Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ус цэнгэг, байгаль дэлхий унаган төрхөөрөө байг

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Зайсанд Нийслэлийн иргэдийн очих дуртай олон газрууд бий. Зөвлөлтийн дайчдын хөшөө бүхий цогцолбор шинэ барилга, байшингуудын сүрд дарагдан бараг гээгдсэн бол сүүлийн жилүүдэд Бурхан багшийн сэрэг дүр бүхий цогцолборыг зорин очих хүмүүсийн тоо илт олширсон.

Харин хоёрхон жилийн өмнөөс олны хөл тасардаггүй бас нэгэн шинэ айл үүдээ нээж, өрхөө татсан нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв юм. Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын хөрөнгө оруулалтаар энэ төвийн барилгыг барьж, Монголын талд хүлээлгэн өгчээ.

Зайсанд байрлалтай Үндсэн хуулийн цэцийн байртай хаяа залган орших энэ байгууллага дотоод болон гадаад тохижилт, орчны хувьд нийслэлд ч ховорхонд орно. Эхний давхар нь үйлчилгээний зориулалтай. Энд байгаль хамгаалах чиглэлээр байгуулсан танин мэдэхүйн музей, байнга өөрчлөгдөж байдаг гэрэл зургийн үзэсгэлэн бий.

Загасны найман төрлийн аквариумд олон төрөл зүйлийн загас тэжээж байна. Музейн үзмэрүүд Монгол орны онгон байгаль, ургамал, амьтны аймгийн талаар цогц ойлголтыг өгнө. Тийм ч учраас нийслэлийн ерөнхий боловсролын олон сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, Их, дээд сургууль, коллежийн оюутнууд тус төвийн байнгын зочид, үйлчлүүлэгчид болжээ. 
 

Оюутан сурагчид байгаль хамгаалах, ногоон эдийн засгийг Монголд хөгжүүлэх, хог, хаягдлыг зохистой ашиглах, дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон асуудлаар сургалтад хамрагдаж мэдлэгээ дээшлүүлнэ. Энэ хэрээрээ тэд хамгийн идэвхтэй байгаль хамгаалагчид болдог.

Байгаль хамгаалах асуудлаар үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, хүрээлэн буй орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх асуудлаар сургалт зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах нь тус төвийн үндсэн үүрэг юм.

БОНХЯ-наас эхлээд төр, захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, байгаль хамгаалах, ногоон хөгжлийн асуудлаар эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх талаар тус төвийн хамт олон идэвх, санаачлагатай ажиллаж байна. Хоёрхон жилийн дотор үйл ажиллагаа нь тогтворжин, гар, санаа нийлсэн хамт олон бүрдсэн нь тус төвийн захирал М.Энхтайваны менежментийн ур чадвартай салшгүй холбоотой.

М.Энхтайван Москвагийн театр, урлагийн дээд сургуулийг төгссөн. Монгол орон ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс тэрбээр бизнесийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, энэ цаг үеийн шилдэг менежерүүдийн нэг болсон юм. Орос хэл дээр сургалттай “Русская гимназия” сургуулиас эхлээд бизнесийн хэд хэдэн компани байгуулан хөл дээр нь босгосон түүний туршлага улсын үйлдвэрийн газрыг богинохон хугацаанд шилдэг менежменттэй, цэвэр цэмцгэр, аюулгүй орчинтой цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд бүх насныхан бужигнасан сургалт, сурталчилгаа, арга зүйн төв болгоход нөлөөлсөн нь дамжиггүй. М.Энхтайван онцгой санаачлагатай, угаасаа урлагийн хүн болохоор санах, сэдэх нь хурдан, дизайн, уран сайхны хурц содон мэдрэмжтэй, зохион байгуулах ур чадвартай хүн.

Байшингийнхаа гаднах талбайгаас эхлээд давхар бүрийг маш сайхан тохижуулжээ. Машин, хүмүүс орох хаалга үүдийг тусгаарлан үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарсан байна. Үүдэнд тарьсан цэцгээс эхлээд үйлчлүүлэгчдийн сэтгэлийг татаж, гоо сайханы сэдэл санаа өгч, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж, амьдрах хүсэл сэтгэлийг төрүүлдэг. Юм бүхэн нь байраа олсон, хүмүүсийн ярьдгаар үнэхээр донжтой. Хананд хадсан ганц зургаас эхлээд  сургалт, сурталчилгаа, үзэсгэлэнгийн самбар, үзүүлэн бүр байраа олсон, өнгө будгийн төдийгүй өгүүлж буй санааны эрэмбэ, дараалал хүртэл хэн хүний сэтгэлд нийцтэй.  

Тус төвийн байнгын зочид нь хүүхдүүд. Тэдэнд бага балчираас нь байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хүмүүн байгалийн харилцаа, Монгол оронд байдаг ан амьтан, ургамлын төрөл зүйлийн талаар мэдээлэл, мэдлэг өгч, тансаг сайхныг мэдрүүлэх нь тус төвийн сургалт, арга зүйн олон талт үйл ажиллагааны үндсэн чиглэл юм.

Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл зөвхөн баясан хөгжих төдийгүй гэр орноосоо эхлээд амьдарч байгаа орчноо сайхан байлгах, цэцэг тарих, загас жараахай арчилж үржүүлэх гээд хүн байгаль хоёрыг ойртуулахад чиглэсэн анхны суурь хүмүүжил, хүсэл тэмүүллийг энэ төвд ирж сурч, эзэмшиж байгааг хамтран ажилладаг цэцэрлэгийн багш нар талархан ярьж байлаа. Олон ч байгууллага, хамт олон байгууллагаа энэ төвийн жишгээр тохижуулж, мод бут тарьж, цэцэгжүүлжээ.

Сургалт, сурталчилгааны байгууллагын тохижилт, соёлжилт, өнгө зүс, цэцэрлэгжүүлэлт, агааржуулалт зэрэг нь хүртэл бусдыг үлгэрлэн дагуулах, санаагүйг сануулах зорилготой байх ёстойг энэ төвийн хамт олон мөрдлөг болгон, анхнаас нь тодорхой зорилготой ажилласны үр дүн харьцангуй богинохон хугацаанд гарч, олны танил байгууллага, очих дуртай газар болж чадсан байна. 

2013 онд тус төв 11 чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж нийт 27 мянга 762 хүнд үйлчилсэн бол 2014 онд олон  “Иргэн бүр экологич” уриан дор хүүхэд, залуучууд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг өөрийн байрандаа болон аялалын, хөдөө орон нутагт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж, одоогийн байдлаар:  

 

  • Өөрийн байрандаа -  12 мянга 732
     
  • Аялалын хэлбэрээр -  107
     
  • Хөдөө орон нутагт  - 10 мянга 380 буюу 6 цэцэрлэг, 25 сургууль, 9 их дээд сургууль, Төв, Архангай, Дорноговь аймгийн  нийт  23 мянга 129 хүнд хүрч ажиллажээ.  


Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв өргөн гадаад харилцаатай. Хөрш орнуудаас эхлээд уг төвийг барьж байгуулсан Япон болон ХБНГУ, Унгар зэрэг олон орны байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг. Одоо ч тус төвд Жайка олон улсын байгууллагын сайн дурын гишүүн Хироки Ёкояама ажиллаж байна.  
2008 оны намар бид Монголын 100 хүүхэдтэй Японд айлчилж, хэд хэдэн муж, хотод зочилсон билээ. Олон сайхан арга хэмжээ зохион байгуулснаас япончуудын хог хаягдлыг ангилан ялгаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цэвэр цэмцгэр үйлдвэрүүд мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн.

Хироки Ёкояама монгол нөхөдтэйгөө хамтран Япон улс хог хаягдлыг хэрхэн шийддэг, айл өрхүүд хогийг хэрхэн ангилж үйлдвэрт тушаадаг, үйлдвэрүүд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зэргийг манай хүүхдүүдэд сурталчилж, ойлгуулж, сургалт явуулж байгаа нь маш их ач холбогдолтой арга хэмжээ юм. Нийслэл, хотуудын хатуу хог хаягдлыг тойрсон олон арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд, оюутан залуучуудыг оролцуулсан тойрон аялал хүртэл хийсэн байна. 

Төв бол сургалтын байгууллага. Энд сургалтын олон анги, зуу гаруй суудалтай лекц, хуралдааны танхимыг иж бүрэн тохижуулжээ. Төвд орон нутгийн болон олон улсын семинар, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн байнга болж байдаг.  БОНХЯ, аймгуудын байгаль хамгаалагчид туршлагаа солилцон, сургалтад хамрагддаг. Тус төвд ерөнхий боловсролын дунд сургуулийн  биологийн багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, биологийн улсын олимпиад хүртэл зохион байгуулж амжсан байна.

Тооны хэлээр товч өгүүлэхэд, тус төвийнхөн энэ оны эхний хагас жилд гэхэд өөрийн байрандаа 12732, аялалын хэлбэрээр 107, орон нутагт 10380 хүнийг хамран үйлчилгээ үзүүлжээ. 

Богд Хан уулынхаа өвөрт, Зайсан толгойн зүүн сугад өргөн түмнийг урин залж, байгаль хамгаалах их үйлсэд уриалан дуудаж байна. 

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтыг байнгын  хөтөлбөрөөр зохион байгуулах, уул уурхайн болон нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд зориулсан өндөр түвшний сургалтыг АНУ зэрэг олон жилийн туршлагатай улсад болон эх орондоо зохион байгуулах талаар М.Энхтайван захиралтай тус төвийнхөнд бодож, төлөвлөж байгаа олон бодит санаа, ажлууд бий. 

Захирал төвийнхөө шинэ залуу ажилтнуудаа мэргэшүүлэх, боловсрол, ур чадварыг нь дээшлүүлэхэд байнга анхаарал тавьдаг. Ажилтнуудын олонхи нь багш нар юм. Багшлах ур чадвараас эхлээд гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх, янз бүрийн насны хүмүүст хүрч багаар ажиллах чадвартай болгох талаар онцгой анхаарч байна. Захирлаасаа эхлээд хүн бүр гэрэл зурагчид, дизайнарууд.  Инженер, техникийн ажилтнууд нь ч гэсэн бүх талаар мэргэшсэн ийм нэгэн гар санаа нийлсэн хамт олон Богд Хан уулынхаа өвөрт, Зайсан толгойн зүүн сугад өргөн түмнийг урин залж, байгаль хамгаалах их үйлсэд уриалан дуудаж  байна. 

Нийтлэлч В.Алзахгүй /Өдрийн сонин/