Уншиж байна ...

Өөрийгөө олох нь: Амьдралынхаа гол дүр болохуй

ikon.mn
2024 оны 3 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Хүний амьдралаас хүсдэг бүх зүйлийг Бурханы дэлгүүр дэх бараатай зүйрлэх нь бий. Тэр дэлгүүрт бүх юм бий. Алдар нэр, эд баялаг, эрдэм мэдлэг, хань ижил, үр хүүхэд гэх мэт. Тэнд Бурхан төлбөрийн нэг л нөхцөл тавьдаг. Тэр нь цаг хугацаа. “Та маш сайн англи хэлтэй болохыг хүсэж байна уу? Тэр болно оо. Гэхдээ та үүний тулд таван жил англи хэлийг өдөр бүр судлахад бэлэн үү? Та энэ мэдлэг, ур чадварыг төгс эзэмшихийн тулд амьдралынхаа таван жилийг зориулахад бэлэн үү?”

Гэвч ихэнх хүн энэ төлбөрийг хийхэд бэлэн биш байдаг. Шалтгаан нь олон янз. Юу хийх ёстой, юунд дуртайгаа, юу илүү чухал болохыг, хамгийн гол нь өөрийгөө хэн болохыг ойлгож амжаагүй байх нь нийтлэг.

Зарим хүн 20 жил мөнгө, эд баялаг хуримтлуулж баяжсаны эцэст амьдралын хамгийн чухал зүйл бол мөнгө биш гэдгийг ойлгодог. Нөгөө хэсэг нь эцэг эх, найз нөхөд, нийгэмдээ үнэлэгдэхийн тулд их эрх мэдэл, нэр хүндэд хүрсэн ч дотроо хоосныг мэдэрч, амьдралдаа юу ч бүтээсэнгүй гэсэн дүгнэлтэд хүрдэг.

Нэг үгээр, амьдралдаа жинхэнэ эзэн нь байж, амьдралынхаа гол дүр болж чадаагүй хүн маш олон. Тиймээс хамгийн хэцүү эрэл бол өөрийгөө хайх. Хамгийн үнэтэй олз бол өөрийгөө олох. Өөрийгөө олж чадсан хүнд амьдрал илүү тодорхой болж ирдэг.

Зарим судлаачийн бичсэнээр хүн өөртөө гурван асуулт тавих хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт, Би хэн бэ? Энэ асуултын хариу хамгийн чухал. Хоёрдугаарт, Би юу хийх вэ? Үүнд ямар салбарт ажиллах, юу бүтээх тухай багтана. Гуравдугаарт, Би юутай болох вэ? Үүнд хөрөнгө мөнгө, нэр хүнд, нийгмийн байр суурь, санхүүгийн эрх чөлөө, амьдралын тав тух, боловсрол гэх мэт зүйлс хамаарна. Энэ гурван асуултад хариулчих юм бол өөрийнхөө зорилго, хаана, юу хийх ёстойгоо та мэдэж болно.

Гэхдээ эдгээр асуултад ямар дарааллаар хариулах нь чухал. Хэрэв сүүлийн асуултаас эхэлбэл тэр хүн өөрийгөө ойлгож чадахгүй өнгөрөх магадлал их. Тиймээс би хэн бэ гэдгээ тодорхойлоод дараа нь өөрийнхөө юу хийх ёстойг тогтоох хэрэгтэй.

Ингэсний дараа хүн “Би юу хийхээр, юуны төлөө төрсөн бэ?” гэдэг асуултад төвөггүй хариулдаг. Харамсалтай нь, ихэнх хүн юуны төлөө биш, харин яаж амьдрах талаар л голдуу боддог. Ийм өнцгөөс хүн өөр рүү гээ биш, бусдын яаж амьдраад байгааг л хараад байдаг. Өөрийгөө олж чадсан хүнд эргэн тойрныхон нь баян, эсвэл ядуу амьдрах нь чухал биш. Юуны төлөө амьдрахаа ухамсарласан хүн түүнийхээ төлөө зовлонг туулж чаддаг. Өөрөөр хэлбэл, жаргалтай хүн гэдэг нь дуртай зовлонтойгоо зууралдаж чаддаг хүнийг хэлдэг аж.

Өөрийгөө олсон хүн бусдад ч олддог. Энэ нь хэнтэй хамтрахаа, хэнд итгэхээ сайн мэднэ гэсэн үг. Өөрийнхөө хэн гэдгийг, амьдралд юу бүтээхээ ойлгосон хүнд эд хөрөнгө, нэр хүнд зэрэг нь зүгээр л шагнал болж ирдэг, гэхдээ хамгийн чухал үнэт зүйлс нь биш байдаг.

