Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Засгийн газарт $100 саяын төлбөр ноогдуулав

ikon.mn
2015 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр Канадын Хан Ресурсез компани Монгол Улсын Засгийн газраас $100 саяын нөхөн төлбөр гаргуулах боллоо.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар 2009 онд тус компаний ураны лицензийг хүчингүй болгосны нөхөн төлбөр болон бусад зардлуудыг багтааж байгаа юм.

Шийдвэрийг Нидерландын Гааг хотод төвтэй Арбитрын Байнгын Шүүхээс гаргажээ.

Олон улсын арбитрын ажиллагаа 2011 оны нэгдүгээр сард Монгол Улсын Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу байгуулагдсан хамтарсан компани байгуулах гэрээ болон олон улсын Энергийн тунхаг бичигт үндэслэн эхэлжээ.

Урт хугацаанд үргэлжилсэн шүүх ажиллагааны үр дүнд Хан Ресурсез компаний бүх гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэж Монголын талыг Гадаадын Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу хүлээсэн үүргээ зөрчсөнд тооцсон байна.

Мөн Монголын тал өөрийн хүлээн зөвшөөрсөн олон улсын Энергийн Тунхаг бичгийг зөрчсөн гэж үзжээ.

Хан Ресурсез компаний Гүйцэтгэх захирал Грант Эдей “бидний Дорнод аймаг дахь хөрөнгийг хураасан явдал нь Монгол улсын хуулийг зөрчсөн гэж үзсэн Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна. Монгол улсын өмнөх Засгийн газар хууль бусаар Хан Ресурсезийн ураны ордыг хураан авч ямар нэг нөхөн төлбөр төлөөгүй нь хууль зөрчсөн хэрэг юм. Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа алдааг засах оролдлого хийж байгаа энэ үед барууны хөрөнгө оруулагчид шийдвэр хэрхэн хэрэгжихийг анхааралтай ажиглаж байгаа” хэмээн мэдэгджээ.

 

Эх сурвалж: Stockhouse.com