Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Пүрэвсүрэн: Монгол Улс соёлын нэгдсэн бодлоготой болно

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачилгаар “Монголын соёлын өв-гадаад сурталчилгаа” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, СУИС, Соёлын Өвийн Төв, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн албаны хүмүүс оролцож, Соёлын бодлого ба сурталчилгаа, Соёлын өвийн тулгамдсан асуудал гэсэн хоёр үндсэн сэдвээр ярилцлаа.

ГХЯ-ны сайд Л.Пүрэвсүрэн “Улс орны гадаад бодлого эдийн засаг, соёлын гэсэн тулгуур дээр явдаг. Үүнээс соёлын гадаад бодлого нь түрүүлж явдаг учраас манай яамнаас энэ салбарт анхаарч байгаа. Соёлын бодлогоороо дамжуулж Монгол Улс гадаад бодлогоо явуулна гэдэг нь маш чухал.

Соёлоороо дамжуулаад Монгол орноо эерэгээр сурталчлах, таниулах, эерэг имиж бүрдүүлэх, үндэсний брэнд бий болгох, үндэсний дархлаа болсон соёлын өвөө  дэлхийд таниулахад төрийн зүгээс олон ажил хийж ирсэн. Өмнө нь хийж байсан эдгээр ажлаа зорилготой, хооронд нь уялдаа холбоотой болгож, гадаад сурталчилгааны нэгдсэн бодлоготой болох ажлыг эхлүүлээд байна.

Монголчууд дэлхийн түүхэнд агуу их соёлыг үлдээсэн. Тухайлбал Ази Европыг холбосон анхны чөлөөт худалдаа, шуудан өртөө, цаасан мөнгө, газар зүй одон орны шинжлэх ухааны үндсийг тавьж байсан. Энэ их соёлын өвийг дэлхий дахин, өсвөр үедээ сурталчлан таниулах шаардлага байна. Соёлын өвийг хамгаалах, сурталчлах үндэсний нэгдсэн хөтөлбөрийг боловсруулах ажлыг БСШУЯ-тай хамтран хийж байна. Тус хөтөлбөрийг боловсруулахад өнөөдрийн энэ хэлэлцүүлэг чухал үүрэгтэй” гэлээ.

Ж.Долгорсүрэн: Улс орныхоо соёлыг дэлхий нийтэд таниулахад соёлын бодлого хэрэгтэй

Соёл Урлагийн Их Сургуулийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн Улс үндэсний оршин байх үндэс нь тухайн орны соёл. Үндэснийхээ соёлыг эзэмших, хамгаалах, уламжлах, хотын соёлыг ойлгох асуудал нь дэлхий дахины тулгамдсан асуудал болж байна.

Тиймээс өнөөдөр соёлоороо ойлголцож, хамтран ажиллаж, зэрэгцэн оршиж чадах нь өөрөө хүн төрөлхтний тогтвортой хөгжих үндэс болж байгаа. Энэ цаг үед Монголын соёлын өв-гадаад сурталчилгаа” хэлэлцүүлэг хийж байгаа нь нүдээ олсон ажил. Манай улсад соёлын бодлогоо шинэчлэн баталж, тэр хүрээндээ соёлынхоо эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх асуудал тавигдаж байна.

Учир нь хүн төрөлхтний хөгжлийн асуудал хувь хүний хөгжилтэй шууд холбоотой. Улс орон бусад үндэстнээс ялгаран орших зүйл нь өөрийн соёл. Тухайн үндэстний өвөрмөц онцлогийг хадгалсан, нийгмийн бахархал болсон үнэт зүйлсээ хадгалах, хамгаалахад бодлого их чухал байна. Соёлын өвийн аялал жуулчлалаар дамжуулан Монголын нүүдэлчин соёлын давуу чанар, онцлог шинжийг дэлхийд таниулж болно” гэлээ

Г.Жаргалсайхан: Соёлын өвөө хууль бусаар гадагш гаргахаас хамгаалах хэрэгтэй

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Г.Жаргалсайхан “Бид соёлын их өв, уламжлалтай ард түмэн. Түүнийгээ бид гадаад улс оронд сурталчлахаас илүүтэйгээр дотооддоо хэрхэн хөгжүүлэх төрийн бодлогоо тодорхой болгох ёстой.

Дараа нь бид гадны улс оронд соёлоо сурталчлах нь зүйтэй. Манай улс ЮНЕСКО-д нэгдэж ороод 60 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хэд хэдэн конвенцэд нэгдэж орсон. Энэ конвенцийн хүрээнд Монгол Улсын соёлыг ЮНЕСКО-гийн гишүүн 190 гаруй оронд сурталчлах ажлууд давхар хийгдэж яваа.

Нөгөө талаар бид соёлын өвөө хууль бусаар гадаад орнуудад гарахаас сэргийлэх хэрэгтэй. Гадагшаа гарсан соёлын өвөө буцааж авч ирэх ажил ч хийгдэж байна. Мөн ЮНЕСКО-д бүртгүүлсэн олон соёлын өв бий. Үүнийгээ зөвхөн бүртгүүлээд зогсохгүй, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал. Нөгөө талаар төр засаг, ард иргэд соёлыг өвөө сурталчлахад оролцох хэрэгтэй.