Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол мазаалай дэлхийд цор ганц гэдгийг тогтоолоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 15
iKon.MN
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лобарторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр

-Хамгийн сүүлд буюу 2008 онд хийсэн судалгаагаар Монгол мазаалайн тоо 22 гэж тоологдсон-

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр Монгол мазаалайн генийн судалгааг АНУ-д хийж дууссанаа өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр энэхүү судалгаагаа АНУ-ын Айдахогийн их сургуулийн профессор Lissetle Waits-тай хамтран хийжээ.

Мазаалайн генийн судагааг хийхдээ эцэг, эхийн генийн түвшинд судалсан бөгөөд мөн бөөмийн ДНК-г судалсан аж.

Гэтэл энэхүү судалгааны дүн төсөөлснөөс өөрөөр гарсан байна. Өөрөөр хэлбэл, 1980 онд ОХУ-ын эрдэмтэд Монгол мазаалайг судлаад Түвдийн баавгай гэж тогтоосныг няцаасан хариу гарч, Монгол мазаалай нь баавгайн шинэ дэд төрөл буюу дэлхийд Монголоос өөр хаа ч байхгүй цорын ганц баавгай болох нь тогтоогдсон хэмээн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр хэллээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд,

  1. Цагаан баавгай
  2. Хүрэн баавгай
  3. Америкийн хар баавгай
  4. Азийн хар баавгай
  5. Залхуу баавгай
  6. Нарны баавгай
  7. Аандеан баавгай
  8. Аварга хулсны баавгай гэсэн найман төрлийн баавгай байдаг бөгөөд Монгол мазаалай хүрэн баавгайн төрөлд хамаардаг аж.

Ийнхүү судалгаагаар Монгол мазаалай дэлхийд цор ганц гэдгийг нотолсон тул, дэлхийн хэмжээний томоохон сэтгүүлүүдэд энэ тухай нийтлэхээр БОНХЯ-ныхан зэхэж эхэлсэн байна.

Ж.Батболд: Монгол мазаалай манай орноос өөр хаа ч байхгүй гэдгийг тогтоолоо. Мэдээллийг дэлхийд сурталчилах ажлыг хийх болно.

Түүнчлэн БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хэлэхдээ “Энэхүү судалгаагаар Монгол мазаалай манай орноос өөр хаа ч байхгүй гэдгийг тогтоолоо. Тиймээс бид хамгаалалтын байдлыг өндөр түвшинд явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Судалгааны дүнг бид Засгийн газрын хэмжээнд танилцуулж, мэдээллийг дэлхийд сурталчилах ажлыг хийх болно” гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр энэ онд мазаалайд зориулж, 471 сая төгрөг төсөвлөсөн тухай дуулгасан юм.

Энэхүү мөнгөөр Алтайн өвөрговьд мазаалайд зориулсан тэжээлийн бааз, худаг гаргах зэргийг олон ажлыг хийхэд зарцуулах юм байна.

Түүнчлэн БНХАУ-тай хамтран Монгол мазаалайг лабораторийн нөхцөлд үржүүлэх ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Дашрамд дурдахад, хамгийн сүүлд буюу 2008 онд хийсэн судалгаагаар Монгол мазаалайн тоо 22 гэж тоологдсон байна.