Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Даваасамбуу: Монгол эрдэмтдийн бүтээл чанараараа Азидаа тэргүүлж байна

ikon.mn
2014 оны 11 сарын 27
iKon.MN

БШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуутай ярилцлаа.

-Шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ. Цаашдын бодлого, зорилгоо тодорхойлохгүй юү? 

-Өнөөгийн байдлыг товч ярихад, төсвөөс олгож байгаа мөнгөний хэмжээнд хангалттай ажил хийж байна. Эрдэмтдийн бүтээлийн 25 хувь нь олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн.

Эдгээр бүтээлийн ишлэлийн тоогоор Азидаа гуравдугаар байрт орж байгаа нь хэдий бүтээлийн тоо цөөхөн ч чанартай байгааг илтгэж байгаа юм. Ер нь төслийн санхүүжилт бага, эрдэм шинжилгээний ажилтны тоо цөөн учраас үүнээс илүү гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл, өгч байгаа мөнгөний хэмжээнд хангалттай ажил хийж байгаа гэсэн үг.

Цаашдаа хууль эрхзүйн орчноо сайжруулах, бүр чанартай бүтээл гаргах зорилготой. Мөн дутагдалтай зүйлс ч бий. Мэдээж үүнийг засч, залруулах ажлыг хийнэ. 

-Төсвийн санхүүжилт бага гэж байна. Танай салбарт яг хэдэн төгрөгийн санхүүжилт өгдөг вэ?

-Манай салбарт төсвөөс олгож буй нийт мөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.17 хувь буюу ойролцоогоор 34.5 тэрбум төгрөг юм.  Энэ бол шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахад хангалтгүй.

Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс дээш хувийг шинжлэх ухааны салбарт оруулж, түүний үр ашгийг хүртдэг олон улсын жишигтэй. Манайх үүнээс бараг тав дахин бага хөрөнгө гаргаж байна. Энэ нь шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эрдэмтдийн бүтээлийг үр дүнд хүргэхүйц хангалттай мөнгө биш. Цаашдаа  төсөвт дарамт учруулахгүйгээр үе шаттай нэмэгдүүлэх зорилт дэвшүүлнэ. Арван жилийн дотор ойролцоогоор хоёр хувь хүргэхээр төлөвлөлөө. Өмнө нь салбарын санхүүжилт төсвийн үлдэгдэл хэлбэрээр санхүүждэг байв. Манай салбарынханд ч дутагдал байгаа. Төсвийг урьдчилан төлөвлөдөггүй, шууд ирсэн мөнгөн дээр л ажилладаг нь учир дутагдалтай.

Засгийн газрын 301 дэх журмаар судалгаа, боловсруулалтын ажлыг хөгжүүлэх төслийг оны эхний хагаст хийхээр тусгасан. Энэ нь салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

-Төсвөөс олгож байгаа санхүүжилтийг юу юунд зарцуулж байгаа вэ?

-Санхүүжилтийн мөнгөөр шинжлэх ухааны салбарт ажиллаж буй 1500 гаруй эрдэм шинжилгээний ажилчдын цалин, зургаан төрлийн төслийг санхүүжүүлдэг

Бид шинжлэх ухааныг улс орны эдийн засагт, нийгэмд үр ашгаа өгөх талаас нь хардаг

Зургаан төсөлд суурь судалгаа, шинжлэх ухаан, технологийн, инновацийн, цөм технологийн, гадаадтай хамтарсан төслүүд орж байна. 

-Манай улсын эрдэмтэд олон улсаас олон шагнал авч байна. Энэ эрдэмтдийн бүтээлийг Монголдоо нэвтрүүлж, хөрсөн дээр буулгах хэр боломжтой вэ?

-Бид шинжлэх ухааныг улс орны эдийн засагт, нийгэмд үр ашгаа өгөх талаас нь хардаг. Судалгаа, боловсруулалтын ажлыг эрдэмтдийнхээ академик эрх чөлөөг эрхэмлэнэ. Түүнээс гадна нийгэмд үр дүнгээ өгөх ажлыг илүү санхүүжүүлнэ.

Шууд шинжлэх ухааныг хөгжүүлэх гэж биш, улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилтыг тусгасан.