Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТАТВАРЫН ОРЛОГО 21-25 ХУВИАР БАГАСЧЭЭ!!!

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Бизнес эрхлэгчид нэгдлээ, 2014 он

Эдийн засаг хямарч буйн нэг илрэл бол яах аргагүй татварын орлого буурсан жишээг харж болно. 2014 он гарсаар манай татварын орлого 21-25 хувь буурсан дүнг үзүүлжээ. 

Бизнесийн орчин сайнгүй байгаад Монголын томоохон бизнес эрхлэгчид нэгдэн дүгнэлт хийж уриалга гаргалаа. 

Монголын Эдийн засгийн чуулган энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдсан. Тус чуулганд идэвхтэй оролцсон бизнес эрхлэгчид чуулганаас бодитой үр дүн гарах ёстой гэж үзэн чөлөөт зах зээлд тулгарч байгаа бэрхшээлүүдийг нэрлэжээ. 

Тухайлбал, Тэд "Гаднаас авсан зээл, хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй. Үр дагаварт нь өнөөдөр бид импортоос бүрэн хараат, Монголдоо бүтээдэггүй улс болсон. Монголдоо бүтээж чаддаггүйн өртөг нь валютын ханшийн өсөлт" гэлээ. 

"Бид хувьсгал ярихаасаа илүү стандарт ярих нь чухал" Б.Бямбасайхан

Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан хэлэхдээ "Бид хувьсгал ярихаасаа илүү стандарт ярих нь чухал. Бизнес, эдийн засгийн орчныг эрүүлжүүлэхийн тулд аль аль талдаа стандарттай, хариуцлага өндөртэй байх тухай бид ярьж байна. Стандарт гэхээр Стандарчилал хэмжил зүйн газраас гаргадаг стандартыг хэлээгүй. Санхүүгийн гэрээ хэлцэл, төсөл, хөтөлбөрүүдийг бэлтгэх, хэрэгжүүлэх гээд бүх үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх стандартыг хэлж байна" гэв. 

Бизнес эрхлэгчдийг төлөөлж энэхүү уриалгыг  хэвлэлийнхэнд "Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг, ”Урбанек” ХХК-ийн захирал, эдийн засагч Б.Лхагважав, "Таванбогд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, "Голомт" банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд, “НоваТерра” компанийн захирал Б.Бямбасайхан, Эдийн засагч Б.Дөлгөөн нар танилцуулсан юм. 

Бизнес эрхлэгчдийн зүгээс гаргасан уриалгаас дараах 10 саналыг онцолж байна.

Үүнд:

1. Хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улсад бүрэн шилжих.

2. Бид бүгдийг үйлдвэрлэж чадахгүй ч импортыг орлуулж чадах хүнд, хөнгөн үйлдвэрүүдээ төрийн тууштай бодлогоор дэмжицгээе.

3. Импорт, валютын хэрэгцээг хөөрөгдсөн тансаг хэрэглээг таная.

4. Орон сууцны санхүүжилтийн схемээ хадгалж, эрүүл, тухайн орчинд амьдрах боломжоо нээсээр байя.

5. Дунд, урт хугацааны хөгжлийн бодлогоо хэлэлцүүлэн боловсруулъя.

6. Эдийн засгийн үйл явц, мөчлөгийг улс төрийн сонгуулийн 4 жилийн мөчлөгөөс бүрэн салгах, тусгаарлах 

7. Мөнгө үргээгч биш Мөнгө татагч улс руу шилжье.

8. Хэрэглэдэг биш хуримтлуулдаг загварт шилжицгээе.

9. Томоохон төслүүдээ цаасан дээрээс бодит үйл явц болгон гараанаас нь гаргах, нэгэнт эхэлсэнийг нь тууштай өрнүүлэх.

10. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засгийн хөгжлийн үндэс суурийг тавих .... гэжээ. 

Эдийн засагч, бизнес эрхлэгчид ийнхүү нэгдэж Эдийн засгийн чуулганаас уриалга гаргаж байна. Тэд энэхүү санал, санаачлага хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж дараагийн чуулганаар үр дүнгээ хэлэлцэх ажээ. 

 


МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ОРОЛЦСОН ЭДИЙН ЗАСАГЧИД, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭС ГАРГАСАН УРИАЛГА
/Бүрэн эхээр/

Бидэнтэй тулгарсан хүндрэл бэрхшээлүүд:

  • Өнгөрсөн хугацаанд хууль, эрх зүйн орчин тогтворгүй, хэн нэгний улс төрийн явцуу сонирхлоор эдийн засаг, иргэддээ сөрөг үр дагавартай олон хууль баталсан. Үр дагавар нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан.
  • Оюу толгой, Таван толгойн ордоо барьцаалан мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөө бэлнээр тарааж зохисгүй хэрэглээнд иргэдээ уруу татан, эдийн засаг буруу замаар тэлсэн. Үр дагаварт нь бид үйлдвэрлэдэггүй улс байж, төгрөгийн үнэ цэнээ алдсан.
  • Гаднаас авсан зээл, хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй. Үр дагаварт нь өнөөдөр бид импортоос бүрэн хараат, Монголдоо бүтээдэггүй улс болсон. Монголдоо бүтээж чаддаггүйн өртөг нь валютын ханшийн өсөлт.
  • Оюу толгойн гэрээг улстөржүүлж, хувийн популизм хийсний гайгаар асар их цаг хугацаа, өргөн боломжуудаа алдаж, бодитой шийдэлд хүрээгүй.
  • Иймээс Монголын Эдийн Засгийн Форумд оролцсон эдийн засагчид, бизнес эрхлэгчид бид эх орныхоо бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө дараах уриалгыг гаргаж байна.

