Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ливийн парламент Британий эрх баригчдаас уучлал гуйхыг шаардав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Их Британий гадаад хэргийн сайд Борис Жонсоны хэлсэн үг Британи-Ливийн харилцаанд асуудал үүсгээд байна.

Ноён Жонсон энэ долоо хоногт Манчестэрт Консерватив намын хурал дээр үг хэлэхдээ Ливийн Сирт хотыг хөгжихөд цогцоснууд саад болж байгаа, тэднийг зайлуулж чадвал тус хотод хөрөнгө оруулалт нээгдэнэ гэж хэлсэн юм.

“Британий хэсэг бизнесийнхэн далайн эргийн Сирт хотод хөрөнгө оруулахаар сонирхож байгаа. Гаддафи энэ хотын ойролцоо баривчлагдаж, цаазлуулсныг та бүгдийн зарим нь харсан байх. Сирт хот дараагийн Дубай болж хөгжиж сайхан ирээдүй бий. Гэхдээ ингэхийн тулд хамгийн түрүүнд хотоор нэг байгаа цогцоснуудыг зайлуулж, цэвэрлэх хэрэгтэй” гэж Жонсон ярьжээ.

Үүнийг нь Ливийн парламент эсэргүүцэж, Британий засгийн газраас уучлалт гуйхыг шаардсан байна. Тэд Жонсоны үгийг “хүмүүнлэг бус, байж боломгүй” хэмээн эгдүүцэж байгаа аж.

Борис Жонсоны намын зарим гишүүд ч түүнийг хэлсэн хариуцлагагүй үгнийхээ төлөө огцрох ёстой хэмээн шүүмжилж, танхимын сайд нар нь мөн ээлж дараагаар түүнийг шүүмжилсэн мэдэгдэл хийж эхэлсэн байна.

Харин гадаад хэргийн сайд тэдний шүүмжлэлийг няцааж, асуудлыг зориуд улс төржүүлж байна гэж мэдэгджээ. Тэрээр твиттер хуудсандаа “Ливийн нөхцөл байдлыг огт мэдэхгүй хүмүүс улс төрийн тоглолт хийж байгаа нь ичмээр. Үнэндээ Сирт хот Исламын улсын дайчдын цогцсоор дүүрсэн, тэднийг зайлуулах гэхэд тэсрэх бодис, мина саад болж байгаа. Тиймээс Британи улс сэргээн босголтонд нь гол үүрэг гүйцэтгэж, би энэ жил хоёр ч удаа Ливид очиж ажиллаад байна” гэжээ.

2011 онд Муаммар Гаддафиг унасны дараа Сирт хот Ливийн иргэний дайны гол талбар болж, дараа нь Исламын улс бүлэглэлд эзлэгдсэн. Исламистуудаас хотыг чөлөөлөх тулаан энд зургаан сар үргэлжилж, эцэст нь АНУ-ын дэмжлэгтэй Ливийн цэргүүд ялсан юм.

 

Эх сурвалж: Independent