Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд өдөр

Д.Энхтүвшин
2015 оны 2 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Уг нь өнөөдөр долоо хоногийн ажлын сүүлийн өдөр учир тархи толгойгоо амрааж, хөнгөхөн зугаатай нийтлэл, ярилцлага уншвал хүмүүст илүү тааламжтай байх нь мэдээж. Гэтэл өчигдөр өглөөнөөс эхлээд л цахим ертөнцөөр дүүрэн хар бараан, сэтгэл эмзэглүүлсэн нийтлэл, сурвалжлага, ярилцлага хөвөрч Ерөнхийлөгч хүртэл хүнд шийдвэр гаргасан, хүнд өдөр байсан тухай жиргэсэн байсан. Үнэхээр хүнд өдөр өнгөрлөө.

Хүний хорвоод нэгэн хувь заяаг цогцлоох гэж, нэгэн их суу билэгтэн ч байж магадгүй амьдралыг туулах гэж, зүүний үзүүрт тогтсон арвайн ширхэг мэт ховорхон заяанд хүн болон мэндэлсэн дөрөвхөн настай охин азарганаас долоон дор, хүн дүрстэй араатан төрсөн эцэг гээчийнхээ хүчирхийллийн золиос болж даанч аймшигтайгаар хорвоогоос буцжээ. Гэхдээ тэрхүү араатан, түүний хамсаатан эмийн талаар цахим ертөнцөөр дүүрэн айж хэрдхиймээр мэдээллүүд цацагдсан тул ингэсхийгээд орхиё.

Өчигдрийн тухайд Монголын нийгмийг хоёр, гурав талцуулж тэрхүү дуулианы эзэн болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч тавгүйтүүлсэн хэргийн эзэн нь Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгөөс зайлсхийн зугатаад байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн явдал байв.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ихээхэн ашиг олж байсан хэрнээ татварт төлөх ёстой 35 тэрбум төгрөгөөс санаатай зайлсхийсэн “Өмнийн говийн элс” буюу “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Каплад хоёр дагуултай нь өршөөл үзүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө “Уучлал: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай.

Намайг магтахад би эргэлздэг. Шүүмжлэхэд ирлэгддэг, урамшуулахад зүтгэдэг, гутаахад инээдэг, дэмжихэд талархдаг. Би ийм эрх чөлөөнд баярладаг” хэмээн жиргэж Монголын баялгаар хагартлаа баяжсан мөртлөө зайлшгүй төлөх ёстой 35 тэрбумын татвараас зугтах санаатай байсан ч үнэнд гүйцэгдэн зургаан жил гаруйн хоригдох ял аваад байсан этгээдүүдэд өршөөл үзүүлэх нь ямархуу хэцүү шийдвэр байсныг учирлах шиг болсон.

Энэ үйл явдлын талаар Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр тайлбарлахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан “Саусгоби сэндс” ХХК-ийн захирал АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдсэн ажил. Ер нь Татвараас зайлсхийсэн хүнийг хорих нь зөв зүйтэй шийдэл биш гэсэн бодлогыг бид барьж байгаа.

Нөгөөтэйгүүр Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавиад байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг. Бид цаашдаа хууль эрх зүйн орчноо харах ёстой юм байна.

Татвараас зайлсхийсэн хүнээр мөнгийг нь заавал төлүүлэх ёстой. Энэ бол зарчим. Харин барьж аваачаад шоронд хорьчихоор чинь хэн ч татвараа төлөхгүй. Тухайн компани болон хувь хүн татвараас зайлсхийсэн бол тодорхой график гаргаад татварыг нь төлүүлдэг байх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн байсан. 

Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийнх нь хувьд тун хүнд шийдвэр гаргаад л өнгөрч.

Татвараас зайлсхийсэн хүнээр мөнгийг нь заавал төлүүлэх ёстой. 

Өөрийнх нь иргэн суллагдсаныг мэдмэгц АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албанаас “2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Саус Гоби Сэндс ХХК-ийн хэргийн шүүгдэгч гурван иргэнд, түүний дотор АНУ-ын иргэн Жастин Каплад албан ёсоор уучлал үзүүлсэн тухай мэдээллүүдийг бид харлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү үйлдэлд бид талархаж байна. Ноён Каплагийн өмгөөлөгчид түүнийг урьдчилан хорих төвөөс суллагдсаныг баталж байна. Энэхүү шийдвэр нь Ноён Каплад оногдуулсан байсан хилээр гарах хоригийг мөн цуцалж байгаа хэмээн бид ойлгож байгаа. Хэрэв тэрбээр АНУ руу буцахаар шийдвэл чөлөөтэй гарч болохоор болсонд бид баяртай байна.

Ноён Каплад холбогдох хэрэг гурван жил орчим үргэлжилсэн бөгөөд түүнд хилээр гарах хориг тавьсан, шүүн таслах ажиллагаа явагдаж, улмаар түүнийг хорьсон явдал нь ноён Каплад ихээхэн бэрхшээл учрууллаа. АНУ-ын Элчин сайдын яам хэргийг анхааралтай ажиглаж консулын шаардлагатай бүх туслалцааг үзүүлж ирлээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх орчны хувьд Монгол Улсад үнэлгээ өгөхөд энэ хэрэг сөргөөр нөлөөлж буйг бизнесийн хүрээнийхэн илэрхийлсэн билээ. Цаашид иймэрхүү хэргүүдийг Монгол Улсын эрх барих байгууллагуудын зүгээс шударга, ил тод бөгөөд Монгол Улсын хууль дүрэмд бүрэн нийцүүлэн шийдвэрлэнэ гэдэгт бид итгэж байна" гэсэн мэдэгдэл гаргаж.

Цахим ертөнцөөр шуугиж байгаа сэтгэгдлүүдийн ихэнх нь “Бид эх орондоо байна уу, АНУ-д толгой хоргодож сууна уу. АНУ-ын Элчин сайдын яамны дохио зангаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын толгойг илсээр байтал Монгол Улс уух усгүй, гишгэх газаргүй болох нь ээ” гээд ихэнх нь дургүйцлээ илэрхийлсэн сэтгэгдлээр дүүрчээ. Яамаар ч юм бэ дээ. Товчхондоо тун хүнд өдөр өнгөрлөө.

 

Зураг