Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтоо: Боловсролын бодлогоор битгий оролдоосой

ikon.mn
2014 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт орон нутагт ямар байгааг тодруулахаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал Д. Цогтоотой уулзаж, ярилцлаа. 

-Орон даяар “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” буюу шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллээд гурван сар болж байна. Танай сургуульд хэр хэрэгжиж байна вэ?

-Хэрэгжүүлж эхлэх үед мэдээж зарим үед бэрхшээлүүд гарч байсан. Багш нар шантрах, ойлгохгүй байх гэх мэт. Гэхдээ ойлгохгүй байна гэдэг нь мэдэхгүй, чадахгүй гэсэн үг биш. Тэгэхээр ойлгох ёстой, уншиж судлах ёстой гэж үзээд бид хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд өнөөдөр эхэлж байсан үеээ эргээд харахад бид маш амжилттай хэрэгжүүлж байна гэж үзэж байгаа. 

-Амжилттай хэрэгжүүлж байна гэлээ. Ямар үр дүн гарав?

-Багшийн заах арга зүй өргөн хүрээгээр шинэчлэгдсэн. Багш бүр өөрийн хийж буй ажилдаа баяртай байна. Тэр баяр баясал нь хүүхдүүдийн ахиц амжилт юм.

Муу сурлагатан, багшийн сэтгэл зовдог хүүхдүүд гэсэн ойлголт багасчихлаа 

Ангийн арын ширээнд суудаг, өөрөөр хэлбэл бидний хэлж заншсанаар муу сурлагатан, багшийн сэтгэл зовдог хүүхдүүд гэсэн ойлголт багасчихлаа шүү дээ. Энэ бол маш чухал. Ангиараа хүүхдүүд дуулдаг, бүжиглэдэг болчихлоо. Өмнө нь ангид дуулдаг, бүждэг хэд нь л урдаа гараад явдаг байлаа шүү дээ. Энэ дуулна, бүжиглэнэ гэдгийг зарим хүмүүс зүгээр урлагийн үзлэгт бэлдээд байгаа юм уу, дуулж бүжиглэлээ л гэх юм.

Тэр математик нь хаана яваа юм бэ гэдэг. Гэтэл дуулна бүжиглэнэ гэдэг нь арга зүй юм шүү дээ. Дуулж бүжиглэхийн цаана хүүхэд нээлттэй болж байна. Огт дуулдаггүй хүүхэд байж. Уг нь дуулвал цаана нь хүч бололцоо нь байж. Өөрөөсөө ичээд байдаг.

Тиймээс л шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр өөртөө итгэх итгэлтэй болгож байна. Өөртөө итгэлтэй болж ч байна.

-Сургалтанд ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Бид хүүхдүүдээ сайн үйлийн эзэн болно шүү гэж сургадаг. Өмнө нь ингэж хэлж байгаагүй шүү дээ. Хүүхдүүд ээ сайн хүн болно шүү л гээд байдаг. Сайн хүн гэдэг нь юу гээд байгаа юм.

Гэтэл одоо тодорхой юм хэлж байна. Сайн үйл, хийж байгаа бүхэн чинь зөв, сайн байх ёстой. Энэ сургалтын хөтөлбөрийн гол зарчим нь энэ юм. Тийм болохоор л багш нар маань суралцаад, гаршаад, дээр нь хүүхэд хийдэг юмтай болоод ирэхээр л учраа олчихож байгаа юм.

Та бүгд бага ангийн хичээлд нэг суугаад үзээрэй. Тэр ангид болдог бүх зүйл өөрчлөгдсөн. Хүүхдээ сонсдог, хүүхдээ урамшуулдаг, тэднийхээ сонирхлыг хүндэлдэг тийм л хичээл байна. Хүүхдийг 40 минут номхон суулгаж үг цээжлүүлэхгүй. Хүүхдүүдтэйгээ 40 минут ярилцаж, өөрсдийг нь оролцуулж, ойлгуулж байна. Хүүхэд их сониуч. Сониуч байна гэдэг сонирхож байна гэсэн үг. Сонирхож байна гэдэг бол тэр зүйлийг сурна л гэсэн үг.

Тиймээс сонирхлыг нь татаж, сурхад нь мэдхэд нь тусалдаг тийм сургалт руу шилжсэн.

-Энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих нь сургуулийн захирлаас шууд хамааралтай гэж олон багш хэлж байсан л даа. Энэ үнэн үү?

