Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Загалмайлсан эцэг” Оскарын шагналаас татгалзсан түүх

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Бусдад татгалзахын аргагүй санал тавьж чаддаг эр нэгэнтээ кино урлагийн дээд шагналаас татгалзаж байжээ.

1973 оны 3 сарын 5-нд Мэрлон Брандо “Загалмайлсан эцэг” киноны Вито Корлеоны дүрээр “шилдэг эрэгтэй дүрийн” шагнал авахаасаа санаанд оромгүй шалтгаанаар татгалзсан юм.

Ингээд энэ түүхийг сонирхоцгооё.

Брандог буцааж авчирсан кино

1960-аад оны үед Брандогийн жүжигчний карьер унаж байлаа. Ихээхэн зардлаар бүтсэн “Ганц нүдэт Жэкүүд”, “Шагналын төлөөх үймээн” гэсэн хоёр кино нь гавьтай явсангүй. Шүүмжлэгчид “Шагналын төлөөх үймээн” киног нь Холливүүдийн алтан үе өнгөрсний билэг тэмдэг болгож, үүнийг дагаад Брандо нь хамгийн эрэлт муутай жүжигчинд тооцогдож байв.

Брандогийн карьерт аврал хэрэгтэй байлаа. Тэр нь “Загалмайлсан эцэг” байжээ.

1940-өөд оны Нью-Йоркийн мафийн гэр бүлийн тухай кинонд Брандо түүнийг үндэслэгч эцэг Доний дүрд тоглов.

Хэдийгээр үйл явдлыг цааш Майкл (Аль Пачино) авч явдаг боловч Вито Корлеони киноны цөм хэвээр байлаа.

Догшин хэрцгий, хүчирхийлэл, гэмт хэргийн ертөнц дунд тэр гэр бүлдээ хайртай байж түүнийхээ төлөө бүхнийг хийдэг.

Энэ халуун дулаан, хүнлэг чанар түүнийг нугаршгүй нэгэн болгож байгааг Брандо гайхамшигтай дүрсэлсэн юм.

“Загалмайлсан эцэг” кино нийтдээ 135 сая доллар олж, бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгээр тодорсон билээ.

Ингэж Брандо тэр үеийн киноны томчууд болох Майкл Кэйн, Лоренс Оливер, Питер О’Тул нартай хамт нэр дэвшиж Шилдэг жүжигчнээр шалгарсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэрх “жүжиг”

45 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын өмнө Брандо арга хэмжээнд оролцохоос татгалзаж, өөрийнхөө оронд Сахин Литтлфидерийг илгээх болсноо зарлав. Сахин нь төдийлөн олонд танигдаагүй жүжигчин байсан ба Уугуул Америкчуудын Дүр Төрхийг Дэмжих Хороо хэмээх байгууллагын тэргүүн байжээ.

Ингээд 3 сарын 5-ны үдэш шагналын эзнийг Лив Улмэн, Рожер Муур нар зарлахад Апачи үндэсний хувцастай, урт хар гэзгээ мөрнийхөө урдуур унжуулсан эмэгтэй тайзанд гарч иржээ.

Муур түүнд шагналыг гардуулах гэхэд Сахин түүнийг нь гараараа түлхэн холдуулжээ. Ингээд тэр өөрийгөө танилцуулж дараах үгийг хэлсэн байна.

“Би энд Мэрлон Брандог төлөөлж ирсэн юм. Тэр та бүхэнд энэхүү хүндтэй шагналыг авахаас татгалзаж байгаагаа дамжууллаа. Ингэх болсон шалтгаан нь киноны салбарынхны Америкийн уугуул иргэдэд хандах хандлагатай холбоотой”.

Танхимд үймж эхлэв. Сахин доош хараад “уучлаарай” гэлээ. Үзэгчдийн зарим нь алга ташиж түүнийг дэмжлээ. Тэр үргэлжлүүлэн энэ үйл явдал нь арга хэмжээг үймүүлэх гэсэн явдал биш бөгөөд дараагийн удаа найрсагаар уулзана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тэр яагаад ингэх болов

Тэр үеийн судлаачдын бичиж байснаар бол кино урлаг Америкийн уугуул иргэдийг оролцуулахаас татгалздаг байжээ. Киноны хэд хэдэн үеийн туршид Индиан хүний дүрд дандаа цагаан арьстнууд тоглодог байв.

Оскарын ёслолын маргааш нь Нью-Йорк Таймс сонинд Брандогийн захидал бүтнээрээ нийтлэгджээ. Сахин тэр захидлыг цаг бага байснаас тайзан дээр уншиж чадаагүй юм.

Захидалд уугуул Индианчуудын нийгмийн нөхцөл байдалд хүмүүсийг анхаарлаа хандуулахыг уриалжээ. Кино урлагт тэднийг үргэлж хорон муу санаатай, харгис хэрцгий хүмүүс байдгаар дүрсэлж байгаагаас Индианчуудын нийгэмд эзлэх байр суурь буурч, шинэ үеийнхэн ийм үзлээр хүмүүжиж байгааг дурдсан байна.

Мэдээж энэ явдлын дараа түүнд хандсан өргөн шүүмжлэл өрнөсөн. Түүний энэ үйлдэл Индианчуудад хандах нийгмийн хандлагыг бага ч гэсэн өөрчилсөн нь гарцаагүй.

Брандогоос хойш шагналаас татгалзсан тохиолдол дахиж гараагүй юм. Ямар ч байсан энэ үйл явдал маргаан дагуулсаар Оскарын түүхийн нэгэн онцгой агшин болж үлджээ.