Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчид онлайнаар хичээллэнэ

ikon.mn
2014 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Боловсрол Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай онлайн, нээлттэй сургалтын хэн ч хаанаас ч үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломж бүхий АНУ-ын Хан академийн математик, дэлхийн түүх, биологийн видео хичээлүүдийг Монгол хэлнээ орчууллаа.  

Ерөнхий боловсролын математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд,  хүмүүнлэг, түүх болон SAT, GMAT шалгалтанд бэлтгэх сургалтын сэдвүүдийг хамарсан 6000 орчим видео хичээлээс 2014-2015 оны хичээлийн жилд математик, түүх, биологийн 500 хичээлийг Монгол хэл дээр орчуулан багш, сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэнэ.  

Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгох ажил 2015 оны хичээлийн жилд  үргэлжилнэ.  
 
Онлайн, нээлттэй видео хичээл нь суралцагчдад тухайн хичээлийн шинжлэх ухааны ойлголтыг таниулж, хийсвэр мэдлэгтэй болгоход биш түүний учир шалтгааныг ухаарч ойлгон бүтээлчээр суралцах арга барил эзэмших, ойлгосноо хэрэглэх бодит ур чадвартай болоход чухал ач холбогдолтой.

Онлайн самбар дээрх видео хичээлийн даалгавар англи хэл дээр байгаа нь суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд тустай бөгөөд сургалтыг өөрийн боломжоороо давтан үзэж, системтэйгээр шатлан суралцах боломжтой юм.

Хан академийн онлайн видео сургалтын агуулга, арга зүй өнөөгийн сургалтын системийн шийдвэрлэж чадахгүй олон асуудлыг шийдэж, үр дүнтэй нь нотлогдож байгаа тул дэлхийн 24 улс ач холбогдлыг нь үнэлж эх хэл рүүгээ орчуулж, сургуулиуддаа нэмэлт хэрэглэгдэхүүн байдлаар ашиглуулж байна. 



 Түүнчлэн Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Монгол хэл шинжлэл, Монгол  хэл, уран зохиолын  эрдэмтэн судлаачид, зохиолч, яруу найрагч, багш нар болон шинжлэх ухааны бусад бүх салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, хэвлэл, мэдээлэл, олон нийтийн өргөн оролцоо, хамтын ажиллагаа, үндэсний зөвшилцлийг бий болгох үндсэн дээр Монгол хэлний онлайн тайлбар толийг бүх салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, олон нийтийн өргөн оролцоотойгоор бүтээж хөгжүүлж байна. Энэ нь Монголын анхны оюуны бүтээлч хамтын өмчөөр бүртгүүлсэн буюу олон улсад нэрлэж хэвшсэнээр, Creative Commons (CC) лизенцтэй онлайн толь бичиг юм.    

Монголын салбарт оюуны бүтээлч хамтын өмчийн (Creative Commons) хууль, эрх зүйн шинэ ойлголт аажмаар олон улсын оюуны хамтын ажиллагааны шинэ дүрэм, стандарт болон төлөвшиж байна.

Нээлттэй мэдлэг боловсролын давалгаа нь Монголын боловсролын салбарыг цоо шинэ түвшинд гаргах боломжийг нээж байна. Энэхүү ажил нь урт хугацааны, өргөн хүрээтэй ажил боловч энэхүү анхны алхам, санаачлага нь ийнхүү боловсролын салбар, цаашлаад нийгмийн амьдралд үр дүнгээ өгч эхэллээ.