Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Усны тоолуурын эд ангиуд нь усны шинж чанарыг өөрчлөхгүй материалаар хийгдсэн байх ёстой

ikon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Усны тоолуурын заалтаар хэрэглэгч төлбөр тооцоогоо  хийдэг тул улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн нэг юм. 

Ийм учраас “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль”-ийн 9-р зүйлийн дагуу  Стандартчилал, хэмжил зүйн газар болон аймаг орон нутгийн СХХ-үүд халуун, хүйтэн  усны тоолуурыг 2-6 жил тутамд улсын баталгаажуулалтад заавал хамруулах ажлыг зохион байгуулдаг.  

15 мм-ийн диаметртэй халуун, хүйтэн усны тоолуурын хувьд айл өрхөд суурилагдсан бол 6 жилд 1 удаа, аж ахуйн нэгж, байгууллагад суурилагдсан бол 2 жилд 1 удаа, бусад диаметрийн тоолууруудыг 2 жил тутамд баталгаажуулж байхаар зохицуулсан байдаг. 

Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайдын 2004 оны 07 тоот тушаалаар “Тусгай зөвшөөрөлтэйгээр суурилуулах, хэмжих хэрэгслийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд энэ жагсаалтанд усны тоолуур орсон байна. 

Усны тоолуур нэгэнт төрийн хяналтад хамрагддаг тул тэдгээрийг үйлдвэрлэх, засварлах, суурилуулах ажил үйлчилгээг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн дагуу хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж эрхэлдэг.  

Улаанбаатар хотын хэмжээнд тоолууржуулалтын байдал аж ахуйн нэгж, байгууллага 90%, айл өрх 70 гаруй хувьтай байна. 

Хэмжих хэрэгслийг суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу Стандартчилал, хэмжил зүйн газар хэрэгжүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар усны тоолуур суурилуулах, засварлах, худалдах үйл ажиллагааг 87 аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж байна.

“Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн дагуу улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортоор нийлүүлэх тохиолдолд загварын туршилтанд хамруулан, улсын бүртгэлд бүртгүүлж Монгол Улсад ашиглах зөвшөөрлийг авдаг. 

Өнөөдрийн байдлаар 10 орны 26 үйлдвэрлэгчийн 20 гаруй загварын халуун, хүйтэн усны тоолуур хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд тоолууржуулалтын байдал аж ахуйн нэгж, байгууллага 90%, айл өрх 70 гаруй хувьтай байна. 

Монгол Улсад ашиглах усны тоолуурт тавих ерөнхий шаардлагыг дараах байдлаар тогтоосон байна. 

  • Усны тоолуурт үйлдвэрлэгчээс олгосон ашиглалтын нийт хугацаанд /12 жил/   4-5 удаа улсын баталгаажуулалт хийнэ гэж тооцвол тухайн тоолуурын эд ангийг задалж, угааж цэвэрлэх, тохируулга хийх, эргээд угсрах, баталгаажуулах, битүүмжлэлийн лац ломбо тавих боломжоор хангагдсан байна. 
     
  • Үндэсний болон олон улсын стандарт, техникийн шаардлагын дагуу усны тоолуурын эд ангиуд нь зэвэрдэггүй, усны шинж чанарыг өөрчлөхгүй эд материалаар хийгдсэн байна.
     
  • Усны тоолуур нь хэмжлийн нарийвчлалаараа “А” ба “В” анги гэж хуваагддаг бөгөөд нийлүүлэгдэх, суурилуулах тоолуур нь “В” ангийн нарийвчлалын шаардлагыг хангасан,  хуурай тоолуур  байх нь зүйтэй.
     
  • Усны тоолуурыг холбох хэрэгсэл, хог шүүгчийн хамт нийлүүлэх, суурилуулах.
     
  • Усны тоолуур нь хэмжих хэрэгслийн загварын туршилтад орж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
     
  • Усны тоолуур нийлүүлэх, суурилуулах аж ахуй нэгж, байгууллага нь Хэмжилзүйн төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байна.
     
  • СХҮТ-ийн Зөвлөлийн 2000 оны 79 тоот тогтоолоор “нийлбэрлэн тоологчгүй, олон зүүтэй усны тоолуурыг 2000 оны 2-р сараас эхэлж баталгаажуулах, суурилуулахыг хориглосон” 
     
  • Усны тоолуурыг газар дээр нь зөөврийн аргаар  шалгах  нь стандартын шаардлагыг бүрэн хангаж чаддаггүй учир зориулалтын суурин шалгалтын эталон төхөөрөмтэй лабораторт баталгаажуулалт хийдэг.

Тоолууржуулсанаар гарах үр ашиг

  • Үйлдвэрлэл, ашигт малтмал олборлолт, ахуйн хэрэглээнд ашиглаж буй усны бодит хэрэглээг зөв тооцох.
     
  • Нийлүүлэгч болон хэрэглэгчийн хоорондын усны тооцоонд маргаан үүсэхгүй байх.
     
  • Хэрэглэгч усны хэрэглээгээ зөв бодитоор хянаж, эдийн засгийн хэмнэлттэй байх.
     
  • Усны нөөцийг зөв зохистой хэрэглэж сурах.
     
  • Усны үр ашиггүй хэрэглээг багасгах, нөөцийг хэмнэх, хомсдол бий болохоос сэргийлэх.