Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ИРГЭД: Автобусны буудлын чиглэлийн мэдээлэл нь харагдахгүй юм. Хаа сайгүй хаашаа яаж явахаа мэдэхгүй, уурласан хүмүүс

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны маршрут шинэчлэгдэж, өнөөдрөөс 74 чиглэлд явж эхэллээ.

Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоолыг зүүнээс баруун тийш явах чиглэлийн автобусны буудал болгожээ.

Шинэчлэлийн талаар иргэд ярьж байна. /Төв талбайн өмнөх автобусны буудал/

Иргэн: Өглөө эрт гэрээсээ гарахад автобус хойно хойноосоо явж байсан. Харин өдөр автобус явахгүй, түгжрээтэй, Сансраас төв талбай хүртэл алхаж ирлээ. 40 минут орчим хүлээлээ. Автобус явж байгаа ч түгжрэлд орж. Энэ өөрчлөлтийг цаашид үр өгөөжтэй гэж бодохгүй байна. Хаа сайгүй уурласан хүмүүс.

Ахмад настнуудыг өдөрт дөрвөн удаа  явуулахаар болбол нэг талдаа дөрвөн удаа суучхаад гэртээ харьж чадахгүй нь.

Иргэн: Өмнөх маршрутаараа буусан буудлаасаа автобусанд дамжаад суучихдаг байсан. Одоо буугаад заавал алхаж байж дамжих шинжтэй. Нисэхээс ирэхэд Яармагт буугаад Яармагаас Архив-Сүхбаатарын талбай гэсэн автобусанд сууж байна. Одоо зүүн зүг рүү дахиж дамжин сууж явлаа. Нэг чиглэлд гурав дамжиж явж байна. Энэ шийдлийг сайн судалж байж хийх ёстой гэж бодож байна. Явцын дунд ямар болох юм бол. Автобус ойрхон явж байгаа мөртөө дүүрэн хүнтэй.

Иргэн: Өөрчилж юм хийх гээд байх шиг байна. Дутагдалтай юмнууд ажиглагдаж байна. Өөрчилж байгаа ажлаа иргэдэд муу таниулж байна. Өглөө автобусанд суусан урагш эргээд явчихлаа, жолоочоос асуутал чиглэл өөрчлөгдсөн гэж мэдлээ. Аппликэйшн нь сайн ажиллахгүй юм. Богино эргэлтээр автобус явуулж байгаа зэрэг нь түгжрэлийн эсрэг явуулж байгаа гэдгийг ойлгож байна. Гол нь иргэддээ мэдээлэл сайн хүргэж, бухимдуулахгүй байх хэрэгтэй. Сайтууд хөгжсөн тулдаа мэдээллийг олж авч байна, ТВ-ээр мэдээлэл сайн явуулах хэрэгтэй. Хоёр автобус дамжиж сууж, түгжирч байснаас нэг автобусандаа түгжирсэн нь дээр.

Иргэн: Шархадны хэд хэдэн ашигтай чиглэлтэй байсан. Гуравдугаар цахилгаан станцаас Шархад шууд явчихдаг байсан. Зунжингаас Шархад руу явчихдаг байсан. Гэтэл III эмнэлэг, хорооллын чиглэлүүд алга болж. Олон дамжиж суухаар мөнгө их орж байна. Энэ өөрчлөлт буруу. Төв талбайгаас Шархад явахын тулд Офицер хүрч байж Шархадны автобусанд суух юм байна. Шинэчлэл мөн эсэхийг харъя.

Иргэн: Нисэхээс дөрөвдүгээр дэлгүүрийн тийш сургалтдаа явах гэж хоёр дамжиж төв талбай дээр ирлээ. Талбайгаас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл алхлаа. Бэлтгэлээсээ хоцорчихлоо, хуучин чиглэл нь амар байсан. Нисэхээс Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл шууд явчихдаг байсан юм. Шинэ чиглэлээр нь яаж явахыг мэдэхгүй байна.

Иргэн: Богино эргэлт гээд олон сүлжээ болгож. Фэйсбүүкээс маршрутын мэдээллийг харсан, ойлгомжгүй. Аяндаа хэвших байх. Гүүр даваад нийтийн тээврийн автобус хомс байдаг ч өглөө гайгүй байлаа. Тодорхой хэсгийг богино эргэлтээр тодорхой хэсгийг шулуунаар нь явуулбал зүгээр юмуу.

Иргэн: Нийтийн тээврийн маршрут шинэчлэгдэж байгаа талаар ТВ-ээр хальт харсан. Шинэчлэлт хийж болно. Энэ өөрчлөлтийг өвлийн цагт хийх нь буруу. Хол гэртэй хүмүүс нэг сар будилна. Дулааны улиралд эхлүүлэх байсан. Төөрсөн ч явган алхаад байж болно. Бидний хүндэтгээд байдаг Сүхбаатарын талбай автобусны буудал боллоо. Төв талбайгаас Бэлх, Сэлх рүү яаж явахаа мэдэхгүй байна, асуух ч хүн алга. Миний мэддэг бүх хүн хаашаа явахаа мэдэхгүй будилж явна. Ид хүйтэн, Цагаан сарын бэлтгэл хийж байгаа энэ үед чирэгдэл учруулж байна, болих хэрэгтэй.

Иргэн: Яармагаас төв талбайн буудал дээр буулаа. Хороолол руу яаж явахаа мэдэхгүй байна. Автобусны зогсоол дээр шинэ чиглэлийн мэдээллийг байршуулсан нь ойлгомжгүй юм.

Иргэн: Офицер руу Сүхбаатарын талбайн буудлаас автобус явахгүй гэж байна.

Иргэн: Шархад руу яаж явахаа мэдэхгүй байна. Жигдрээд ирэхээр сайхан болох юм байлгүй.

Иргэн: Автобусны буудал дээр байршуулсан чиглэлийн мэдээлэл нь жирийсэн дэндүү жижигхэн, харагдахгүй юм. Настай хүмүүст бүр харагдахгүй. Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбайн буудал дээр буусан. Хороолол руу яаж явахаа мэдэхгүй байна. 

НЗД-ын хэвлэл: Автобуснууд өнөөдрөөс шинэ чиглэлээр явж эхэлж байгаа. Олон жил явчихсан хэвшил өөрчлөгдөж байгаа учир эхэндээ төвөгтэй санагдах байх. Гэхдээ хэвшчихвэл маршрутын давхардалгүй болж, хүлээгдэл багасна гэж тооцоолж байгаа. Мэдээж дутуу тооцоолсон зүйл байвал засаад явна.

QR кодыг уншуулан автобусны шинэ чиглэлүүдийн мэдээллийг авах боломжтой.

Мөн иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой.

Гар утасны аппликэйшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна.

зураг