Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр ашиглалтад ороход үүргээ гүйцэтгэсэн анхдагч илгээлтийн эзэд 45 жилийн ойгоор хэн ч биш боллоо. Үнэхээр гомдож байна"

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 12 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрдэнэтийн овооны ахдагч илгээлтийн эздийн холбоо ТББ-ын ахмадууд, анхдагч илгээлтийн эздийн төлөөллүүд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 45 жилийн ойгоор урамшуулал аваагүй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо"ТББ-ын тэргүүн Д.Мөнхтуяа хэлэхдээ "Миний бие ТББ-ыг төлөөлөөд 14 дэх жилдээ ажиллаж байна. Бид 2018 онд анхдагч илгээлтийн эздэдээ хөөцөлдөж байж таван хувьд нь сая төгрөг олгуулсан. Үлдсэн тавин хувьд нь энэ жил хөөцөлдөж байж олгуулсан байдаг.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 45 жилийн ой боллоо. Анхдагч илгээлтийн эзэд урамшуулал авах байх гээд хүлээлттэй байсан. гэтэл хүн гэж ойшоосонгүй, бүтээн байгуулагчид гэж үзсэнгүй.

Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр ээлж 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ашиглалтад орсон. 1,000 гаруй анхдагч илгээлтийн эзэн амьд сэрүүн байгаа. Эрдэнэт үйлдвэр анхны ашиглалтад ороход энэ хүмүүс ажиллаж, амьдарч үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл өнөөдөр шоронд байх ёстой хүмүүс баярт оролцож, уригдаж, үг хэлж байгаа нь шударга ёс юм уу.

Баярт очсон дөрөвхөн геологичийг урилгаар оруулаад, хуралдаа суулгаад, урамшуулаад гаргаж чадахгүй яагаад луйварчдыг суулгаж байгаа юм бэ. Үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадууд, анхдагч илгээлтийн эзэд Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойгоор хэн ч биш боллоо. Үнэхээр гомдож байна. Энэ луйварчдаа яллахгүй бол бид сонгуульд тэмцэл хийнэ. Ерөнхий сайд Эрдэнэтийн иргэдтэй уулзахдаа анхдагч илгээлтийн асуудлыг Ёндон захирал та шийдээрэй гэж хэлж байсан" гэв. 

Ахмадууд уулзъя гэхээр Г.Ёндон захирал, Хуулийн хэлтсийн дарга н.Болдбаатар болон Ц.Бат-Энх гэх хүмүүс төрийн онцгой объект гээд гэрээт цагдаа нарыг тавьчихдаг. Энэ Төрийн онцгой объектыг чинь энэ ахмадууд бий болгосон юм. Энэ хүмүүсээ харж хандахгүй бол бид тэмцэл хийнэ. Ийм байхад улс орон, ард түмэн яаж өөдлөх юм бэ" гэлээ.