Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоин одоо Голдмэн Саксаас том боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том крипто мөнгөн тэмдэгт болох биткоины ханш сүүлийн өдрүүдэд анх удаагаа $5,800-ын босгыг давж, одоогоор $5,600-$5,700 орчимд хүрээд байна.

Ингэснээр Биткоины зах зээлийн үнэлгээ $97 тэрбумд ойртож байгаа юм. Хэрвээ биткоин компани байсан бол дэлхийн том компаниудын жагсаалтад хэдийнээ багтсан гэсэн үг. Тооцож үзвэл PwC компанийн гаргасан Топ 100 компанийн жагсаалтын 77 дугаарт биткоин орохоор байна.

Биткоин нь Bayer, Goldman Sachs, UPS, Nike, Mitsubishi зэрэг компаниудаас том болжээ.

Нэг жилийн өмнөхөөс биткоины ханш 480 гаруй хувиар өсөөд байна.

Биткоины үнэ ханш ийнхүү огцом өсөх болсон шалтгаан нь Хятадын засгийн газар өнгөрсөн сард гаргасан биткоины арилжааг нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрээ буцаах болсон тухай ярианаас үүдэлтэй.

Есдүгээр сард Хятадын төв банк мөн ICO (Initial Coin Offering) буюу крипто мөнгөн тэмдэгт шинээр гаргаж, хөрөнгө оруулалт татдаг механизмийг хууль бус гэж зарласан юм.

Хятадын хоригийн дараа Японы иен дэлхийн нийт биткоин арилжааны зах зээлд тэргүүлж, 57 хувийг нь эзлэх болсон. Түүний араас АНУ-ын доллар, Өмнөд Солонгосын вон удаалах болсон юм.

Зарим хөрөнгө оруулагчид биткоины ханшийг ойрын үед $6,500 хүрнэ гэж тооцоолж байна. Мөн тэд томоохон банк Голдмэн Сакс удахгүй биткоины арилжааг эхлэх гэж байгаад баяртай байгаагаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today