Уншиж байна ...

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дагуул 13 хот байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар болоод буй. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьшина гэж тооцоолсон аж.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
  • Худалдаа, бөөний төв
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  • Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүс байх нь.

Шинэ Зуунмод хот төсөвтэй байх ба тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотод, 20 хувийг Төв аймгийн төсөвт хуваарилах зарчим баримтлах юм байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс Шинэ Зуунмод дагуул хотыг зэргэлдээх сум, бүс нутагтай уялдуулан төлөвлөх, хотын төлөвлөлтөөр ажлын байр, амьдрах орчныг бий болгох талаар хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг хэлжээ.

Дагуул хот байгуулах талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шинэ Зуунмод хотын зарим бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн ч цаашдын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна.

Хот байгуулахдаа хүний эрхийг хангаж, эдийн засгийг зөв төлөвлөн, зах зээлийг оновчтой хуваарилах хэрэгтэй. Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч дагуул хот бүрийн төлөвлөлт, цаашдын концепц, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай, өөр өөрийн онцлогтой учраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Уг хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг хийх боломжтой болно. Уг дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн суурийг нэмэгдүүлэх юм” хэмээлээ.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд scsezd@gmail.com цахим хаягаар дамжуулан саналаа хүргүүлэх боломжтой бөгөөд танилцуулгыг энэ холбоосоор үзэж болох юм байна.