Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны улстөрийн өлсгөлөн

Д.Түвшин
2015 оны 3 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

Одоогоос 25 жилийн өмнөх гуравдугаар сарын зэвэргэн салхи үлээж, хаврын хуйсгануур тэнгэр аашаа үзүүлсэн энэ л өдрүүдэд Ардчиллын алтан хараацайнууд анхны улстөрийн өлсгөлөнг зарлаж, тухайн үедээ тэсрэлт хийж байв.

Нэг намын дарангуйлал тогтож, нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автсан тэр үед залуу нас, амь амьдралаа золин ардчилсан хувьсгалыг эхлүүлнэ гэдэг үнэхээрийн чин зориг, аймшиггүй зүрх шаардсан үйл хэрэг байсныг өнөөдөр төдийлөн сайн мэдэхгүй бүхэл бүтэн үе өсөн торниж байна.

Тухайн үедээ 70 жил дангаар ноёрхсон нэг намын дарангуйллын эсрэг улстөрийн өлсгөлөн зарлана гэдэг хэн хүний бодол ухаанд яагаад ч багтахгүй, нэг ёсны Монголчуудын хувьд хачин жигтэй хэрэг байсан юм.

Ямар сайндаа л “Заавал эмэгтэйчүүдийн баяраар өлсөж, цангаад байхдаа яадаг юм” хэмээн олон ээжүүд Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн очиж өлсгөлөн зарласан залуусыг зангаж, зүхэж байсан бол байдлыг ойлгож, ухамсарласан хэсэг нь асгарах нулимсаа нуулгүй хөөрхий тэдгээр залуучуудын төлөө мэддэг мааниа уншиж, ганц аяга халуун шөл амсуулчих санаатай олны дундуур зүтгэцгээж байсан түүхтэй.

1990 оны гуравдугаар сарын 7-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн баярын өмнөх өдөр зарласан улстөрийн анхны өлсгөлөнд МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүд болох Б.Батбилэг, Э.Бат-Үүл, З.Эрдэнэбат, И.Жавхлант, Д.Дорлигжав, Б.Галсандаш, Д.Энхбаатар, Г.Бошигт, Д.Нинж, Б.Хишигбат нарын хүмүүс дээр дөрвөн хүн нэмж орсны дотор ганцхан бүсгүй байсан нь Ш.Нина юм.

Улстөрийн анхны өлсгөлөнд оролцож байсан Б.Хишигбат болон Ш.Нина нартай 25 жилийн өмнөх түүхийг эргэн дурсаж, утсаар холбогдон дараах тодруулгыг авсан юм. 

Б.Хишигбат: “Партизан”-уудын маань тоо цөөрсөөр байна 

Б.Хишигбат 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 14 цагаас гуравдугаар сарын 9-ны өдрийн 22 цаг 15 минутыг хүртэл үргэлжилсэн улстөрийн өлсгөлөнд оролцсон ахдагчдын нэг. Тухайн үед тэрбээр нийслэлийн 84 дүгээр сургуулийн МХЗЭ-ийн хороон даргаар ажиллаж байжээ. 

-Та уг нь МАХН-ын шилдэг залуу боловсон хүчний нэг байсан юм билээ. Гэтэл яагаад энхрий хайрт намынхаа эсрэг эрслэн босож, улстөрийн анхны өлсгөлөнд хүртэл оролцсон хэрэг вэ?

-Тийм ээ. Тэр үедээ МХЗЭ гэдэг МАХН-ын дайчин туслагч байлаа. Гэвч тухайн үеийн залуусын дунд нийгмийн бурангуй байдлыг ойлгож ардчиллыг мөрөөдсөн хүн цөөнгүй байсан. Тэдний нэг нь л би. Тиймээс ч 1989 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Ардчилсан холбоонд элсэж байсан.

Өлсгөлөн зарлах үед МоАХ байгуулагдаад дөрвөн сар болж байсан юм. Нэг намын дарангуйллыг халж олон намын тогтолцоонд шилжих, нэг үзэл суртлаас олон ургальч үзэл суртлыг нэвтрүүлэх, социалист нийгмийн халах гэхчлэн бидний зорилго их байсан. Тэр бүгдэд МАХН-ын Улстөрийн товчоо чөдөр саад болж байсан учраас бидний эхний шаардлага Улстөрийн товчоог огцруулах байлаа. 

-Та бүхний тэмцэл талаар өнгөрөөгүй. Монгол Улс ардчилсан улс болж чадсан. Гэвч өнөөдөр ардчилсан хувьсгалын партизанууд “Энэ миний хүссэн ардчилал биш” гэж гомдоллох болсон. Таны хувьд ийм бодол төрдөг үү?

-Үгүй ээ, бидний хүсэж зорьж бүтээсэн бүхэнд би хайртай. Төгс ардчилал гэж хаана ч байхгүй. Аливаа процесс өрнөхдөө шулуун дардан зам туулдаггүй.

Бартаа саад, тотгор тохиолдохыг алийг тэр гэх вэ. Бартаа тохиолдоно гэдэг ардчиллаас ухарсны шинж биш.

Төгс ардчилал гэж хаана ч байхгүй.

Өнөөдрийн Монголд иргэд нь эрх чөлөөтэй, улстөр, эдийн засаг нь нээлттэй, тэгш хэмтэй, хэвлэл мэдээлэл чөлөөтэй байна.

