Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Крым болон Сочи хотод КАЗИНО байгуулахыг В.Путин зөвшөөрлөө

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хот болон Крымийг тоглоомын бүс байгуулахыг зөвшөөрсөн бүс нутгуудын жагсаалтанд багтаасан хуулинд гарын үсэг зуржээ.

Энэ хуулийг долоодугаар сарын дөрөвний өдөр Төрийн дум хүлээн авч, Холбооны зөвлөл долоодугаар сарын есний өдөр дэмжээд байсан юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн баталгаажуулсан хуулийн дагуу Крымд байгуулагдах тоглоомын бүсийн хилийг тус улсын гүйцэтгэх засаглалын байгууллагууд тодорхойлох юм байна. 

Тоглоомын бүс байгуулснаар тус бүс нутагт нэмэлт хөрөнгө оруулалт татаж, шинээр ажлын байр бий болгохын дээр төсвийн орлогийн суурыг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Шинжээчдийн тооцоолсноор тоглоомын бүс байгуулснаар Крымийн төсөв жилд 25 тэрбум рубль олох боломжтой гэнэ.

Түүнээс гадна “тус бүс нутагт жуулчдын урсгал нэмэгдэж, зочид буудал, нийтийн хоолны салбар хөгжинө” гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.

Крымд тоглоомын бүс байгуулахад 100 саяас 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж өмнө нь Крымийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Сергей Аксенов мэдэгдэж байсан юм. Түүний өгүүлснээр тоглоомын бүсийг Ялтад байрлуулах боломжтой ч одоогоор тодорхой объект сонгоогүй байгаа гэнэ. 

Харин Сочи хотод тоглоомын бүс байгуулахын тулд хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна.

Олимп зохион байгуулагдсан объектуудыг хувийн хөрөнгө оруулалтаар барьсан тул зохих нэмэлт өөрчлөлт оруулан, энэхүү асуудлыг хэлэлцснээр эдгээр барилгуудыг тоглоомын бүсийн зориулалтаар ашиглах гэнэ.