-Ерөөсөө л тэр шүү дээ. Хичнээн сайн бодлого байгаад яг хэрэгжих нэгж дээрээ иртэл захирал нь хөдөлж өгөхгүй бол тэр хамт олон яаж хэрэгжүүлэх юм. Бүтэхгүй шүү дээ. Захирал гэдэг хүн бол зөвхөн бодлого тодорхойлоод суудаг хүн биш юм гэдгийг манай Л.Гантөмөр сайд хэлчихсэн. Эрх зүйн орчноо ч баталчихлаа шүү дээ. Та ийм юм хийнэ шүү гээд. Сайдын 01 албан тоот даалгаварт юу гэсэн бэ гэхээр “Сургуулийн захирал хичээл сургалтын ажилд хоёр цаг, бусад ажилд нэг цаг оролцоно” гээд захирамж гаргачихсан.

Сургалтын менежер нь өдөр бүхэн багшийнхаа үйл ажиллагаанд оролцож, танилцахад гурван цаг зарцуулаарай гэчихсэн. Өмнө нь яг ингэсэн удаа байдаггүй юм. Би 18 жил захирал хийсэн. Хүмүүс намайг сайн захирал гээд байхаар нь би өөрийгөө бас муугүй юм байна гэж бодоод байтал үүнийг л мэддэггүй байж шүү дээ. Нэг л сүрхий аж ахуйн ажил, нэг л сүрхий бодлого яриад л, ийм тийм бодлогыг та нар хэрэгжүүл гээд л.

Гэтэл бодлого гээд байгаа нь ерөөсөө ээлжит хичээл л байдаг байна шүү дээ. Нэг цагийн хичээлийг л багш яаж үр дүнтэй өнгөрөөж байна вэ. Ээлжит хичээл бүрийг явуулдаг багшийн арга зүй. Хүүхдэд гэсэн сэтгэл багшид суучихсан байна шүү дээ. Аль 2000 оны Засгийн газар хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго тавьж л байсан...

-Тэр үеийнхээс энэ шинэ бодлого тэгээд өөр юм уу?

-Одоо ч бас л адилхан хүүхэд бүрийг гээд хүүхдийн хөгжил л ярьж байна. Гэтэл юу нь өөр юм бэ гэхээр хэрэгжүүлэх технологи нь өөр. Энэ технологи хэрэгжих нөхцөл нь бүрэн бүрдсэн. Багш бүр, эцэг эх бүр сонирхдог болчихлоо. Эцэг эхчүүд “Ном”, “Авьяас” хөтөлбөрийг их сонирхсон.

Хүүхдүүд нь номонд дуртай, ном уншдаг, дуулж бүжиглэдэг, зохион бүтээдэг, өөртөө итгэлтэй хүн болж байгаа 

Хүүхдүүд нь номонд дуртай, ном уншдаг, дуулж бүжиглэдэг, зохион бүтээдэг, өөртөө итгэлтэй хүн болж байгаа болохоор л тэр.

-Та 18 жил захирлаар ажилласан. Бас 10 гаруй жил багшилсан. Тэгсэн мөртөө одоо л жинхнээсээ шинэчилж байгаа мэтээр ярьж байна. Өмнө нь боловсролын салбарт олон л шинэчлэл хийж байсан. Үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогуудаас энэ удаагийнх нь илүү байгаа оносон гэж хэлж байна уу?

-Тийм. Өмнө нь мэдээж бас бодож л гаргасан байж таарна шүү дээ тухайн үеийн бодлогоо. Дандаа л боловсролын салбарыг шинэчлэх шаардлагатай, хөтөлбөрийг шинэчлэе, агуулгыг, арга зүйг шинэчилье л гэдэг байсан. Тэгээд л шинэчлээд яваад л байсан.

Гэхдээ яг хүн нэг бүр дээр, яг та юу хийж шинэчлэгдэх вэ гэдгийг л орхиод байж. Сургуулийн захирал та юу хийж шинэчлэх вэ гэх зэрэг. Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмаар жишээ татъя. Захирал, багш, сургалтын менежер гурван өөр ажил хийдэг.

Гэтэл ажлын шалгуур нь нэг л байсан. Өөр ажил хийдэг хэрнээ адилхан дүгнүүлнэ. Гэтэл тэр журмыг шинэчилсэн. Одоо тэр гурван өөр ажил хийдэг хүний хийсэн ажил хүүхдэд яаж хүрч байна вэ гэдгийг л харна.

Үүнийг чи хийхэд хүүхэд рүү яаж чиглэх вэ гэдэг нь огт байгаагүй. Гэтэл өнөөдөр тэр гурав гурвуулаа өөр өөрийн ажлаа хийгээд, тэр хийсэн ажил нь хүүхэд рүү чиглэсэн, тэгээд хүүхдэд ямар ахиц гарсан бэ гэдгээс шалтгаалаад ажил нь дүгнэгддэг болчихсон.

