Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

З.Гантулга: Ажилчдын хариуцлагагүй байдлаас болж цогцос солигдсон

Ж.Отгонмягмар
2014 оны 9 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэх мэдээлэл өчигдөр цацагдсан билээ. Тиймээс энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгатай ярилцлаа.
 
-Шүүхийн шинжилгээний төвийн харьяа шүүх эмнэлгийн хэлтсээс цогцос алга болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа мэдээлэл үнэн. Гэхдээ цогцос алга болсон зүйл байхгүй. Харин цогцоснууд хоорондоо солигдсон хэрэг гарсан. Энэ асуудал өнгөрсөн сарын 10-нд гарсан юм. Манай Шүүх шинжилгээний хэлтсийн цогцос хадгалах газарт яг тэр өдөр хоёр  цогцос ирсэн. Нэг нь гэртээ нас барсан, нөгөөх нь Хан-Уул дүүргээс ирсэн, нэр хаяг нь тодорхойгүй цогцос байсан.

Тухайн үедээ хоёр цогцсыг задлан шинжилгээнд оруулсан юм. Улмаар эхний цогцосны оршуулга өнгөрсөн наймдугаар сарын 13-нд болсон. Харин дараагийн цогцсыг харзалзах эзэнгүй гэж үзээд оршуулсан. Гэтэл энэхүү ажлыг хариуцаж байсан ажилчин, алба хаагчдын буруугаас болж цогцоснууд солигдчихсон байсан.
 
-Цогцоснууд солигдсон гэдгийг яаж мэдсэн бэ. Яагаад солигдох болсон юм бол?
 
-Энэ сарын 8-ны өдөр цогцос солигдсон байна гэх гомдлыг ар гэрийнхэн нь гаргасан. Ингээд шалгаад цогцос солигдсоныг мэдсэн. Ямар байдлаар солигдсон талаар бид ажлын хэсэг байгуулаад, Хууль зүйн яам руу мэдэгдсэн. Мөн цагдаагийн байгууллага болон манай Дотоод хяналт шалгалтын тасгаас холбогдох шалгалтууд явуулж байгаа. Ямар ч байсан цогцосны зөрүүг арилгаж, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэн нь нас барагсдынхаа цогцсыг авч, ном журмын дагуу оршуулсан.
 
-Ямар учраас цогцсыг сольсон гэдэг нь тодорхой болоогүй гэсэн үг үү?
 
-Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн манай дотоод аюулгүй байдлын тасаг ч албаны шалгалтаа явуулж байна. Түүнчлэн Хууль зүйн яамнаас ч шалгалт хийж байгаа. Тиймээс асуудлыг нэг мөр болтол үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид шалгалт дууссаны дараа нэгдсэн мэдээлэл хийх болно.
 
-Тэгвэл оршуулчихсан цогцсыг дахин ухаж авч, зөрүүг нь гаргасан юм уу?
 

-Тэгсэн. Манай байгууллагаас Цагдаагийн байгууллагатай хамтраад ном журмын дагуу прокурорын хяналтад, бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод экскомац буюу булш эргэж шинжилдэг ажиллагаа хийх замаар цогцсыг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.
 
-Хэд орчим насны хүмүүсийн цогцос байсан бэ. Ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?
 
-60 орчим насны хоёр хүний цогцос байсан. Ар гэрийнхэнтэй нь уулзаад, албан ёсоор уучлалт гуйсан. Мөн оршуулах үйл явцад нь туслалцаа, дэмжлэг үзүүлсэн.
 
-Цахим сайтуудаар цацагдаад байгаа мэдээнд 61-ийн гармаас цогцсыг олж ирсэн гэсэн байсан?
 
-Харгалзах эзэнгүй гэх цогцсыг 61- ийн гарманд байрладаг оршуулгын газарт оршуулсан байсан юм билээ. Тэндээс цогцсыг гаргаж ар гэрийнхэнд нь өгснөөр солиог нь гаргасан хэрэг болсон.
 
-Шалгалтын ажиллагаа дуусвал хайхрамжгүй ажилласан алдсан алба хаагчдад ямар хариуцлага тооцох вэ?
 
-Энэ асуудал манайхаас халиад цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж эхэлсэн. Тиймээс урьдчилаад хариуцлага ногдуулах талаар хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан байгууллагын хэмжээнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Улмаар албанаас халах, сануулах, цалингийн хувиар торгох гэх мэт арга хэмжээг авах болно.
 
-Цаашид ийм алдаа гарахгүй гэх баталгаа байгаа юу. Танай байгууллага камертай юу?
 
-Бид цаашид том алдаа гаргахгүй талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тодруулбал  цогцос хадгалдаг өрөөнүүдийг бүгдийг нь камертай болгох, хяналтын системийг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Үнэхээр цаг үе хэцүү болсон шүү дээ. Одоо бол манай өрөөнүүдийг нийтэд нь хянадаг нэг камертай байгаа. Цаашид дахин ийм асуудал гаргахгүйн тулд бүх өрөөгөө бүрэн камержуулахаар ажиллаж байна.
 
-Ер нь танай шүүх шинжилгээний хүрээлэнд өдөртөө хэдэн цогцос ирдэг вэ. Ингэж солиод, будлиад байх хэмжээний их байдаг хэрэг үү?
 
-Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагуудад манайхаас цогцос гаргадаг. Тэгээд ийм олон цогцос гаргадаг болохоор ийм асуудал үүсчихлээ. Байгууллагын цэвэр хариуцлагагүй байдлаас болсон алдаа гэдгийг бүрэн хүлээж байна.

Зураг