Мөн хүний амьдралыг зохиол гэж үзвэл өөрийгөө олж чадаагүй хүмүүс туслах дүрд тоглодог. Амьдралынхаа туслах дүрд тоглож байгаа хүмүүс ихэнхдээ эргэн тойронд таалагдахын тулд амьдардаг. Стевен Ковигийн “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” номд proactive ба reactive гэсэн ойлголтууд бий. Reactive хүмүүсийн амьдрал “нийгмийн цаг агаараас” хамаардаг. Хэрэв эргэн тойрны хүмүүс сайн хандаж байвал, бүх  юм ОК, муу хандаж байвал хамгаалалтын горимд шилждэг. Тэдний сэтгэл санааны байдал ихэнхдээ эргэн тойрноос хамаардаг. Харин Рroactive хүмүүсийн амьдралд үнэт зүйлс хамгийн дээд эрэмбэд байдаг. Хэрэв тэдний хувьд ажлын бүтээмж хамгийн чухал бол эргэн тойрныхон юу ч гэж хэлж байсан бүтээмжтэй ажиллах болно. Тэд өөрсдийн гаргасан шийдвэр, зан төлөв, өөрийн амьдралд хариуцлага үүрч чаддаг. Нэг үгээр, тэд амьдралдаа гол дүр нь байж чаддаг.

Тэгвэл хүн ер нь яаж амьдралынхаа гол дүр болох вэ? Яаж өөрийгөө олж, үнэт зүйлс буюу амьдралд нь юу хэрэгтэйг ойлгох вэ? Энэ мэдээж амаргүй ажил. Зарим хүний хувьд насан туршдаа хийх ёстой үйл хэрэг нь болдог. Ялангуяа их сургуулийн ширээнээс холдоод удаагүй, туршлага, мэдлэг нимгэн залуучуудаас “Чи өөрийгөө олсон уу? Чиний үнэт зүйлс юу вэ?” гэж асуух нь оновчгүй байх нь олонтоо.

Тиймээс амжилтад хүрсэн бүх хүний хэлдэг нэг л үг байдаг. Тэр нь “Алдахаас битгий ай”. Алдаа бол хувь хүнийг бүтээдэг хамгийн чухал “орцын” нэг юм. Хэрэв хүн ямар ч алдаа гаргахгүй байвал тэр нь хамгийн том алдаа болдог. Алибаба-г үндэслэгч Жек Ма “20-30 насандаа сайн захирлыг олж ажилла. Заавал сайн компани байх албагүй. 25 настай хүний хувьд хийсэн ямар ч алдаа үнэтэй сургамж болж үлддэг” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, залуу хүний хувьд шинэ ажил дээр сайн захирал, сайн багтай байх нь хамгийн том завшаан аж. Тиймээс цалин, мөнгийг чухалчлах нь тийм ч оновчтой биш.

Элон Маск ч үүнтэй төстэй зүйлийг залуучуудад зөвлөдөг. Тэр нь зоригтой эрсдэл хийх тухай. Ялангуяа, гэр бүлтэй болж, алдаа, эрсдэл хийх хэрэгтэй. Учир нь гэр бүл зохиохоос өмнө хувь хүмүүс харьцангуй бага хариуцлага, үүрэг хүлээдэг. Энэ бол бүтэлгүйтэл бусдад нөлөөлөхөөс айхгүйгээр эрсдэлд орж, хүсэл тэмүүллээ хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе юм. Эрсдэлийг эртхэн хүлээж авах нь бид янз бүрийн боломжуудыг судалж, туршлагаасаа суралцаж, бидний хүсэл тэмүүллийг юу асааж байгааг, нэг үгээр, өөрийгөө таньж мэдэх боломжийг нээдэг.

Амьдралдаа алдсан боломжуудад хожим харамсахын оронд эрсдэлд орох нь бидэнд боломжоо бүрэн судалж, амьдралын утга учиртай замыг бүтээдэг. Энэ нь бидэнд алдаа гаргах, түүнээс суралцах, тэсвэр хатуужлыг бий болгох эрх чөлөөг олгодог гэж Элон Маск бичжээ.

Зорилготой байхын шагнал

Хүн зорилготой болно гэдэг нь өөрийгөө олохтой шууд холбоотой. Зорилготой хүн ухамсартай сонголт хийж, түүндээ эзэн байж, алдсан ч түүндээ харамсахгүй, харин ч цаашаа яаж явахаа илүү сайн ойлгодог. Хүн ямарваа нэгэн зорилгыг өөрийн гэж итгэсэн үедээ урамтай ажилладаг. Ийм хүн “Зорилгодоо хүрэх хамгийн чухал зүйлсээсээ би өнөөдөр хийсэн үү?” гэж өөрөөсөө үе үе асуудаг.

Харин зорилгогүй хүн зарчимгүй байдаг бөгөөд ийм хүн өөртэйгөө ч, бусадтай ч ажиллахад бэрхшээлтэй. Хүсээгүй ажлаа хийдэг хүмүүс голдуу зорилгоо сайн ойлгож амжаагүй байдаг агаад ажилдаа хоноцын сэтгэлгээтэй хандсан сар жилүүдийг өнгөрөөдөг. Харамсалтай нь, хоноцын сэтгэлээр хандсан тэр өдрүүд нь урагшлах, суралцах хугацаагаа зогсоосон сар жилүүд болдог. Зорилгоо тодорхойлоогүй хүний хувьд бэрхшээл болгон том асуудал болж хувирдаг. Нэг үгээр, холын зорилгогүй болохоор ойрын зовлон нь дуусдаггүй. Эсрэгээрээ зорилготой хүнд тэр бүхэн нь хийх ёстой ажлын нэг хэсэг л байдаг.