-Энэ шинэчлэл хийгдээд, хөтөлбөр өөрчлөгдөөд хүүхдэд яг ямар ахиц гарч байна вэ? 

-Самбарын өмнө гарна гэдэг бол хүүхдэд айдас байсан. За чи наашаа гараад ир гэхэд л айдаг. Гэтэл өнөөдөр тийм юм байхгүй болсон. Яагаад гэхээр багаар суудаг. Багаараа ажиллана гэдэг яаж хийхээ бусадтайгаа ярина гэсэн үг. Тэгэхээр ганцаараа хийгээд, түүндээ итгэдэггүй байсан хүүхэд найзуудтайгаа ярилцаад, хамжаад хийсэн зүйлдээ итгэнэ биз дээ.

Багш, за хүүхдүүд ээ хот айлын тухай зураг зураарай гэхэд л хүүхдэд “яаж зурах вэ” гэсэн бодол төрнө. Зарим нь хот айл гэж мэдэхгүй. Хот айл гэж хотод байдаг айл юм уу бүү мэд. Тэгээд л багийнхантайгаа ярилцана. Зурна. Тэгэхээр мэддэггүй байсан хүүхэд ярилцсаны дүнд мэддэг болж, ойлгож авч байна. 

-Нэг хэсэг бага ангийн сургалтын хөтөлбөрөөс Уран зохиолын хичээлийг хаслаа гээд хэсэг шуугисан. Саяхан бас Эрүүл мэндийн хичээл байхгүй боллоо л гээд байна. Танай сургуульд эрүүл мэндийн хичээл орж байна уу?

-Огт хасаагүй шүү дээ, анхнаасаа. Яагаад тийм яриа гарах болсон юм бүү мэд. Харин эрүүл мэндийн хичээлийн хувьд яг “эрүү мэндийн хичээл” гээд долоо хоногт нэг цагийн хичээл байх ёстой гээд хайвал олдохгүй. Эрүүл мэндийн боловсролыг тэгж тусдаа салгаж ганц цагаар хязгаарлах нь угаасаа буруу шүү дээ. Эрүүл мэнд гэдэг чинь ямар нэг цагийн хичээлээр үзээд л өнгөрдөг тоо, бодлого юм уу. Үгүй, тэр бол төлөвшил, дадал, ерөөсөө л бүх зүйл. Тийм болохоор ёс суртахуун, хүн нийгэм, иргэний боловсрол, биеийн тамир гээд бүх хичээл эрүүл мэндтэй холбоотой байхаар төлөвлөсөн.

Хүүхдэд даарч болохгүй шүү, ингэвэл ханиад хүрнэ, тэгвэл тийм өвчин тусна гэдгийг заавал Эрүүл мэндийн багш хэлэх ёстой юм уу. Үгүй шүү дээ. Хүүхэд хийсэн, хийх бүхэндээ л хэрхэн эрүүл саруул байх, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай сурч, мэдэж авч байх ёстой. Ингээд агуулга талаас нь аваад үзвэл юун долоо хоногт нэг цагийн эрүүл мэндийн хичээл. Бараг өдөр бүр эрүүл мэндийн хичээл орж байна гэсэн үг. Дээр нь багшийн ажлыг үнэлэх дүгнэх журамд хүүхдийн эрүүл мэнд ямар байхаас багшийн ажлын үнэлгээ хамаардаг болчихсон.

Тэгэхээр эрүүл мэндийн хичээл хассан гэдэг бол бас л цуу яриа. Ер нь яаж ч бодсон хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгохгүй байхаар шийддэг боловсролын салбарын хүмүүс гэж хаана байх вэ дээ.

-Шинэчлэлийн Засгийн газар бас огцорлоо. Дахиад шинэ ерөнхий сайдтай боллоо. Одоо боловсролын салбарт дахиад л шинэчлэл хийнэ гэх болов уу?

-Битгий л тэгэж хүүхдийн ирээдүйгээр тоглоосой. Одоо хэрэгжиж байгаа шинэчлэлээс өөр зөв, сайн шинэчлэл байна гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна. Ер нь засаг төр яаж ч эргэж байсан энэ боловсролын салбарын бодлого хэвээрээ үргэлжилдэг байгаасай. Л. Гантөмөр сайд үүнийг хийгээсэй. Өөрийнх нь үед хэрэгжүүлж эхэлсэн бодлого зөв юм гэдгийг багш бүр дэмжлээ. Одоо түүнийг нь залгамжлаад үргэлжлүүлдэг байгаасай. Болж өгвөл сайдаараа үлдээсэй л гэж хүсч байна./инээв/