Тогтвортой, тодорхой хууль, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин:

  • Гэнэтийн ашгийн 68%-ийн татвар, Урт нэртэй болон Хөрөнгө оруулалтыг хязгаарлах зэрэг хуулиудыг үндэслэл, судалгаа муутай, үр дагаврыг нь тооцолгүй удаа дараалан баталсан нь уул уурхай, алт олборлох салбараа тушин, экспортын орлого, валютын нөөцөө хумьж, эцсийн дүндээ өөрсдийгөө чөдөрлөв.  Бизнесийг хумих буюу иргэдийн цалин, ахмадын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, компанийн ашиг, төсвийн орлогод хаалт хориг болсон хууль гаргахгүй байх нь үндсэн зарчим гэдгийг үргэлж мөрдлөг болгоё
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монголынхоо нэр хүндийг дээдэлж, шинэ технологи, ажлын байр, татварын орлого дагуулах урсгалыг илүү их нээж нэмэх хуулиудаа батлан гаргая. Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилсэн шигээ хүнд сурталгүй, хялбар ойлгомжтой, өөрчлөгдөж хувирдаггүй таатай орчин нөхцлийг бүрдүүлцгээе  
  • Улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамаарсан Тогтвортой,  тодорхой хууль эрх зүйн орчноо байнга хадгалж, хөрөнгө оруулагчиддаа батлан харуулъя
  • Аль ч парламентийн үед үл өөрчлөх, үндсэн зарчмын, эрх зүйн үндсэн үзэл баримтлалаа батлан мөрдөе

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, ухаалаг бодлого:

  •  Хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улсад бүрэн шилжих
  • Монголдоо үнэ цэнэ, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг санаачилга, төсөл, дэмжлэг, хөшүүргээр тэтгэж илүү цар хүрээтэй, илүү ухаалаг бодитой болгоцгооё 
  • Доллар, валютын ханш бол Монгол үйлдвэржиж чадаагүйн үр дагавар. Сөрөг нөхцөл байдалд ч эерэг тал байдаг нь тансаг үрэлгэн хэрэглээ хумигдаж буйгаар батлагдаж байна. Валют нь нөөцтэй, хуримтлалтай, Монголд чиглэсэн урсгалтай байж, ханш нь тогтворжино. Валютгүй, валютын урсгалгүйгээр ханш нь тусдаа тогтворжихгүй тул аль болох Монголдоо үйлдвэрлэж, иргэн бүр эх оронч, ухаалаг сонголт хийж, дотооддоо үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгая.
  • Ажлын байрыг олноор нээж, олдоцыг нь нэмэх
  • Бусдад худалдаж орлого олдог экспортыг олон төрөлтэй, “олон морьтой” болгож, валютаар авдаг импортыг орлуулах стратегитай байх
  •  Мөнгө үргээгч биш Мөнгө татагч улс руу шилжье
  • Бид бүгдийг үйлдвэрлэхгүй ч импортыг орлуулж чадах хүнд, хөнгөн үйлдвэрүүдээ төрийн тууштай бодлогоор дэмжицгээе

 Хэмнэе, тансаг хэрэглээгээ тана:

  • Импорт, валютын хэрэгцээг хөөрөгдсөн тансаг хэрэглээг таная
  • Хэрэглэдэг биш хуримтлуулдаг загварт шилжицгээе
  • Орон сууцны санхүүжилтийн схемээ хадгалж, эрүүл, тухтай орчинд амьдрах боломжоо нээсээр байя
  • Ажил хийх, ахуй амьдралаа өөд татах сонирхлыг тэтгэх, архидалт, гэмт хэрэг буурах, гэр бүл бэхжих, дундчуудын нийгэм өөд алхах хөшүүрэг болсон орон сууцны зээлийн тогтолцоог улам бүр хөгжүүлэн бэхжүүлэх 

Хөгжлийн бодлогоо гаргаж, явах зам, хүрэх зорилгоо тодохойлъё:

  • Дунд, Урт хугацааны 30, 50 жилээр алсыг харсан, эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэлэлцүүлэн боловсруулъя. Аль ч парламент, Засгийн газар өөрчилдөггүй, үндсэн зам, үндсэн үзэл баримтлалаасаа гарч холбирдоггүй байх.
  • Эдийн засгийн өсөлт нь иргэний хаяг, өрхийн хаалгаар орсон үр өгөөжтэй байх
  • Найдвартай санхүүгийн системтэй байх
  • Томоохон төслүүдээ цаасан дээрээс бодит үйл явц болгон гараанаас нь гаргах, нэгэнт эхэлсэнийг нь тууштай өрнүүлэх
  • Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засгийн хөгжлийн үндэс суурийг тавих

Хариуцлагатай улс төртэй байх:

  • Эдийн засгийн үйл явц, мөчлөгийг улс төрийн сонгуулийн 4 жилийн мөчлөгөөс бүрэн салгах, тусгаарлах
  • Эдийн засгийн чадавхийг алдагдуулсан, ард иргэдийн ахуй амьжиргаа, ажил хөдөлмөр эрхлэх, ашиг орлого олж бүтээж амьдрах хэв дадалд халтай бэлэн мөнгөний амлалт өгөхгүй, шийдвэр гаргахгүй байх
  • Нийгмийн халамж, хамгааллыг хүртээх, хүргэх ёстой хүрээгээ оновчтой тогтоож, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа хайрлан тэтгэх