Зорилгогүй хүмүүс аливаа дүгнэлтийг хийхдээ заавал нэг юмтай харьцуулах гэдэг. Жишээ нь өөрийгөө өнгөрсөнтэйгөө, хажуудахтайгаа харьцуулах дуртай. Зорилготой хүмүүсийн ялгаа нь тэд алсын хараа, үнэт зүйлстэйгээ өөрийгөө харьцуулдаг. Тэд аливааг хайрцаглаж, нутаг ус, жалга дов, хөдөө хот, орц хонгил, нас хүйсээр талцан ялгаварлах дургүйгээс гадна асуудалд нухчин дарагдах бус асуудлаас томорч гарах хүсэлтэй байдаг.

E-Myth номыг бичсэн Майкл И Гербер “Агуу хүмүүсийн амьдралд алсын хараа, зорилго гэж байдаг бөгөөд түүнийгээ өдөр бүр санаж явдаг. Тэд ирээдүйг одоогийн амьдралдаа татан авчирч туршиж байдаг. Тэд амьдралаа идэвхтэйгээр бүтээдэг бол нөгөө хэсэг нь амьдралаас хүлээлттэйгээр, амьдрал тэднийг тодорхойлсны дагуу амьдардаг” гэж хэлсэн байдаг.

Карьерыг ингэж ойлгоё

Карьер гэдэг үгийг бид голдуу шугаман сэтгэлгээний хэв маягаар хүлээж авдаг. Жишээ нь, сайн сургуульд элсэх, өндөр цалинтай ажилд орох, албан тушаал ахих, цалингаа нэмүүлэх гэх мэт. Гэвч карьер нь хэвтээ чиглэлтэй байж болно. Карьер нь ажил мэргэжил, сонирхол, хобби, спорт, сурч боловсрох зэрэг амьдралын бүхий л талбартай холбогддог. Карьерыг өөрийнхөө зогсож буй цэгийг тодорхойлж, хаана байгаагаа үнэлэх, цаашид хаана байхыг хүсэж буйгаа шийдэх, түүндээ хүрэхийн тулд хийж буй өөрчлөлтийн алхмууд гэж товчоор тодорхойлж болно.

Нөгөө талаар, хөдөлмөр гэж юу юм бэ гэдгийг ахин сайн тунгаах хэрэгтэй гэж зарим судлаач зөвлөдөг. Хөдөлмөр нь нэг ёсондоо бидний хүсэл, мөрөөдөлдөө хүрэх гол арга хэрэгсэл болдог. Энэ утгаараа ажил хийнэ гэдэг нь зүгээр нэг амь зуух тухай биш юм. Тиймээс хүн хөдөлмөрийн үнэ цэнийг хүүхэд байхаасаа зөв ойлгох хэрэгтэй аж.

Хөдөлмөрийг хайрлаж хүндэтгэхгүйгээр амжилт, карьер гэдгийг мөнгө олох, баян амьдрах гэж ойлгодогт бидний алдаа байдаг. Мэдээж эцэг, эх болгон хүүхдээ сайн сайхан амьдраасай гэж хүсдэг. Гэхдээ дарга, менежер болж байж л сайхан амьдарна гэж боддог хүн олон. Өөрөөр хэлбэл, амжилттай карьер хийнэ гэдэг нь баяжих эсвэл дарга, менежер болохыг бус кайф авч, аз жаргалтай болгодог тэр л ажлаа олж хийхийг хэлдэг байна.

Зарим хүний хувьд хүүхэд төрүүлээд гэр бүлээрээ аз жаргалтай, эрүүл энх явах нь ч карьер байж болно. Өдөр болгоны ажлыг нь үнэ цэнтэй болгож байгаа тэр л зүйлийг карьер гэж тэд үздэг. Товчоор, карьер гэдэг өөртөө үнэнч явсны төлөөх, амьдралынхаа туршид өөрчлөгдөн хөгжсөний төлөөх шагнал юм.

зураг
 

Энэхүү нийтлэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан “Жаахан хичээе” аяны хүрээнд бичив. Тус аян эрүүл, эрч хүчтэй Монгол хүнийг бүтээхийн тулд өдөр тутамдаа жаахан хичээж, эерэг дадлуудыг төлөвшүүлье гэсэн утгатай уриан дор явагдаж байгаа юм. Эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс зэрэг элдвийн хорт зуршлуудын эсрэг энэхүү аянд нэгдэхийг залуучуудад уриалж байна.

 

Эх сурвалж: Business.mn Г.Даваадорж

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.