Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19 ба Мэдээлэл, технологийн бэлэн байдал

Ч.Болортуяа
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

КОВИД-19-с шалтгаалсан эдийн засгийн хямралын үед өсөлттэй байгаа цөөхөн салбарын нэг бол мэдээлэл, технологийн салбар билээ.

Монгол Улсын хувьд ч 2020 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр тус салбарын орлого 2019 оны мөн үетэй харьцуулахад 75 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 714 тэрбум төгрөг болсон байна. 

График 1, Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн нийт орлого, жил бүрийн эхний хагас жилийн үзүүлэлтээр:

 

Эх сурвалж: ХХЗХ

Хэдийгээр орлого нэмэгдэж байгаа ч хэрэглэгчдийн хэрэглээ огцом тэлж буй энэ үед Монгол Улсын мэдээллийн технологийн бэлэн байдал ямар түвшинд хангагдсан бэ?

Дэлхий даяар явагдаж буй дижитал шилжилтийг КОВИД-19 хурдасгаж мөн улс орнуудын мэдээлэл, технологийн бэлэн байдлыг шалгаж байна. 

Тэгвэл Монгол Улс мэдээлэл, технологийн хувьд бэлэн уу? энэ тухай Монгол ТВ телевизийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгээр энэ Даваа гарагт хөндлөө. 

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/watch/?v=245747540478486

2020 онд Юнител, Мобикомын хэрэглэгчдийн хувьд хэрэглээний ямар өөрчлөлт гарсан тухай Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат "КОВИД-19 гэлтгүй сүүлийн 10 жилийн хугацаанд гарч байгаа өөрчлөлт нь дата хэрэглээ тасралтгүй өсөж байгаа. Хоёр дахин өссөн байна. Тэр тусмаа Монгол Улсын хувьд 2016 оноос оператор компаниуд 4G сүлжээ нэвтрүүлснээр хэрэглээ огцом нэмэгдсэн. Юнителийн хэрэглэгчдийн хувьд гэхэд 78% нь 4G сүлжээ ашиглаж байна.

КОВИД-19-тэй холбоотойгоор гарсан өөрчлөлтүүдийн хувьд хэрэглэгчдийн утсаар ярих хэрэглээ багассан. Өөрөөр хэлбэл хүмүүсийн шилжилт хөдөлгөөн багасаад гэртээ байх үедээ утсаар ярих хэрэглээ буурсан. Хоёрдугаарт, гар утасны дата хэрэглээ нь суурин интернэт хэрэглээ рүү шилжсэн гэх мэт өөрчлөлтүүд гарч байна. Юнивишний хувьд гэхэд интернэтийн хэрэглээ 50-70%-ийн өсөлттэй байна. Үүний хүрээнд бид яаралтай хөрөнгө оруулалтуудыг хийлээ" гэж байв.

Мобиком корпорацийн Мэдэээлэл технологийн газрын захирал Б.Мөнхзориг хэрэглэгчдийн интернэтийн хэрэглээ хоёр дахин өсөлттэй байсныг мөн хэлж байлаа. Тэрбээр "Хэрэглэгчдийн дижитал сувгийн үйлчилгээ оны эхнээс долоо дахин нэмэгдсэн" гэсэн юм.

Дижитал бэлэн байдлын хүрээнд хамгийн чухал асуудлын нэг нь хүмүүс гэрээсээ цахим орчинд ажиллах боломж юм. Мобикомын хувьд технологийн компани гэдэг утгаараа дижитал бэлэн байдлаа бүрэн хангасан нь зарим үйлчилгээний салбарын болон зайлшгүй жижүүрлэх шаардлагатай инженерүүдээс бусад ажилчид бүгд гэрээсээ ямар ч хүндрэлгүй ажиллаж байгааг хэлж байлаа. 

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг Дижитал өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 63 улсаас сүүлийн хоёр жил дарааллан сүүлээсээ хоёрдугаарт буюу 62-т жагсаж байна. Монгол Улсын үзүүлэлтийг хойш татаж байгаа олон үзүүлэлт байгаагийн нэг нь банк санхүүгийн дижитал үйлчилгээ байгаа юм. Энэ тухай ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат "ХААН Банкны хувьд  Монгол Улсын нийт өрхийн 70-80%-д хүрч ажилладаг. Үүний хүрээнд төлбөр тооцоог аль болох цахим орчинд хийх шийдлүүдийг амжилттай нэвтрүүлсээр байна. Нөгөө талд төр засгийн зүгээс зохицуулалтын шаардлагатай зүйлс бас бий. Тухайлбал, цахим гэрээг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал зөвхөн банкны гэлтгүй бүхий л салбарт тулгарч байгаа асуудал юм" гэв.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Цахим шилжилтийг бий болгох эко орчныг бүрдүүлэх гол хүчин зүйл бол хууль эрх зүй. Бид гурван хуулийн төслийг бэлэн болгоод Засгийн газарт хүргүүлж байна. Үүнд Хувь хүний өгөгдөл хамгаалах, Төрийн цахим харилцааны тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүд бэлэн болсон. Нэмэх нь Тоон гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа" гэж байлаа. 

Монгол Улсыг бүрэн цахим шилжилт хийхийн тулд зургаан жил шаардлагатай байгааг Эстонийн зөвлөхүүд дүгнэсэн байдаг. 

Коронавирусийн цар тахлын нөлөөгөөр цахим шилжилтийг илүү хурдасгах шаардлагатай байгааг судлаачид онцолсоор буй. Үүнд төр засаг болоод хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа, төрийн манлайлал чухал шаардлагатай байгааг нэвтрүүлэгт оролцсон зочид онцолж байлаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.