, алдагдалтай ажиллаж байгаа ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон төрийн өмчит хуулийн этгээдүүд болох Эрдэнэс Таван толгой ХК болон Монголын төмөр зам ХК-ийн Чингис бондын хөрөнгөөс олгосон болон Хөгжлийн банкны санхүүжилтийг эргэн төлөх, бусдад төлөх өр төлбөрийг нь барагдуулж санхүүгийн хүндрэлээс гаргана. Үүнээс гадна, ирэх оноос төлж эхлэх Чингис бондын эргэн төлөлтийг хангах орлогын эх үүсвэрийг бий болгох нэн чухал ач холбогдолтой.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар МТЗ гүйцэтгэсэн Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нөхөн төлбөрт 290 орчим сая ам.доллар, БНХАУ-ын Чалко групптэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 150 орчим сая ам.доллар, Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд төлөх урьдчилгаа төлбөрт 200 сая ам.доллар, ЭТТ-н биет хөрөнгийг худалдан авалтад 10 орчим сая ам.долларын төлбөрийг буюу нийт 650 сая ам.доллар хүлээн авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын зүгээс төлөх нийт 650 сая орчим ам.долларын төлбөрөөс Чалко группид төлөх 150 орчим сая ам.долларын өрийг барагдуулах, үлдэгдэл 500 орчим сая ам.долларыг 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөр төлөгдөх Чингис бондын эргэн төлөлтийн 580 сая ам.долларыг төлөхөд зарцуулах боломж гарна.

Цаг хугацааны хувьд уналттай байгаа нүүрсний салбарын нөхцөл байдлыг сөрөн Таван толгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, нүүрсийг түүхийгээр бус нэмүү өртөг шингээн нэг цонхоор хоёроос доошгүй олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор цогцоор нь шийдвэрлэх Улсын Их Хурал, Засгийн газрын зорилгыг хангах талаар маш хүнд нөхцөлд олон сарын турш хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд харилцан тохироод байгаа бөгөөд хугацаа алдах нь хэлэлцээр нурах эрсдэлийг үүсгэхээр байгаа.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 39 дүгээр тогтоол болон 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг олгохоор тогтоосон ба “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн халамжийн төв” ХХК-д бүртгэлийн ажлыг гүйцэтгэхийг даалгасан.

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл дараах байдалтай байна. Үүнд:

  • Төрийн мэдэлд: 14,016,955,275 ширхэг буюу 93.44 хувь,
  • Монгол Улсын 971,217 иргэнд 974,547,054 ширхэг буюу 6.50 хувь,
  • Монгол Улсын 553 үндэсний аж ахуйн нэгжид 8,497,671 ширхэг буюу 0.06 хувь тус тус байна.

Засгийн газрын 2012 оны 116, 201 дүгээр тогтоолуудын дагуу Хүний хөгжил сангаас хишиг хүртээгүй боловч Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан /нэг сая төгрөг/ 1,120,285 иргэн, нэг сая төгрөгөөс бага мөнгө аваад хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан 383,699 иргэн буюу нийт 1,503,984 иргэний 1,583,628,456 ширхэг хувьцааг хасаж тооцон Төрийн эзэмшлийн үнэт цаасны дансанд шилжүүлэн бүртгэсэн.

Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан боловч төлбөрөө аваагүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол ирүүлсэн. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар тусгайлан тогтоол гаргаж шийдвэрлэсэн болно.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж тооцохоор хуульчилсан байдаг ба “Эрдэнэс Таван толгой” ХК-ын одоо байгуулах хөрөнгө оруулалтын болон холбогдох бусад гэрээ, хэлцлийн нийт дүн нь хуулийн дээрх  заалтад хамаарах юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт Засгийн газар төрийн өмчийн компанийн өөрт ноогдох хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг хуульд нийцүүлэн тогтоох эрхтэй байхаар хуульчлагдсан байх тул тус хуулийн энэхүү заалтыг үндэслэн, Компанийн тухай хуулийн дээрх заалтыг удирдлага болгон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн одоо байгуулах хөрөнгө оруулалтын болон холбогдох бусад гэрээ, хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж үзэн, цаашид энэхүү зарчмын баримтлан ажиллахыг тус компанийн удирдлагад даалгах зорилгоор тогтоол гарган шийдвэрлэсэн болно.

Иймд Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг хавсралт гэрээнүүдийн хамт байгуулах зөвшөөрлийг Засгийн газарт олгох асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

Засгийн газраас хамгийн эцсийн байдлаар өргөн барьсан ТТ төсөлтэй холбоотой УИХ-д өргөн барьсан бүх материалтай та бүхэн танилцах боломжтой.

1.Танилцуулга (Бүрэн эхээрээ)

 

2. Үзэл баримтлал (Бүрэн эхээрээ)

 

3. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл (Бүрэн эхээрээ)

 

4. Хамтын ажиллагааны гэрээний төсөл (Бүрэн эхээрээ)

5. Концессын гэрээний төсөл (Бүрэн эхээрээ)

 

 

6. Тогтоолын төслийг дагалдсан нэмэлт материалууд (Бүрэн эхээрээ)