Уншиж байна ...

Латвийн гадаад хэргийн сайд хувийн нисэх онгоцны зардлыг төсвөөс гаргасан шалтгаанаар огцорлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Латви улсын гадаад хэргийн сайд хувийн нисэх онгоцны зардлыг төсвөөс гаргуулсантай холбоотой дуулианы улмаас албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.

Сайд Кришанис Карниш 2019 оноос 2023 онд тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нийт 1.3 сая еврог ийм зорилгоор зарцуулсан нь саяхан илэрсэн юм.

Тэрбээр Латвийн нийслэл Рига хотоос Бельги, Герман, Польш зэрэг улсуудын чиглэлд арав гаруй удаа ажлаар зорчихдоо хувийн нисэх онгоц түрээсэлж байжээ.

Дуулиан дэгдсэний дараа өнгөрсөн долоо хоногт Латвийн прокурорын ерөнхий газар төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан хэрэгт Карнишийг холбогдуулан шалгаж эхэлсэн юм.

Латвийн төсвийн тухай хуулиар бол төрийн албан хаагчид албан томилолтдоо тээврийн хэрэгслийн хамгийн хямд хувилбарыг сонгох ёстой байдаг.

Дөрөвдүгээр сарын 10-наар тасалбар болгон албан тушаалаасаа огцрох хүсэлтийг ерөнхий сайд Эвика Силиняд өгснөө Карниш өчигдөр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Ерөнхий сайд Силиня “Одоогоор гадаад хэргийн сайдын суудалд албан ёсоор нэр дэвшсэн хүн байхгүй байна” гэж ярьсныг Латвийн хэвлэлүүд дамжуулсан байна.

 

Эх сурвалж: AFP