Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангиймаа: Улс төрөөс үүдэлтэй сорилтыг давах гарц нь олон улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Бизнесийн салбарынханд том боломж олгодог “Expo Mongolia” олон улсын бага хурал, үзэсгэлэн яармаг эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Монголд тав дахь удаагаа болж буй уг арга хэмжээ энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.


-Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүдэд гэгээ татахтай зэрэгцээд улс төр бужигнаад эхэлсэн. Энэ үед бизнесийнхэн төр засагт найдна гэвэл үлгэр.  Тэд юунд илүү анхаарч, яаж ажиллах ёстой вэ?

-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг уул уурхайн салбарын болон төрийн бодлогоос салгаж ойлгоход хүндрэлтэй л дээ. Эдийн засгаа солонгоруулна гэж их ярьдаг боловч бодлогын түвшинд бодитой ажил хийж үр дүн гаргасан нь төдийлөн анзаарагдахгүй байна. Одоо уул уурхайн түүхий эдийн үнийн уналт, өсөлт, улс төрийн нам доторх тэмцэл гээд үйл явцууд өрнөж байна. Технологийн үсрэнгүй  хөгжлийн ачаар орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцоход саадгүй болсон.

Гэхдээ бизнесийнхний хувьд хамтын ажиллагаа үүсгэхийн тулд нэг дор нүүр тулсан уулзалт хийх шаардлага их байгаа гэж хардаг. Өөрөөр хэлбэл, саяын дурдсан эдийн засаг, улс төрөөс үүдэлтэй сорилтыг давах нэг гарц нь олон улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал. Жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг эдийн засгийн үндэсний чуулганыг бизнесийнхэн анхааралтай ажигладаг шүү дээ.  Гэтэл энэ жил хуралдсангүй.

Харин есдүгээр сард томоохон чуулганууд болсны нэг нь нүүрсний нүүрсний салбарынхны уулзалт байлаа. Ер нь аливаа хурал, чуулганы дараахь үр дүн хамгийн чухал. Тиймээс “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэнгийн хувьд бизнесийн түншээ олох, гэрээ хэлэлцээр байгуулах боломжийг бүрдүүлдгээрээ бусад чуулганаас онцлогтой юм. 

-Та “Expo Mongolia” арга хэмжээний бэлтгэл ажил ямар шатандаа явааг сонирхуулахгүй юу. Өнөө жилийн үзэсгэлэн ямар онцлогтой болох вэ. Урьд жилүүдийнхээс оролцогчдын цар хүрээ хэрхэн тэлсэн бол?

-Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Энэхүү олон улсын үзэсгэлэнд маань бүх салбарынхан багтддагаараа их онцлогтой. Тэр утгаараа ач холбогдол ихтэй гэдгийг манай бизнесийнхэн сайн мэддэг болсон. “Expo Mongolia”-г анх 2012 онд зохион байгуулахад 15 орны 100 шахам компани оролцож байлаа. Арга хэмжээг ирж сонирхсон хүмүүсийн тоо 4,000 давж байв. Энэ үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом өсч, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төв болж байсан шүү дээ. Гэвч төд удалгүй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унасан ч олон улсын үзэсгэлэнгийн маань цар хүрээ хумигдаагүй юм.

“Expo Mongolia” энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д үргэлжилнэ. 

Өнгөрсөн жил гэхэд дэлхийн зах зээлд байр сууриа олсон, нэр хүндтэй 70 орчим байгууллага оролцож, 3,000 гаруй зорилтот үйлчлүүлэгчид ирж, түншлэлийн хүрээгээ өргөжүүлсэн байгаа. Өнөө жилийн тухайд Ази, Европ, дундад Азийг хамарсан олон улсын үзэсгэлэнд оролцогч 100 гаруй компани, бизнесийн байгууллагыг оролцуулахаар ажиллаж байна.

Мөн барилгын компаниудын тоо нэмэгдсэн дүнтэй байгаа. “Aquatherm GmbH”, “Bongianni Macchine”, “EBAWE Anglagentechnik”, “Stiebel Eltron” зэрэг компаниудыг дурдаж болно. Өөр нэг онцлох зүйл нь бид “matchmaking” буюу компаниудыг хооронд нь холбох үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна VIP уулзалт зохион байгуулах юм.

-Энэхүү олон улсын үзэсгэлэнг манай улсад зохион байгуулснаар эдийн засагт ямар бодитой нөлөө үзүүлэх вэ? 

-“Expo Mongolia” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн Газар дэмжлэг үзүүлдэг. ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа Эрчим Хүчний Яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) биднийг жил бүр дэмжин ажилладаг гэдэг утгаараа энэ арга хэмжээний ач холбогдол өндөр.

