Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цангаах тактик

Ж.Отгонмягмар
2014 оны 10 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Сүүлийн үед цэцэрлэгтэй  холбоотой элдэв асуудал гарах болов. Хүүхдүүдийг зодсон, түлсэн, хоолны хордлого гэх зэрэг асуудлууд ар араасаа гарсаар байна. Тэгвэл багш нарын өөр нэг балаг чих дэлсэх боллоо.

Тодруулбал, цэцэрлэгт явсан хүүхэд  орой нь гэртээ ирэхдээ ангаж, цангасан байдалтай ирдэг болсон асуудал юм. Учир нь цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг өмдөндөө бие засахаас “сэргийлэхийн” тулд өдөрт  тун бага хэмжээтэй шингэн уулгадаг гэсэн үг. Уг нь хүний биеийн жингийн 65-70 хувийг ус эзэлдэг гэдэг. Тиймээс хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай байдаг.

Учир нь амьсгалах, хөлс гарах, шээх зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг. Ийнхүү алдаж байгаа шингэнээ ус ууж нөхдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ус нь хүний биеийн цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеийн бохир зүйлийг түргэн гадагшлуулдаг. Тиймээс ч хүүхдүүд буцалсан ус уувал хоол боловсруулах системд нь тус дэм болдог гэж мэргэжилтнүүд зөвлөдөг билээ.

Гэтэл цэцэрлэгт хүүхдээ өгсөн найзууд маань хүүхэд нь цангаж “ээжээ, ээжээ ундаа гэсээр гарч ирээд, нэг дор бүтэн ундаа залгилдаг” гэж ярихтай хэд хэдэн удаа таарсан юм. Ид өсч торних насанд нь залхуурлаасаа болж бяцхан үрсийг цангааж, улмаар эрүүл мэндэд нь “заналхийлж” байгаад холбогдох байгууллага анхаарах цаг нь болжээ.

Тэгээд ч цэцэрлэгүүдэд гарч байгаа эдгээр асуудлыг багасгах “сонгодог” гарц нь камержуулалт гэдэгтэй маргах хүн цөөн биз. Учир нь багшид тавих хяналт муу байдгаас үүдэн гардаг зөрчилтэй асуудал буурахгүй байна юм.
 



Тухайлбал, өнгөрсөн зургадугаар  сард нийслэлийн Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэгийн багш Д.Цэнд-Аюуш нь бага насны хүүхдүүдийг байнга тарчлаан зоддог болохыг шүүхээс тогтоож,  хоёр жилийн хорих ял оноож, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан. Мөн гурван настай охиныг “өмдөндөө шээлээ” гэж галын асаагуураар түлж, тарчлаасан гэх 113 дугаар цэцэрлэгийн багш Я.Нямцэцэгт гурван сарын хорих ял оноосон гээд нэлээд урт жагсаалт үргэлжилнэ.

Тиймээс цэцэрлэгүүдийг камержуулж,  хяналтын дэлгэцийг цэцэрлэгийн менежерийн өрөөнд байрлуулчихвал оновчтой.  Учир нь камераар багшийн үйл ажиллагаа, заах арга барил гээд бүгдийг хянаж болно. Тухайн багш  хяналтад байгаа гэдгээ мэдэж байгаа учир хүүхдийг цохих, зодох зэргээр балмад үйлдэл гаргахгүй.

Стандарт нормын дагуу хооллож, ундлахаар хичээж ажиллах нь ойлгомжтой. Тэгээд ч эцэг эхчүүд ямар нэгэн санаа зовох асуудалгүй багшийн гарт эрдэнэ болсон бяцхан үрсээ өгнө.

Гэхдээ камержуулалт гэхээр хатуу хяналт гэж ойлгуулах бус багш, эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой учир энэхүү мэдээллийн технологийн дэвшлийг цэцэрлэгүүдэд нэвтрүүлж байна гэдгийг ойлгуулах нь чухал юм. Эхний ээлжинд 1-3 настай хүүхдүүдтэй ангид камержуулалтыг хийх хэрэгтэй.

Учир нь тэд болсон явдал болон өөрийгөө илэрхийлэхдээ хангалтгүй.  Харин түүнээс дээш насныхан бол “багш тэгсэн, тэр хүүхэд ингэсэн” гээд хэлчихнэ. Ямар нэгэн  асуудал гарвал шууд багштай нь тулж харьцана.

Тиймээс өөрийгөө илэрхийлэхэд хараахан суралцаагүй  гэнэн үрс “өмдөндөө шээлээ” гэж балмад багшдаа  зодуулахгүй, түлүүлэхгүй гэсэн үг. Уух шингэнээ хориулж эрүүл мэндээрээ хохирохгүй болно.

Зураг