Уншиж байна ...

Кеннедийн удмын улс төрч тархиндаа хорхойтой ч Байден, Трамп нарыг мэтгэлцээнд ялахаа амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд гол хоёр намын нэр дэвшигчдээс гадна бие даан өрсөлдөж буй нэг нэр дэвшигч байгаа нь “бага” Роберт Кеннеди юм.

Одоо 70 настай тэрбээр АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн дүүгийн хүүхэд бөгөөд аав нь АНУ-ын ерөнхий прокурор, Нью-Йорк мужийн сенатор агсан Роберт Кеннеди ажээ.

Саяхан Роберт Кеннедийн эрүүл мэндтэй холбоотой дуулиан дэгдсэн юм.

Тухайлбал Нью-Йорк Таймс сонин 2012 онд түүний гэр бүлээ цуцлуулахаар гаргасан өргөдөлд биед нь халдварласан шимэгч хорхой тархины зарим хэсгийг идэж устгасан тухай мэдүүлгийг олж нийтэлжээ.

Шүүхэд гаргасан уг мэдүүлэгт “Миний биед шимэгч хорхой халдварлаж, тархины зарим хэсгийг идэж устгаад үхсэн. Үүний улмаас миний богино болон урт хугацааны ой санамж алдагдаж байсан” гэж бичсэн байв.

Эхлээд эмч нар Кеннедийн тархины зургаас илэрсэн бараан толбыг хавдар байж болзошгүй гэж оношилсон ч сүүлд үхсэн шимэгч хорхой болохыг тогтоож байжээ.

Мэргэжилтнүүд Кеннедийг гадаадад, тухайлбал Өмнөд Азийн орнуудаар аялж байхдаа хоол хүнснээс гахайн туузан хорхойн халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна.

Нью-Йорк Таймсын мэдээ нийтлэгдсэний дараа Кеннедийн сонгуулийн штабаас гаргасан тайлбарт “Энэ асуудал 10 гаруй жилийн өмнө шийдэгдсэн. Одоо түүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд маш сайн байгаа. Ноён Кеннедийн эрүүл мэндэд эргэлзээ үүсгэх нь өрсөлдөөний явуургүй арга юм” гэжээ.

Тэгвэл Пүрэв гарагт нэр дэвшигч өөрийн Х хуудсанд энэ талаар мэдэгдэл гаргасан байна.

“Би дахиад таван хорхой идсэн ч ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Байден нарыг мэтгэлцээнд ялж чадна. Бүр зургааг идсэн ч үр дүндээ итгэлтэй байна” гэж тэр мэдэгджээ.

81 настай Байден, 77 настай Трамп нарт Америкийн сонгогчид сэтгэл дундуур байгаа нь судалгаануудаас харагдаж байгаа.

Харьцангуй залуу Кеннеди тэдэнтэй хүчтэй өрсөлдөх магадлал бага ч хоёр нэр дэвшигчийн хэн хэнийх нь саналаас хуваалцаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press