Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Лодойсамбуу: Хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох цаг нэмэгдсэн

ikon.mn
2014 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил олон нийтийн дунд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээл хасагдсан тухай яриа дэгдэж нэг хэсэг шуугиулсан. Гэтэл саяхнаас эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасчээ гэх мэдээлэл гарах боллоо.

Бид энэ талаар БСШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ч.Лодойсамбуугаас тодруулсан юм.

- Гадуур яригдаад байгаа Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэдэг нь үнэн үү?

- Энэ жилээс орон даяар хэрэгжиж эхэлсэн “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-т эрүүл мэнд гэсэн тусдаа хичээл байхгүй. Гэхдээ хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох цаг өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн.

Өөрөөр хэлбэл хуучин шиг Эрүүл мэндийн хичээл гээд долоо хоногт нэг удаа 40 минут ороод, дараа нь бичгээр шалгалт аваад өнгөрдөг байдлыг өөрчилсөн.

Эрүүл мэнд гэдэг нь өөрөө 40 минутын нэг хичээлийн асуудал биш.

Эрүүл мэнд гэдэг нь өөрөө 40 минутын нэг хичээлийн асуудал биш юм.

Шинэ хөтөлбөрийн дагуу Хүн ба орчин, Хүн ба нийгэм, Иргэний боловсрол гэх мэт хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хандлага руу чиглэсэн бүх хичээлийн хөтөлбөрт эрүүл мэнд багтсан. Тэгэхээр долоо хоногт нэг удаа 40 минутаар ордог байсан хичээлийг харин ч өдөр бүр үздэг болсон гэсэн үг.

Ер нь аливаа хичээлийг хүүхэд үзээд, цээжлээд, шалгуулаад дүнгээ авсан эсэх нь чухал биш. Хамгийн гол нь хүүхэд хичээлээр үзсэнээ ойлгоод, амьдралд хэрэгжүүлж, хэвшиж, дадсан байвал тэр хичээл, тэр хөтөлбөр, тэр багш, сургуулийн зорилго биелж байгаа юм. 

- Тэгэхээр өмнө нь ордог байсан Эрүүл мэндийн хичээл үр дүнгүй байсан хэрэг үү?

- Огт үр дүнгүй байсан гэж хэлэхгүй. Гэхдээ үр дүнг өсгөх шаардлага байсан.

Хүүхдүүд нэг удаа дэвтэрт бичээд асуугддаг биш сурсанаа хийж хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэж үзсэн. Шүдээ хэрхэн зөв угаах, амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, яавал гэдэс өвддөг гэх мэтийг нэг удаа хэлж өгөөд бусад үед тоохгүй орхивол хүүхэд яаж ойлгож, хэрэгжүүлж хэвших вэ дээ. Хэрэв тэгвэл тэр бол эрүүл мэндийн хичээлийн л асуудал болж хувирна. Хүүхэд Эрүүл мэндийн хичээл дээрээ л түүнийгээ шалгуулахад болно гэдэг ойлголттой болчихно.

Гэтэл энэ хичээлийн хамгийн гол зорилго нь хүүхдийг эрүүл байх, эрүүл байхын үндэс суурийг ойлгож мэддэг, зөв дадал зуршилтай хүн болгох шүү дээ. Тиймээс л цар хүрээг нь илүү өргөжүүлсэн хэрэг.

Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх шинэ журамд зааснаар ангийнх нь хүүхдүүдийн эрүүл мэнд багшийн ажлын үнэлгээнд шууд нөлөөлөхөөр тусгаж өгсөн. Үр дүнд нь багш нар намар хичээл эхлэхээс нэг сарын өмнө хүүхэд бүрийнхээ шүдийг үзэж, шаардлагатай бол эцэг эхэд нь эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөдөг болсон байна. Учир нь хорхойтсон шүднээс үүдэн халдварт өвчин дэгдэх аюултай байдаг.