Энэ бүгд ардчиллын гавьяа. Түүх түүх болохоосоо өмнө хүний мөрөөдөл байдаг гэсэн үг бий. Тэр үеийн бидний мөрөөдөл амьдрал болчхоод байхад бид “Хүссэн ардчилал энэ биш” гэж хэлж болохгүй. 

-Ардчиллын “партизан”-ууд хүссэн ардчиллынхаа буяныг эдэлж чадаж байгаа юу?

-Ардчилсан хувьсгалыг байгуулалцсан нөхдийн маань бараг 50 гаруй хувь нь биднийг орхин мөнх бусыг үзүүлжээ. Харин үлдэгсдийн маань тал хувь нь шахам нийгэмд байр сууриа олж, сайн сайхан ажиллаж, амьдарч байна. Үлдсэн 30 хувь нь идэвхгүй байдлаар, нийгмийн доод хэсэгт амьдарч байна. 

-Тэд яагаад тийм байдалтай болчхов оо?

-Алдаж онож, архи дарс, алиа цэнгэлд хөл алдсан гэх үү дээ. Гэвч тэдний гавьяа бүдгэрэх учиргүй л дээ. 

-Та одоо Замын-Үүдэд ажиллаж байна уу?

-Тийм ээ. Би Замын-Үүдийн Гаалийн даргаар ажиллаж байна.

Ш.Нина: Нөхөртэйгээ хуруудаж ялаад өлсгөлөнд оролцож байлаа

1990 оны улстөрийн өлсгөлөнд оролцсон ганц эмэгтэй Ш.Нина өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа. Хань Н.Алтангэрэлийнхээ хамт халуун залуу насандаа ардчиллын үйл хэрэгт зүтгэж явсандаа тэрбээр огтхон харамсдаггүй гэнэ. Харин жил бүрийн мартын өмнөхөн хэвлэлийн “од” жаахан зовоод байх юм хэмээн даруу зан гаргаж байлаа. 

-Тантай уулзах гээд чадсангүй. Яг энэ үеэр хэвлэлийнхэн өөрийг тань их хайдаг бололтой юм?

-Тийм шүү. Заримдаа санаа зовмоор л байдаг. Одоо эгч нь хамаатан саднуудтайгаа золголт хийгээд Төв аймгийн Баянчандмань суманд явж байна. 

-Ер нь яагаад анхны өлсгөлөнд оролцсон юм бэ. Тэр үед та ямар ажил хийдэг байсан бэ? 

-Азаар миний хань ардчилсан үзэлтэй хүн байсан юм. Н.Алтангэрэл гэж ардчиллын анхдагчийн нэг. Тиймээс надад ар гэрийн дарамт, шахалт байгаагүй. Аав, ээж бол айж л байсан. Гэхдээ ханьтайгаа мөрийцөж байгаад би ялсан болохоор өлсгөлөнд оролцсон.

Нөхөр маань бие муутай учраас би өөрөө өлссөн. Тухайн үед би нэгдсэн гуравдугаар эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. Гэхдээ би өвчтөнүүдээ орхиод өлссөн хэрэг биш шүү. Би статистик эмч. Тэгэхээр статистикийн мэдээллийг нөхөөд хийх боломжтой байсан. 

-Одоо бол хүмүүс янз бүрийн ашиг сонирхлоор өлсгөлөнд оролцдог болж. Тухайн үед ямар нэг ашиг харсан зүйл бий юу?

-Саяхны Ноён уулын асуудлаар өлсгөлөн энэ тэрийг харж байхад тодорхой ашиг сонирхол бас хажуугаар нь явдаг л юм шиг байна лээ. Харин бидний хувьд тийм зүйл огтхон ч байгаагүй юм шүү.

Нөхөр бид хоёр цэвэр өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлынхоо дагуу ардчилалд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Түүнээс ашиг хонжоо харж байсангүй. Тухайн үед тийм бусармаг зүйл дэлгэрээгүй байсан юм шүү. Хүмүүс мэднэ дээ. Харин ч их эрсдэлтэй хэрэгт залуу насны аагаар оролцсон юмаа. 

-Гуравдугаар сарын тэр өдрүүдийг МоАХ-ынхан хэрхэн дурсдаг вэ. Та бүхэн одоо эргэн уулзаж тэр өдрүүдээ тэмдэглэдэг үү?

-Жил бүр мэндчилгээ ирүүлдэг юм. МоАХ зөндөө л баярлуулдаг даа. Бид хоёрт хоёр өрөө байр бэлэглэсэн. Баярлаж л явдаг. Одоо ч нэг үеэ бодвол он жилүүд улам л холдоод байна даа. 

Өнөөдрөөс 25 жилийн өмнөх улстөрийн анхны өлсгөлөнд оролцож байсан анхдагчид ингэж ярьж байна. Тэдэнд халуун залуу нас, аймшиггүй чин зориг байсан. Алдах зүйл тэр үед тэдэнд байгаагүй.

Тэдний тэмцлийн үр дүнд МАХН-ын Улстөрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргаж Монголын нялх ардчилал нэг хүний хамраас цус гаргалгүй анхны томоохон ялалтыг байгуулсан түүхтэй. 

Зураг