Манай компани нь ХБНГУ-ын “Мюнхений олон улсын үзэсгэлэнгийн Танхим”, “Дюссэлдорфийн олон улсын үзэсгэлэнгийн танхим”-ын Монгол Улс дах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тухайлбал, “Мюнхений Үзэсгэлэнгийн Танхим”-ийн зохион байгуулдаг “Bauma” бол дэлхийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн. 2016 онд л гэхэд 580,000 хүн зочилсон байх жишээтэй. Энэ бол бүтэн жилийн хугацаанд манай улсыг зорин ирдэг жуулчдын тооноос ч давсан үзүүлэлт. Тус үзэсгэлэнг зорих хүмүүс Мюнхений зочид буудлуудыг дүүргэдэг. Нисэх онгоцны болон орон нутгийн галт тэрэгний тасалбаруудын борлуулалт ч тэр хэрээр  шуурдаг. Энэ бол тухайн эдийн засагт нөлөөлж байгаа хамгийн бодитой жишээ юм.

Бид үзэсгэлэнгээ Европт стандартын дагуу зохион байгуулалт, гүйцэтгэл, тохижилтоо хийж байгаа. “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн нь  цаашдаа дотоодыг чиглэх валютын урсгалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг тийм арга хэмжээ болох үндэс суурийг тавьсан гэж бодож байна. Ер нь энэ үзэсгэлэнгээр манай дотоодын компаниудын захирал, менежерүүдэд их олон боломжийг гаргаж өгч байгаа юм.

-Манай улсад энэ төрлийн  үзэсгэлэн яармаг байнга болдог. Харин “Expo Mongolia” бизнесийнхэнд боломж авчирдаг гэдэг утгаар их хүлээлттэй арга хэмжээ болжээ?

-Тэгэлгүй яахав. Монголын компаниудын тэр болгон очиж танилцаад байж чаддаггүй томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос үзэх, шинэ шинэ технологиос танин мэдэх, тэдгээртэй хамтын ажиллагаа, холбоо тогтоох боломжийг үзэсгэлэнд оролцогчид олж авдаг байгаа. Мөн манай үзэсгэлэн дээр дотоод гадаадын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзан санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжийг олгодог нь бас нэгэн давуу тал гэдгийг хэлмээр байна.

-Танай компанийн толгой болох “Expo Mongolia-21” групп дэлхий дахинд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг тухай танилцуулахгүй юу?

- Германд төвтэй “Expo Mongolia 21” групп бол олон улсад гурван салбартай, 40 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулдаг байгаа. Манай “JV Consult LLC” тус группийн охин компани. Группийн тухайд үзэсгэлэнгийн тохижилт, менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай. ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад  жилдээ 27 үзэсгэлэн зохион байгуулдаг.  Ийм ч учраас олон улсын, тэр дундаа Европын үзэсгэлэнгийн танхимын стандартыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Эдгээр үзэсгэлэнгүүд уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр логистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд гээд олон салбарыг хамарч чаддагаараа цар хүрээ нь өргөн юм. 

-Ер нь яагаад Монголд үзэсгэлэн зохион байгуулахаар болсон юм бол?

-“Expo Mongolia-21” компанийн Ерөнхий захирал Инго Клойвегийн хэлснээр 2011-2012 онд Монголын эдийн засаг 17 хувир нэмэгдэж, уул уурхайн салбарт огцом өсөлт гарсан нь Монголын зах зээлийг анзаарч, сонирхох шалтгаан болсон. Дэлхийн хэмжээний том том компаниуд Монголын зах зээлийг мэддэг байж болох ч олон улсад амжилттай яваа өөр бусад компаниудыг Монголын зах зээлд татах, таниулах, гүүр нь болох хэрэгтэй гэж үзсэн юм.

-Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулдаг олон улсын бага хурлаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-“EXPO MONGOLIA 2017” олон улсын үзэсгэлэн, тогтвортой хөгжлийн бага хуралд ХБНГУ, БНХАУ, Итали, Солонгос, Монголын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байгаа. Зохион байгуулагчийн зүгээс Монгол Улсын төр, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бизнесийн орчныг хөрөнгө оруулагчдад зөвөөр таниулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, талуудыг холбох гүүр болж ажиллахаар зорьж байна.

 

Бид бага хурлын сэдвийг жил бүр сонгон хэлэлцдэг. Урьд жилүүдэд уул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлын хэлэлцэж байсан. Харин энэ удаад “Investment & Innovation” сэдвийн дор хэлэлцүүлгүүд өрнүүлэхээр бэлтгэж байна. Жишээ нь Экспорт, Импортын санхүүжилтийн асуудал, технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж, Монголын банкны салбарын өнөөгийн байдaл, Тос болон хийн салбар дах системийн шийдэл, Үйлдвэрлэлийн салбарыг эрчим хүчээр хангах асуудал гэх мэт сэдвүүдээр оролцочид маань илтгэл хэлэлцүүлнэ. 

-Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.