Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гутранги бодолтойгоо тэмцэх ТАВАН арга

ikon.mn
2015 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Цас хөнгөн бударч, тэнгэр сааралтах өвлийн улиралд хэн бүхний сэтгэл санаа тогтворгүй болж эхэлдэг. Энэ нь яг л "Хаврын синдром"-той адил.

Энэ үед ухамсаргүйгээр цухалдаж, эрч хүч багасч, өөрийн үнэлэмж буурч өөрийгөө бусдаас дорд үзэх, эргэн тойрны хүмүүстэйгээ үл ойлголцож, муудалцах зэргээр шинж тэмдгүүд илэрч сэтгэл санаа тавгүйтдэг.

Сэтгэлээр унахад энэ дэлхий дээрх ямар ч зүйл нэмэр болохгүй мэт санагддаг. Хамгийн чухал нь иймэрхүү сэтгэл санааны тавгүй мэдрэмж нь хүмүүст нийтлэг тохиолддог бөгөөд үүнийг шийдэхэд тийм ч хэцүү биш ажээ.


Нэгдүгээр алхам: Өөрийгөө шүүмжлэх, буруутгахаа болих

Бусад хүн бүр таныг буруутгаж, шүүмжлэх үед түүнтэй эвлэрч, хөндлөнгийн хүний тодорхойлолтоор өөрийн дотоод мөн чанараа “азгүй амьтан” мэтээр ойлгож байгаа нь сэтгэл зүйн дархлаагүйг илтгэж буй.

Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй, хүндлэлтэй байх явдал юм. Өөртөө үнэнч, өөрийгөө хүндэлдэг хүн хэзээд бусдын зэмлэлийг хүртдэггүй. Харин танд хандаж хэлсэн бусдын шүүмж бүрийг хүндээр тусган авч, шаналах хэрэггүй.

Өөртөө үнэнч, өөрийгөө хүндэлдэг хүн хэзээд бусдын зэмлэлийг хүртдэггүй

Хоёрдугаар  алхам: Уур бухимдлаа тайлах аргуудад суралцах

Асуудал бүрийг тайван бус замаар шийдвэрлэх нь  мэдээж таагүй үр дүнд хүргэнэ. Тиймээс аливаа зүйлд хүлээцтэйгээр хандах, ирээдүйд гарах сөрөг нөлөөллийг тооцоолж харах нь сэтгэл санааны тавгүй мэдрэмжээс урьдчилан сэргийлэх “вакцин” болдог.

Бухимдсан үедээ өөртөө цаг гаргаж, гүнзгий амьсгаа авч, эрүүл мэндэд тань хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар мэдлэг олох гэх мэт аль болох тайван болох арга замыг сонгохыг хичээгээрэй. 

Гуравдугаар алхам: Өөрийгөө идэвхжүүлэх

Сэтгэл санаат тавгүйтсэн үедээ сульдаж, ядардгийг бие махбодиороо мэдэрдэг. Үүнтэй тэмцэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн нь физиологид тархины сэтгэцийн уян хатан чанарыг хадгалж, эндорфин буюу аз жаргалын дааврийг ялгаруулдаг нь шинжлэх ухаанд нотлогдсон.

Өдөрт зүрхний хэмнэлээ 20 минутын турш хурдасган, долоо хоногт ядаж дөрвөн удаа эрч хүчтэй хурд шаардсан дасгал хийх нь сэтгэл санааны байдлыг сайжруулдаг. 

Дөрөвдүгээр алхам: Өөрийгөө ганцаардуулахаа болих

Заримдаа таны дотор ганцаараа байсан нь дээр, намайг хэн ч ойлгохгүй гэх мэтчилэн бусдаас зугтах бодол эргэлддэг байх. Ичмээр нөхцөлд, хүнд үе мэт санагдаж байгаа бол ойр дотны хүндээ илэн далангүй ярих хэрэгтэй. Энэ нь өрөвдүүлэх, муугаа үзүүлэх гэсэн санаа биш. Харин танд санаа тавьдаг хүмүүст юу болж байгаа талаар бодитоор ойлгуулах боломж.

Эсвэл өөрийн сонирхлын дагуу нэгдсэн хүмүүсээр хүрээлүүлж, нийгмийн атмософерт нэгдээрэй. 

Тавдугаар алхам: Хором мөч бүхэн үнэтэй, уйтгарлаж суух цагаа багасга

Өөрийгөө хөгжүүл, бусадтай харилцаа тогтоо, дөрвөн хананы дунд бүү хүлэгд

Таны хамгийн том дайсан бол “хүмүүс” биш таны өөрийн “дотоод сөрөг бодол”. Таныг завтай байх үед гарч ирдэг “шимэгч” юм. Та яг одоо гутарч, уйтгарлаж байна уу? Тэгвэл та маш их завтай байгаагийн шинж. Завтай хүн сэтгэлээр хамгийн их унадаг гэх үг ч бий. Өөрийгөө хөгжүүл, бусадтай харилцаа тогтоо, дөрвөн хананы дунд бүү хүлэгд.

Эцэст нь: Сэтгэлзүйчид хандах

Шийдэж чадахгүй асуудалдаа санаа зовж, гутарч байгаа бол лам, бөө нарт биш мэргэжлийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Тэд шинжлэх ухааны онол, мэргэжлийн оношилгоо, тусламж, үйлчилгээний дагуу асуудлаа шийдэхэд тань туслах болно. 

Л. Алгирмаа

Эх сурвалж: www.setgel.org