Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Археологийн хүрээлэнгийн лабораторид 10 гаруй хатмал шарил хадгалагдаж байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
2006 онд Монгол- Орос-Германы хамтарсан экспедици Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд малтан судалсан Пазырыкийн үеийн (МЭӨ VII-III зуун)-ийн цэвдэгийн булшнаас илэрсэн мөсөн муми

Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг иргэн Э 200 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг хөдөөнөөс авчирч хашаандаа хадгалж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлж шарилыг Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шилжүүлэн, хэргийг мөрдөн шалгаж байгаа билээ.

Харин цахим ертөнцөд "уг шарилыг худалдах гэж байсан", "Монгол нутгаас олдож байгаагүй ховор шарил олдлоо", "200 жилийн өмнөх гэхээр хэний шарил байж болох вэ" гэх мэт олон таамаглал гараад байгаа юм. 

Тиймээс ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн "Палеоантропологи -Палеозоологийн судалгаа" секторын судлаач Ц.Амгалантөгстэй уулзаж манай орноос дээрх шарилтай төстэй шарил олдож байсан эсэхийг тодрууллаа.

-Палеоантропологи-Палеозоологийн секторын хувьд эртний хүн, амьтныг судалдаг гэсэн. Манай орноос өмнө нь одоо олдоод байгаа шиг занданшуулсан шарил олдож байсан уу?

-ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг буюу лабораторит одоогийн байдлаар 10 гаруй хатмал шарил буюу муми байгаа. Он цагийн хувьд хамгийн эртнийх нь 2006 онд  Монгол-Орос-Германы хамтарсан экспедици Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд малтан судалсан Пазырыкийн үеийн (МЭӨ VII-III зуун)-ийн цэвдэгийн булшнаас илэрсэн мөсөн муми байгаа.

МЭ X-XIV зууны үе буюу Дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн хатмал шарилууд  10 гаруй байна.

Тухайн дурсгалаас илэрсэн хүний ясны арьс, үс, мах зэрэг зөөлөн эдүүд нь тодорхой хэмжээгээр хадгалагдан үлдсэн. Энэхүү дурсгал нь 2006 онд  АНУ-ын "Discovery" сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн шилдэг 10-н нээлтийн нэгээр тодорч байсан.  

Мөн хүрээлэнгийн сан хөмрөгт МЭ X-XIV зууны үе буюу Дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн хатмал шарил 10 гаруй байна.

Дундад зууны үед нас барагсадаа оршуулахдаа газарт булах, ил задгай тавих, чандарлах зэргээс гадна өөр нэг оршуулгын зан үйлийн нэг болох уулын агуй, хадны хонгил, нөмөр нөөлөг газарт тавихдаа хад чулуугаар далдлан тавьдаг ёстой байсан. 

Хүрээлэнгийн лабораторит одоогийн байдлаар хамгийн эртний хүний ясны олдвор нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Салхит хэмээх газраас олдсон ойролцоогоор 30 000 жилийн настай эртний хүний яснаас гадна Хүрлийн үеэс нааш төмрийн түрүү, Хүннү, Түрэг Дундад зууны үе, мөн 1930-д оны үед холбогдох хүн, малын ясны нийт 1000 гаруй томоохон цуглуулга бий.  

-Тэдгээр шарилыг хаана хадгалдаг вэ. Музейд дэлгэн үзүүлж байсан уу?

-Өөрсдийн боломж бололцоондоо тааруулаад Археологийн хүрээлэнгийнхээ лабораторит хадгалдаг. Музейд дэлгэн үзүүлэх зориулалтын орчин байхгүй шүү дээ.

Гэхдээ аль болох хүмүүст үзүүлж харуулахыг зорьдог. Бид 2004 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас олдсон  нэг гэр бүлийн есөн хүний хатмал шарил, мөн 2002 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Их Нартын чулууны хадны оршуулгаас илэрсэн хатмал шарилуудыг АНУ-ын Смитсионы Институтидтэй хамтран лабораторийн нарийн судалгаа хийсэн.

Их Нартын хадны оршуулгаас илэрсэн дурсгалыг 2008 онд АНУ-д зохиогдсон "Чингис хаан" үзэсгэлэнд оролцуулсан. Судалгаа болон үзэсгэлэн дууссаны дараагаар Монголд авчирч Дорноговь аймгийн орон нутаг судлах музейд нь хүлээлгэн өгсөн.  

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хэцүү уулын агуйгаас олдсон эмэгтэй хүний хатмал шарил

-Нэг гэр бүлийн есөн хүний хатмал шарил олдсон гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

- 2004 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хэцүү уулын агуйгаас нэг настайгаас 60 орчим насны хүүхэд, том хүн нийлсэн есөн хүний шарил олсон.

Нарийвчилсан судалгааг АНУ-д хийсэн. Хатмал шарилуудаас арьс, үс, яс, булчин, ходоод, гэдэс дотор зэргээс дээж авч изотопийн судалгаа, ДНХ-ийн судалгаа, рентген, томографийн судалгаа тус тус хийгээд байна.

Хэцүү уулын агуйгаас  нэг настайгаас эхлэн 60 орчим насны хүүхэд том хүн нийлсэн есөн хүний шарил олсон.

Мөн он цаг тогтоох судалгаа хийснээр уг хүмүүс МЭ 1300-1470 оны үед холбогдоно гэж үзсэн. ДНХ-ийн судалгааны үр дүнд нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд эдгээрийг бүгдийг хоолойг нь нарийн олс, сураар боож алсан болох нь тогтоогдсон.

-Айлын хашаанаас олдсон гээд байгаа шарилыг хэдий үед хамаарах ямар шарил гэдэг дээр таны зүгээс дэвшүүлсэн таамаглал байгаа юу?

-Цагдаагийн байгууллагаас манайд хандаагүй. Би тэр шарилын зургийг л харсан.  Агуйд байгалийн жамаар хатсан шарил шиг харагдаж байна лээ. 

Гэхдээ нүдээр хараагүй, нарийн шинжилгээнд хамруулаагүй учир баттай мэдэхгүй байна.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг буюу лабораторид хадаглагдаж байгаа олдворууд /Тус лабораторид хатмал шарилыг хадгалах зориулатын хөргөгч байхгүй учир хүнсний зориулалтын хөлдөөгчинд олон тоогоор нь хийж хадгалдаг юм байна/

Байгалийн нөхцөлд агуйн хөмөлд хатсан амьтан
Археологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж байгаа эртний хүн, амьтны яснууд