Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бага зэрэг согтуу үедээ хүн гадаад хэлээр сайн ярьдгийг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэл сурч байгаа зарим хүмүүсийн дунд согтуу үедээ хүн тухайн хэлээрээ сайн ярьдаг гэсэн ойлголт яригддаг. Магадгүй халсан хүн биеэ барихаа больж, чөлөөтэй ярих боломж нээгддэг байх.

Нөгөө талаас согтууруулах ундаа тархины өөрийгөө хянах, мэдрэх үүрэгтэй хэсгүүдийг сулруулснаар хүн өөртөө хэт итгэлтэй болдог байх магадлалтай.

Тэгвэл энэ таамаглалыг батлахын тулд Британи, Нидерландын судлаачид туршилт явуулж, дүгнэснийг энэ долоо хоногийн Journal of Psychopharmacology сэтгүүлд нийтэлжээ.

Туршилтын дүнгээс харвал үнэхээр бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн гадаад хэлээр ярих чадвар нэмэгдэж байсан гэнэ.

Туршилтанд Германы хилд ойрхон оршдог Маастрихтийн их сургуульд дач (нидерландчуудын эх хэл) хэл судалж байгаа Герман үндэстэн 50 хүнийг оролцуулжээ.

Тэдний талд нь ус уулгаж, нөгөө талд нь согтууруулах ундаа уулгажээ. Хүмүүсийн биеийн жингээс хамаарч уух хэмжээг тааруулсан бөгөөд тухайлбал 68 кг-аас доош жинтэйд нь аяга шар айраг өгсөн юм байна.

Үүний дараа тэдэнтэй дач хэлээр чөлөөтэй яриа өрнүүлж, түүнийг нь бичиж авчээ. Мөн шалгуулсан хүмүүсийг өөрөөр нь хэр сайн ярьсныг нь үнэлүүлж, дүгнүүлсэн байна.

Ингэхэд согтсон хүмүүс өөрийгөө үнэлэхдээ эрүүл хүмүүсээс ялгаагүй хэмжээнд үнэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл биеэ хэтрүүлж үнэлэх хандлага ажиглагдаагүй байна.

Харин тэдний ярианы бичлэгийг сонссон хэлний мэргэжилтнүүд согтуу хүмүүсийн ярих чадвар гарцаагүй илүү байгааг үнэлжээ. Ингэхдээ дүгнэсэн мэргэжилтнүүдэд хэн нь согтуу, хэн нь эрүүл байгааг мэдэгдээгүй, нууцалсан юм байна.

Согтуу хүмүүсийн дүрэм, үгийн баялаг, санаа илэрхийлэх чадвар эрүүл хүмүүсийнхээс төдийлөн ялгаагүй байсан ч дуудлага нь хамаагүй илүү цэвэрхэн байгааг тогтоосон байна.

Харин согтуурлын хэмжээг нэмэгдүүлэхэд энэ чадвар нь алдагдаж байгааг туршилт харуулжээ.

 

Эх сурвалж: Time.Com