Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Cогтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

ikon.mn
2014 оны 11 сарын 27
iKon.MN

 - Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах шийдвэрийг гаргажээ -

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөл 7 бүлэг 36 зүйлтэй:

  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх
  • Худалдах
  • Үйлчилгээ эрхлэх
  • Импортлох 
  • Экспортлох 
  • Хэрэглээнд хяналт тавих
  • Согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлно.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгож, татвар, стандартчилал, хэмжил зүй, онцгой байдал, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгууллагын санал, эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сунгаж, хүчингүй болгоно.

Харин согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаа явуулах замаар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг СӨХ, татвар,  цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндсэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн сөрөг үр дагавар багасч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болно, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгосноор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо буурч, тэдгээрт тавих хяналт сайжирна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.