Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Зорьсноо хийж, хэлсэндээ хүрдэг Ерөнхий сайд байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайдаар дөнгөж сая томилогдсон У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс үг хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно. Зорьсноо хийж хэлсэндээ хүрдэг Ерөнхий сайд байна.

Ард түмнээ өмгөөлдөг авлигалтай хатуу тэмцэхийг хүсч байна. Ард түмэн ууртай байна. Эрх мэдэл өнгө мөнгөний хүчинд мөхөжсөн хууль цааз төр засагт тэд бухимдаж байна.

Монголчууд бид хууль сахиулагчдаас айж амьдрах ёсгүй. Монгол Улсыг хуульгүй мэт үзэж байгаа хүмүүст хуультай гэдгийг мэдрүүлнэ. Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөнд гундах ёсгүй. Төрт ёсны дэг, төрийн албаны мэргэшсэн байдал алдагдлаа. Энэ бүхнийг бид цэгцлэх ёстой. Нэг ёсондоо шударга ёсны цэвэр агаар дутагдаж байна.

Одоо л бид эрс шийдэмгий үйлдэл хийхгүй бол оройтлоо. Энэ цагаас эхлэн Засгийн газрын бүх түвшинд хууль дээдлэх ёсыг хатуу баримтална.

Төрийн алба хариуцлага, ёсзүйд оршдог. Эдгээрийг хийхэд хөрөнгө мөнгө хэрэггүй. Сэтгэл зориг чухал байна. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол ард түмний татвар төлөгчдийн мөнгө.

Ядарсан иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төр байхыг илүүд үзнэ.

Уул уурхайн салбараас гадна эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг нь болсон.

Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай. Хоёр хөршдөө хүнс экспортлох боломж бий. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов өмгөөлөн хамгаалах болно.

Харин та бүхнээс улсдаа төлөх татвараа шударгаар төлөхийг уриалж байна. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж ирсэн олон улсын байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж  эдийн засгийн хүндрэлээс гаргана. Өнгөрсөн хугацааны алдаа эдийн засгийг хүний хөгжлөөс тусад нь авч үзэж байсанд байгаа юм.

Манай Засгийн газар ард түмний Засгийн газар байх болно.

Эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.

Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээсэй.

Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний итгэл алдрахаас айж байна" гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хуулийн хугацаанд Засгийн газрын бүтцээ танилцуулахыг хүссэнээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.