Тиймээс ангийнхаа хүүхдүүд, эцэг эхчүүдтэй хамтран ангиараа эрүүл мэндээ хамгаалж байна шүү дээ. Энэ бүхэн дан ганц сургууль, багшийн асуудал биш гэдгийг ч эцэг эхчүүд маань ойлгож эхэлж байна. Олон багшийн хэлж байгаагаар эцэг эхчүүдийн хандлага, оролцоо маш их сайжирч байгаа. 

- Нийгэмд бас нэгэн эрүүл мэндтэй холбоотой асуудал дэгдээд байна л даа. Цэцэрлэгүүдэд бөөс ихээр гарч байна. Хүүхэд нь бөөстөөд салахгүй байна гээд. Энэ асуудалд яам хэрхэн анхаарч байна вэ?

- Энэ бол цэвэр тухайн цэцэрлэг, цэцэрлэгийн хүүхдүүдийн гэр бүлийн хариуцах асуудал. Тэд хүүхдийнхээ ариун цэвэр, хүүхэд хүмүүжих орчны ариун цэврийг дээд зэргээр хангах үүрэгтэй.

Яамны зүгээс эрүүл, аюулгүй орчин байх бүх эрх зүйн асуудлыг нь шийдчихсэн. Одоо тухайн нэгж эцэг эхчүүдтэйгээ хамтраад сайн хэрэгжүүлэх л хэрэгтэй.

Энэ асуудалд ганц боловсролын яам гэлтгүй бүгд л анхаарал хандуулах ёстой. Тэр бөөс гээд байгаа нь хир бохирдлоос үүсч байна уу, амьтны гаралтай юм уу, агаарын бохирдол, чийгшилтэй холбоотой юм уу гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас судалж голомтыг нь тогтоох хэрэгтэй л дээ.

Тэгэж байж энэ асуудлыг шийднэ үү гэхээс бөөстсөн цэцэрлэг, бөөстүүлдэг багш, бөөстэй тэмцдэггүй яам гэсэн өнцгөөс хандвал энэ асуудал арилахгүй шүү дээ.

- Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө их хураадаг гэдэг гомдол тасардаггүй. Энэ асуудлыг ер нь яаж шийдэх ёстой юм бэ?

- БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2012 онд намар хичээл эхлэхтэй зэрэг А/92 тоот тушаал гаргасан. Энэ тушаалын дагуу оюутан, сурагч хүүхдүүдээс ямар нэгэн хандив татаас авахыг хориглосон.

Тэгэхээр бүх шатны боловсролын байгууллагууд тэр тушаалыг мөрдөх, мөрдүүлэх үүрэгтэй. Хэрэв эцэг эх гомдолтой байгаа бол хуулийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад хандах эрх зүйн орчин нь бүрдсэн гэсэн үг.

Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл ийм асуудал гарсаар байна вэ гэвэл эцэг эхчүүд өөрсдөө нэгдэж, нийлж олонхиороо шийдээд хүүхдийнхээ сурах орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулъя гээд мөнгө цуглуулж, хураалгаж байна л даа. Тэгэхээр эцэг эх тухайн байгууллагын удирдлага хоорондын ойлголцлын асуудал болчихож байгаа юм.

Зарим эцэг эхчүүд “Манай хүүхдийг 2000 төгрөг авч ир гэсэн байна. Амьдралд дарамт болж байна” гэдэг бол нөгөө хэсэг нь юунд зарцуулах гэж байгааг нь багштай нь уулзаж тодруулаад, “Нэг удаа гадуур хооллох мөнгөө хүүхэддээ зарцуулахад яах вэ дээ” гээд л өгдөг.

Үнэхээр үр дүнгүй зүйлд их зардал гаргахаар төлөвлөөд эцэг эхчүүдэд дарамт учруулсан тохиолдол гардаг. Тэр бүхэн хуулийнхаа дагуу шийдэгдээд, буруутай нь хариуцлагаа хүлээгээд л явдаг. Тэгэхээр эцэг эх, багш, хүүхэдтэйгээ аль болох ойр байж, ойлголцох л хэрэгтэй.