Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Каталон, Курдистаны араас тусгаар тогтнолоо зарлахаар бэлдэж байгаа бүс нутгууд

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэд хоногийн дотор дэлхий даяар хоёр ч тусгаар тогтнолын санал асуулга зохион байгуулагдсан нь есдүгээр сарын 25-нд Курдистанд, аравдугаар сарын 1-нд Каталонд болсон билээ.

Эдгээр санал асуулгуудын дүн тусгаар тогтнох хүсэлд “Тийм” гэсэн хариу өгөөд байгаа. Гэсэн ч тэдний хувь заяа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.

Тэгвэл эдний араас мөн санал асуулга явуулахаар бэлдэж байгаа хэд хэдэн хөдөлгөөн дэлхий даяар өрнөж байгаа юм.

 

Шотланд

2014 онд Шотландчууд Британий Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтнох санал асуулга явуулсан ч олонхын санал авч чадаагүй юм. Гэвч өнгөрсөн онд Британичууд Европын Холбооноос гарах сонголт хийсний дараа байдал өөрчлөгдөж, тэд дахин туурга тусгаарлах талаар бодож эхлээд байна. Шотландын тэргүүн сайд Никола Старжен 2018, 2019 онуудын аль нэгэнд санал асуулгыг дахин явуулахаар бэлдэж байгаа юм. Каталоны санал асуулга Шотландчуудад урам өгсөн тухай Старжен мэдэгдэж байв.

 

Нигерийн Биафра муж

Бүр 1960-аад оны үеэс Нигерийн зүүн өмнөд Биафра мужийн иргэд салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байдаг. 1967 онд Нигерийн эрх баригчид салан тусгаарлагчидтай иргэний дайн хийж байжээ.

Энэ мужид Игбо үндэстэн голлон амьдардаг нь тусгаар тогтнох үндэс болж байгаа юм. Сүүлийн үед хөдөлгөөн дахин сэргэж, засгийн газартай мөргөлдөх нь нэмэгдээд байна. Салан тусгаарлах хөдөлгөөний тэргүүнүүдийн гэрт саяхан Нигерийн цэрэг баривчлах ажиллагаа явуулах үеэр 20 хүн алагдсан тухай Ройтерс мэдээлжээ.

 

Фландер

1830 онд Бельги улс Нидерландаас салж тусгаар тогтносны дараа Франц болон Нидерланд хэлтэн иргэдийн дунд зөрчил бий болсон юм. Тус улсын хойд хэсэгт Нидерланд хүн ам голлон суудаг Фландер муж автономит эрхтэй оршдог. Хэл соёлын ялгаанаас гадна эдийн засгийн хүчин чадлын зөрүү Бельгийг улам хуваагдахад хүргээд байна. Франц хэлтнүүдийн суудаг Бельгийн өмнөд хэсгийн Валлониагийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Европын дунджийн 88 хувьтай тэнцдэг бол Фландерийнх 120 хувийг давдаг ажээ.

 

Камеруны англи хэлтнүүд

Камеруны колоничлолын үеийн ээдрээтэй түүх тус улсын Англи хэлтэн хүн амыг салан тусгаарлах үзэлтэй болгоход хүргэдэг юм.

Аравдугаар сарын 1-нд Камерун улс нэгдсэнийхээ 56 жилийн ойг тэмдэглэсэн. Британий колони байсан өмнөд хэсэг нь Францын колони байсан умард хэсэгтэйгээ энэ өдөр нэгдэж байжээ. Англи, Франц хэлүүд албан ёсны хэлд тооцогддог ч Камерунчууд Африкийн уугуул 24 хэлээр бас харилцдаг.

Нэгдлийн баярын өдөр Англи хэлт хүн ам нь Франц хэлтнүүдийнхээ дарлалыг эсэргүүцэж жагссаны улмаас эрх баригчид гал нээж, 17 хүний амь үрэгдээд байна.

Тэд хэдийгээр санал асуулга төлөвлөөгүй байгаа ч Франц хэлт умардынхнаас салах хүслээ илэрхийлээд байгаа юм.

 

Квебек

Канадын Квебек мужийн туурга тусгаарлах хүсэл нь Британи-Францын газар нутгийн төлөө тулалдаж байсан түүхээс үүдэлтэй. Үүний улмаас Квебек мужид франц хэлтнүүд ялгаран суух болсон юм. 1960-аад оноос эхэлсэн салан тусгаарлах хөдөлгөөн одоо ч идэвхтэй үргэлжилж байгаа.

1980, 1995 онуудад Квебект тусгаар тогтнолын санал асуулга явуулахад хоёуланд нь иргэдийн олонх татгалзсан юм. Гэхдээ салан тусгаарлагчдын үйл ажиллагаа саараагүй, одоо болтол үргэлжилж байна.

 

Баруун Сахар

Морокко улсын Атлантын далайн эрэг дагуух Баруун Сахар нутагт 500,000 хүн оршин суудаг. Олон арван жилийн турш Мороккогийн засгийн газар энэ бүсийг чанга гараар тогтоож байгаа. 1970-аад оны үед эндээс Испаний цэрэг гарсны дараа Polisario Front хэмээх улс төр, цэргийн байгууллага Баруун Сахарыг тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж эхэлсэн юм.

16 жил үргэлжилсэн дайны дараа НҮБ гал зогсоох тохиролцоонд хүргэж, Баруун Сахарт санал асуулга явуулах эрх өгсөн байна. Гэсэн ч тусгаар тогтнолын санал асуулга одоо болтол зохион байгуулагдаагүй.

Мороккогийн эрх баригчид ингэхийг хүчээр хориглож байгаа ба салан тусгаарлах хөдөлгөөнийхөн хөрш Алжирт дүрвээд байгаа юм.

НҮБ санал асуулга явуулах боломжийг бий болгохоор Мороккотой одоог хүртэл хэлэлцсээр байна.

 

Эх сурвалж: Business Insider