Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл хөдлөлийг дүрслэх нь: Хайр маш их дулаан ялгаруулдаг

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Үндсэн (дээд эгнээ) болон хоёрдогч (доод эгнээ) хэлбэрийн сэтгэл хөдлөл биеийн аль хэсэгт мэдрэгддэг болохыг судлах зорилгоор нэгэн туршилт явуулсан байна. Дээрхи зураг дээр сэтгэл хөдлөл илрэх үед өдөөгддөг /идэвхждэг/ биеийн хэсгүүдийг дулаан өнгөөр дүрсэлжээ. Харин хүйтэн өнгөөр илэрхийлэгдсэн хэсгүүд тухайн сэтгэл хөдлөлийн үед идэвхгүй болдог. Та үүнтэй санал нийлж байна уу?    

Финляндын судлаачдын баг янз бүрийн сэтгэл хөдлөл биеийн аль хэсэгт мэдрэгддэг болохыг судалгаанд оролцогчдоос асуухад хүмүүсийн хариулт, дээрх физиологийн зурагтай хоорондоо таарч байв. Соёлын ялгаатай хүмүүсийн хувьд ч ижил гэж судалгааны үр дүнд бичжээ. 

Аз жаргалтай болон хайр дурлалын байдал бүх биеийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг бол сэтгэл гутрал эсрэгээрээ идэвхигүй болгодог гэж хүмүүс тодорхойлжээ. Сэтгэл гутралын үед гар, хөл болон толгойн хэсгийн үйл ажиллагаа сулардаг. Айх, түгших үед цээжний хэсэгт хүчтэй мэдрэмж бий болдог гэж судалгаанд оролцогчид хэлсэн. Уур хилэн нь гарын хэсгийг идэвхжүүлдэг цөөхөн сэтгэл хөдлөлийн нэг билээ. 

Аз жаргалтай болон хайр дурлалын байдал бүх биеийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг бол сэтгэл гутрал эсрэгээрээ идэвхигүй болгодог

Хэзээ нэгэн өдөр сэтгэл судлаачид энэ “биеийн сэтгэл хөдлөлийн тэмдгүүд”-ийн тусламжтай сэтгэл хөдлөлийн эмгэгүүдийг оношилж, эмчилнэ гэдэгт уг судалгааны багийнхан итгэлтэй байгаа.  

“Тархин дахь сэтгэл хөдлөлийн тогтолцоо нь бие махбодь руу дохио өгдөг. Тиймээс бид нөхцөл байдлыг зохицуулах боломжтой юм” гэж судалгааны удирдагч Аалто их сургуулийн (Aalto University) сэтгэл судлаач Лаури Нумменма (Lauri Nummenma) дурьджээ.  

 

“Та могой хармагц айдсыг мэдэрнэ. Таны мэдрэлийн систем булчинд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, зүрхний цохилтыг нэмэгдүүлснээр та аюулыг давж гарч чадна. Энэ бол автомат систем юм. Бид үүнийг бодохгүйгээр л хийдэг” Нумменма.

Үндсэн сэтгэл хөдлөл болох баяр хөөр, уйтгар гуниг болон айдас нь хоёрдогч сэтгэл хөдлөлийн үндэс суурь болдог.

Нумменма болон түүний хамтрагчид энгийн компьютерийн туршилтыг 700 сайн дурын оролцогч дээр явуулсан. Оролцогчид Финлянд, Швед болон Тайван зэрэг орны хүмүүс байжээ. 

Туршигдагчдад компьютер дээр хүний хоёр дүрс үзүүлж дараа нь 14 сэтгэл хөдлөлийг (хайр, зэвүүцэл, уур, гайхшрал г.м.) үг, түүх, кино эсвэл нүүрний илэрхийлэлийн тусламжтай бий болгосон.

Үр дүнгээс харахад уур, айдас, жигшил, баяр хөөр, уйтгар гуниг, түгшүүр болон хайр зэрэг нь бие махбодид хүчтэй мэдрэмжийг бий болгодог 

Оролцогчид тухайн өдөөгчийг харсаны дараагаар өдөөгдсөн /идэвхжсэн/ биеийн хэсгүүдийг дулаан өнгөөр будах даалгавар авсан. Хоёр дахь зурган дээр тухайн сэтгэл хөдлөл бий болоход биеийн аль хэсэг идэвхгүй болж байгааг будах ёстой /хүйтэн өнгөөр/ байлаа.

Үр дүнгээс харахад уур, айдас, жигшил, баяр хөөр, уйтгар гуниг, түгшүүр болон хайр зэрэг нь бие махбодид хүчтэй мэдрэмжийг бий болгодог нь тогтоогдсон. Гэхдээ уг мэдрэмжийн байршил нь сэтгэл хөдлөлийн хэлбэрээс хамаараад өөр өөр байсан. 

Европ болон Азийн соёл хооронд үр дүн ижил байсан нь сонирхол татсан ба сэтгэл хөдлөл нь соёлоос үл хамааран хөгжих зарчим нь ижил болох нь харагдсан.
“Хүмүүс уг туршилтыг ихэд сонирхож байсан ба туршилтыг маш хөгжилтэй гэж үнэлж байсан,” хэмээн багийнхан энэ талаар онцолжээ.

Гэхдээ хүн болгоны сэтгэл хөдлөлийг илэрхийлж будсан байдал ижил байгаагүй. Судлаачдын баг үр дүнг нэгтгэж дундаж утгыг гаргахад сэтгэл хөдлөл тус бүрийн гол шинж тэмдгүүд нийтлэг байсан.   

 

Судлаачид одоо хэр нь өөрийнхөө мэдрэмжийг үнэлж буй байдал болон сэтгэл хөдлөлтэй хамт үүсч буй бие махбодийн хариу үйлдэл хоёр хэрхэн таарч байгааг ойлгохгүй байна.

Нейро (мэдрэлийн) - сэтгэл судлаач Антонио Дамасио уг судалгаанд оролцоогүй ч үр дүнд нь маш сэтгэл хангалуун байсан. Учир нь түүний хэдэн жилийн турш ярьж байсан санааг ийн баталж өгсөн байна. Сэтгэл хөдлөл бүр биеийн янз бүрийн хэсгийг идэвхжүүлдэг. Энэ идэвхжилийг оюун ухаан танин мэдсэнээр бид ухамсартайгаар ямар сэтгэл хөдлөл илэрч буйг тодорхойлж чадаж байгаа юм.

“Хүмүүс сэтгэл хөдлөлийг хүрээлэн буй хүмүүстэй холбож ойлгодог. Гэхдээ сэтгэл хөдлөл ч ялгаагүй бид яаж хүрээлэн буй орчинтойгоо харилцаж байгаатай холбоотой” Өмнөд Калифорниагийн их сургуулийн профессор Дамасио. 

Бие махбодио мэдэрснээр юу болох гээд байгааг ямар сэтгэл хөдлөл илрэх гэж байгааг таамаглаж болно. 

Зарим үед өөрсдөө ч дурласан гэдгээ мэдэхгүй байхад зүрх хүчтэй цохилох, тэр хүнийг харахаар сандрах гэх зэргээр бидний бие махбодь дурласан эсэхийг хэлж өгдөг билээ.

Сэтгэл судлаач Б. Тунгалаг

Эх сурвалж: www.setgel.org